“Үр минь” брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга: Хүүхдүүддээ аз жаргалтай дурсамж үлдээхийг хүсдэг

Анхны хүүхдээ төрүүлээд удаагүй байхдаа шинэ бизнес эхлэх зориг, тэвчээр, тууштай байдал хэр олон эмэгтэйчүүдэд байдаг бол? Санаагаа бодит болгож, бизнесээ өргөжүүлэхийн зэрэгцээ жил дараалсан гурван хүүхэд төрүүлж гэр бүл, ажил аль алиныг нь амжилттай авч яваа түүнийг хараад “Энэ бүгдийг яаж амжуулдаг юм бэ?” гэж өөрийн эрхгүй бодогдов.

Анх бизнесийн гараагаа таван зуун мянган төгрөгөөр эхлэж гурван жил хагасын дотор хоёр тэр бум төгрөгөөр үнэлүүлэх хөрөнгө босгож чадсан хөдөлмөрч, хичээнгүй, гурван хөвгүүдийн ээж, “Үр минь” брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга “Mom Boss” булангийн анхны зочноор уригдлаа.

Ээж болоод таны амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт? 

Зоригтой болсон. Ийм хөөрхөн, бүхэл бүтэн хүн бүтээчихээд өөр би юуг чадахгүй гэж гэсэн итгэл төрсөн. Тэгээд анхны бизнесээ эхлэж бас өөр нэг ажилд орсон. Ажлын ярилцлаганд орохдоо л би өөртөө ямар их итгэлтэй болсноо анзаарсан. 

Хамгийн анх хийж байсан ажил? 

Оюутан байхдаа олон улсын байгууллагын орон нутгийн ой үржүүлгийн газруудад хийсэн гурав хоногийн танилцах аялалд туслах ажилтан хийж байсан. Надаар бараг л юм хийлгээгүй ч би тухайн үедээ авч байгаа цалиндаа санаа зовоод маш санаачлагатай, аль болох бүх юмыг нь хийх гээд гүйж байснаа санадаг юм. Намайг хариуцаж байсан эгч маш тайван хүн байсан.

Анхны ажил болохоор юм уу маш их хичээсэн болохоор бараг үйлдэл бүрээ бичээд л яваад байсан. Ажил дуусаад намайг жижиг тэмдэглэл хөтөлснөө шивээд ир гэхэд нь гурав хоногийн аялалыг 20 хуудас болгож байснаа санадаг юм. Тухайн үед юм дэлгэрэнгүй байхдаа л гоё гэж боддог байсан бол яг бүтэн цагийн ажилд орсныхоо дараа ганцхан хуудсанд 20 хуудсын дайтай мэдээг багтаах нь маш том ур чадвар юм байнаа гэдгийг мэдэж авсан.

Тухайн үед юм дэлгэрэнгүй байхдаа л гоё гэж боддог байсан бол яг бүтэн цагийн ажилд орсныхоо дараа ганцхан хуудсанд 20 хуудсын дайтай мэдээг багтаах нь маш том ур чадвар юм байнаа гэдгийг мэдэж авсан.

Анхны бүтэн цагийн ажил гэвэл Голомт банкны байгууллагын банкны газар юм. Туслах менежерээр ороод бизнес хөгжлийн менежер болтлоо дөрвөн жил ажилласан. Маш сайн захиралтай таарсан учраас аливаа ажлыг хийх сууриа сайн тавьсан гэж боддог. Оюун-эрдэнэ захиралдаа маш их баярлаж явдаг. Ачаалал даах чадвар, хэцүү байсан ч, мэдэхгүй байсан ч юуг ч сурч бас гаршиж болдог гэдгийг Голомтоос мэдэж авсан болохоор ямар ч ажил байсан айх айдас маань багассан байх гэж боддог.

Аз жаргалтай дурсамж, зөвийг дэмжих зориг, ирээдүйдээ итгэх итгэл, сониуч зан, сэтгэлгээний болон сэтгэлийн эрх чөлөө, зөв хүрээлэл гэсэн зүйлсийг л үлдээхийг хүсдэг.

Таны хүүхдүүддээ үлдээх хамгийн том өв? 

Аз жаргалтай дурсамж, зөвийг дэмжих зориг, ирээдүйдээ итгэх итгэл, сониуч зан, сэтгэлгээний болон сэтгэлийн эрх чөлөө, зөв хүрээлэл гэсэн зүйлсийг л үлдээхийг хүсдэг. Хэний ч шахалтаар биш өөрийнхөө хүслээр мэргэжлээ сонгож, хайртай хүнээ сонгож, бусад бүх хүмүүс наадах чинь боломжгүй гэж хэлж байсан  ч боломжийг бүтээхийн төлөө зүтгэдэг сэтгэлгээтэй байгаасай л гэж хүсдэг. Хүүхдүүдээ зөв хандлагатай өсгөчихвөл сонголтонд нь эргэлзэх шаардлагагүй юм байна гэж бодох болсон.

Та юунаас ч айдаггүй байсан бол юу хийх байсан бэ? 

Юунаас ч айдаггүй байсан бол “extreme” спортоор хичээллэх байсан. Дэлхийн хамгийн өндрөөс чөлөөт үсрэлт хийнэ. Бас юунаас ч айдаггүй байсан бол “influencer” болох гэж үзээд алдах байсан. 

Таны ээж, эмээгээсээ авч байсан хамгийн гоё өв? 

Дайчин чанар. Ээж маань маш дайчин бас хурдтай. Хааяа бас тэр зан нь надад байгаа юм байна гэж анзаарагддаг. Ээж бид хоёр хоёулахнаа болохоор миний санахын намайг бага байхад гурван зэрэг ажил хийгээд гүйдэг байсан. Өглөөнөөс орой болтол хичээж ажиллаж байгааг нь харж өссөн болохоор би ч бас тэр зангаас өвлөсөн юм болов уу гэж боддог. 

Юунаас ч айдаггүй байсан бол “extreme” спортоор хичээллэх байсан. Дэлхийн хамгийн өндрөөс чөлөөт үсрэлт хийнэ. Бас юунаас ч айдаггүй байсан бол “influencer” болох гэж үзээд алдах байсан. 

Таны хүүхдээ өсгөдөг хэв маяг? Ази бар ээж үү, Америк эрх чөлөөт ээж үү? Холимог уу? 

Эрх чөлөөт ээж гэж боддог. Хүүхдийн хүслийг мохоохоос их айдаг. Хүүхдийг хүчлээд л хий гэж шахаад хийж чадахгүй бол уурлаад байх вий гэдгээс их айдаг. Хүүхэд өөрөө сонирхож чадвал юуг ч маш хурдан сурдаг. Зааж байгаа зүйлийг сурахгүй байвал би л хөгжилтэйгөөр, ойлгомжтойгоор, сонирхолтойгоор зааж чадахгүй байна даа гэж бодоод түр орхичихдог. Хэсэг байж байгаад арай өөрөөр бас үзээд алддаг. Хүүхдүүд маш ухаантай. Гол нь тэднийг ямар нэг хайрцганд хийхгүй байх ухаан дутахвий л гэж айдаг. 

Блиц асуулт, хариулт

Сэтгэл оюунаа эрүүл байлгахад юу хамгийн чухал вэ? 

Зөвхөн өөртөө зарцуулах цаг “me time” чухал санагддаг. Тэр цагтаа өөртөө зөвшөөрөх, зөвшөөрөхгүй хил хязгаараа тогтооно. Тэр цагтаа мөрөөдөлдөө дөл нэмнэ. Би кофенд маш дуртай, донтогч. Гэхдээ жирэмсэн болсноо мэдмэгцээ төрөөд 3 сар хүртэл нь сардаа 1-2 аяга хүртэл бууруулж чаддаг. Хүнд дуртай, донтсон зүйл байж болох ч амьдралд хэрэгтэй зүйлийнхээ эрэмбийг мэддэг байх, түүнийхээ төлөө махан биеэ давж тэвчиж чаддаг байх хэрэгтэй гэж боддог.

Тийм болохоор архи уудаг, залхуу, хохирогчийн дүртэй, юунд ч байсан сөрөг хандлага гаргаад байдаг хүмүүст дургүй. Зарим хүмүүсийн хажууд очихоор би хөдөлмөрлөөд байгаа нь буруу юм шиг сэтгэгдэл төрүүлээд байдаг. Тиймээс тийм хүмүүсээс хол байх гэж хичээдэг. Энэ нэг талаараа буруу боловч одоогийн миний сэтгэл, оюуны байдалд хамгийн зөв хамгаалалт болдог. 

Таны баатар хэн бэ? 

Мэдээж ээж маань, дараа нь хөвгүүд маань бас хань минь. Хөвгүүд маань өдөр бүр надад шинэ зүйлийг зааж байдаг. Маш их сэтгэлийн хатыг тэд маань надад өгдөг. Ханийнхаа дэргэд байхаар зүгээр л сайхан тайван байдаг. Хэзээ ч намайг орхихгүй хүн байгааг мэдрэх сайхан байдаг. Аавгүй өссөн учир эрэгтэй хүнд итгэж чаддаггүй муу зантай байсан. Аз болж ханьтайгаа учирсан.

Гэр бүлийн бус хүн гэвэл Nick Vujicic гээд илтгэгч байдаг. Энэ залуу төрөлхийн дөрвөн мөчгүй төрсөн. Гэхдээ одоо дэлхийд маш алдартай урам зоригийг илтгэгч хүн. Тэр хүний хувьд бидний хийдэг зүгээр л хэвтээд босох гэдэг үйлдэл маш хэцүү үйлдэл. Тэр залуу тасралтгүй хичээсээр энгийн хүний ч хийж чадахгүй маш олон зүйлсийг хийж чаддаг болсон байдаг. Нэг л асуудал гарч ирээд чадамгүй байгаад байвал тэр залууг бодохоор чадах ёстой гэж бодогддог. 

Гэр бүл, Ажил энэ хоёр төслийн аль нь илүү чухал вэ? Аль нь хэцүү вэ? 

Гэр бүл чухал, бас гэр бүл хэцүү. Хүмүүжил гэдэг үг маш том хариуцлага санагддаг. Нөгөө талдаа бас маш том дарамт мэдрүүлдэг сэдэв. Бидний үеийнхэн бага насны их олон трауматай хүмүүс байдаг шиг санагддаг. Тэр траумагаа өөрсдөө ч мэдэлгүй хүүхдүүддээ өвлүүлж байдаг юм шиг ажиглагдсан. Сэтгэлзүйн хувьд эрүүл хүүхэд өсгөхийн тулд өөрийгөө илүү хүмүүжүүлэх шаардлага тулгарч байгаа. Ажил дээр бол онол, практик гээд олон хүнээс суралцаад явж байгаа. Хичээлийг нь заалгаад тэрийг ажил дээрээ буулгах тал дээр би өөрийгөө тууштай байж чаддаг гэж боддог.

Бидний үеийнхэн бага насны их олон трауматай хүмүүс байдаг шиг санагддаг. Тэр траумагаа өөрсдөө ч мэдэлгүй хүүхдүүддээ өвлүүлж байдаг юм шиг ажиглагдсан. Сэтгэлзүйн хувьд эрүүл хүүхэд өсгөхийн тулд өөрийгөө илүү хүмүүжүүлэх шаардлага тулгарч байгаа. Ажил дээр бол онол, практик гээд олон хүнээс суралцаад явж байгаа.

Гэтэл хүүхэд хүмүүжүүлэх яг ийм зам байгаа гэсэн гарын авлага байдаггүй. Хүүхэд бүр өөр өөрийн ертөнцтэй байдаг болохоор түүнд нь тохируулж харилцах, ярилцах, үлгэрлэх, урам зориг өгөх, тайтгаруулах, тоглох шаардлага үүснэ. Гэтэл надад нэг биш гурав байгаад байдаг. Ажил ч бас багагүй байдаг. Хажуугаар нь өөрийгөө хөгжүүлэх ёстой болоод байдаг…тэгж байж хөвгүүддээ зөв үлгэрлэл үзүүлж бас чадна. Өөрийн бодсон шиг хангалттай цагийг хөвгүүддээ гаргаж чадахгүй байгаа нь жаахан сэтгэл зовоодог. Гэхдээ нөгөө талаар тэд минь хоорондоо ханиндаа болохоор бие биенийгээ өөрсдөө бүтээгээд л явж байгааг харах бас бага ч гэсэн тайвшруулдаг. 

Амьдралын тань хамгийн том эргэлтийн цэг? 

Шарк Танк нэвтрүүлэгт орсон маань миний амьдралын хамгийн том эргэлтийн цэг байсан. Нэвтрүүлэгч орсноор миний амьдрал орвонгоороо эргэсэн. Маш хурдан бизнесийн өсөлт ирсэн, надад 100 хувь итгэсэн хөрөнгө оруулагчидтай болсон. Маш олон сайн зүйлсийг надад авчирсан учир нэвтрүүлгийн хамт олонд маш их баярладаг. 

Таны хувьд гэр бүлдээ гаргадаг чанартай цаг гэж юу вэ? 

Хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх, өөр юу ч бодохгүй яг тухайн үеэ мэдэрч хүссэн зүйлсээ стрессгүйгээр хийхийг чанартай цаг гэж боддог. Амралтын өдрүүдээр нөхөр бид 2 аль болох хөвгүүдээ гэрээс гаргаж өөр орчинд оруулахыг хүсдэг. Долоо хоногийн таван өдөр гэрт байхад хэнд ч уйтгартай, уцаартай санагдах нь ойлгомжтой. Би ч өөрөө таван өдөр ачаалал ихтэй ажиллачихаад амралтын хоёр өдрөө бүтэн гэрийн ажилтай зууралдаж ядрахыг хүсдэггүй. Тиймээс гэр бүлээрээ гоё газар хооллох, зугаалах дуртай.

Гэр бүлийн бүх гишүүд зөвхөн тухайн мөчдөө хамтдаа зугаатай байх мөчийг л бүтээхийг хичээдэг. Тэрнээс ээж нь хоолоо хийгээд, үргэлжлээд аяга таваг, гэр орны ажил гэвэл хэзээ ч дуусахгүй, хүүхэддээ цаг гаргаж амжилгүй ажлын өдрүүд эхэлчихнэ. Эцсийн дүндээ хөвгүүд минь том болоод манай аав, ээж их завгүй байсан гэдэг дурсамжтай үлдээсэй гэж хүсдэггүй. “Аав, ээж маань их инээмсэглэдэг байж билээ, намайг сонсдог байсан бас бид хамтдаа олон адал явдал туулж хөгжилтэй, хөгтэй, аюултай, сургамжтай гэхдээ одоо бодоход бүгдэд аз жаргал мэдрүүлэх тэр дурсамжуудыг үлдээж чадсан. Тэр адал явдлуудын ачаар би өөрийгөө юунд дуртай, юунд дургүйг мэдэж чадсан мөн тэдгээр дурсамжуудын ачаар одоо би илүү өөртөө итгэлтэй байдаг.

Хэзээ ч гадны нөлөөллөөс болж өөрийн зөв гэж бодсон зүйл дээр дуугүй өнгөрөхгүй зоригтой болсон. Өөрийн зорилгын төлөө тэмцэх итгэлийг ээж, аав маань надад өвлүүлсэн” гэж хэлээсэй гэж хүсдэг.  Ажлын өдрүүдэд бол оройдоо нэг ном унших, өдөр юу хийснийг нь асууж ярилцах гэж хичээдэг. Бүх мэдрэмжийг нь сонсож, шоолохгүйгээр, ямар нэг сөрөг коммент хэлэхгүйгээр дэмжиж ярилцахыг хичээдэг. 

Таны өөрийгөө эрхлүүлдэг арга? 

Кофе уух, гоё орчинд чанартай хооллох, хөвгүүдтэйгээ гадуур зугаалах, тухтай ном уншиж суух. Сурахыг хүссэн зүйлдээ цагаа зарцуулаад суралцах, буруу хүмүүстэй уулзахгүй байх эсрэгээрээ эрч хүчтэй хүмүүстэй уулзаж өөрийгөө цэнэглэх. Хүн өөрөө хүчтэй байж бусдад тусалж чадна гэж боддог. Хүн өөрийгөө хайрлаж байж мөн бусдыг хаалтгүй хайрлаж, чин үнэнчээр тэвэрч чадна гэж боддог. Тэгэхээр бүх юмны эхлэл нь өөрөө байх учраас өөрийн хүсэл мөрөөдлийг алдахгүй, ойр, ойрхон сануулж байх гэж хичээдэг дээ.

Би өөртөө мөрөөдөхийг түүнийхээ хойноос ажиллаж амжилт гаргахыг зөвшөөрөхгүй бол миний хөвгүүд өөртөө амжилтыг зөвшөөрч чадахгүй. Би өөртөө сайныг зориулж чадахгүй бол миний хөвгүүд ч бас чадахгүй гэж боддог. Тиймээс хөвгүүдээ ирээдүйд өөртөө хүртэж болох бүхнийгээ зөвшөөрч,  эдэлж чаддаг байлгахын тулд би өөрийгөө сайн эрхлүүлэх хэрэгтэй л гэж боддог доо. 

Энэ дэлхий дээрх хамгийн дуртай газар чинь хаана вэ?

Ууланд алхах их дуртай. Би 10 жилээсээ л спорт гэхээр шатар л гэдэг хүүхэд байсан. Сагс, волейбол байтугай гүйж, үсэрч, харайдаг ч үгүй ноомой бас биеийн тамираа их тасалдаг хүүхэд байсан. Гэхдээ би багаасаа ээжтэйгээ судалгааны ажилд нь хамт явдаг байсан. Тэр утгаараа сайн алхаж чаддаг.

Хожим ажилд ороод явган аялалд явсаар явган аялалын гуравдугаар зэрэгтэй болсон. Спортод нойлын ногоон тэг гэж боддог байсан би өөрийгөө ууланд алхах дуртайгаа тэр үед нээсэн. Тухайн үед ажилд явахынхаа өмнө гэрийнхээ ард байдаг соёмботой ууланд гарч хотоо бүхэлд нь нэг харчихаад буудаг байсан. Байгальд ялангуяа ууланд алхахад бүх зүйл толгойноос гарч эрч хүч сэлбэгдэх шиг болдог. 

Өөрийгөө “Mom Boss” гэж мэдэрч байсан үе?

“Үр минь” брэндийн үйл ажиллагаанаас гадна Гоолингоо Ментор клубт бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүдэд зориулсан менторын сургалтыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулсан юм. Тэр үед бага хүү маань дөрвөн сартай байлаа. Өглөө эрт хүүхдүүдээ сэрэхээс өмнө зургаан цагт сургалтаа хийнэ. Нэг өглөө хүү маань сэрээд яалт ч үгүй камерын өмнө хүүхдээ хөхүүлээд хичээлээ үргэлжлүүлэх хэрэг гарсан.

Тэр үедээ санаа зовж байсан ч тухайн сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүд, ээжүүд намайг хараад маш их урам зориг авсан гэж хэлж байсан. Тэр сургалтанд нийт 500 эмэгтэйчүүд хамрагдаж үүнээс одоогийн байдлаар долоон шинэ бизнес төрөн гарсан. Тухайн үед бусад эмэгтэйчүүд намайг хараад урам зоригтой болсон гэх үед надад сайхан санагдаж байсан. Тэгэхээр тэр мөчид л үнэхээр би “Mom boss” гэсэн мэдрэмж авч байсан.

3 Comments

  • Avatar
    Posted 9 сар 23, 2021 5:37 am 0Likes
    Нийтэлсэн: admin

    Сайн байна уу

  • Avatar
    Posted 9 сар 28, 2021 11:28 am 0Likes
    Нийтэлсэн: Зочин

    Huchirheg daichin emegtei yumaaa. Amjilt husie.

  • Avatar
    Posted 9 сар 29, 2021 5:55 am 0Likes
    Нийтэлсэн: Jennie

    wow zunduu ih uram avlaa

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022