Жирэмсэн болон төрсний дараах сэтгэл гутралыг даван туулах 10 арга

2017 онд хийсэн судалгаагаар 2-3 ээж тутмын нэг нь жирэмсний болон төрсний дараах сэтгэл гутралд ордог гэсэн үр дүн гарчээ. Жирэмсний үеийн сэтгэл гутралын гол шалтгаан нь хүний бие дэх сэтгэл санааг зохицуулж байдаг даавар өөрчлөгддөгтэй холбоотой. Мөн жирэмсэн болсноор эмэгтэйчүүдийн өмнөх амьдралын хэв маяг өөрчлөгдөж илүү хариуцлагатай болох нөхцлийг шаардаж байдаг. Мөн бие физиологийн хувьд жин нэмэх, батгаших гэх мэт өөрчлөлтүүд бий болж улмаар сэтгэл гутралд орох нөхцөл бүрддэг байна. Иймд та жирэмсний болон төрсний дараах сэтгэл гутралаас сэргийлж дараах зөвлөгөөг уншаарай.

  1. Бусадтай дотоод сэтгэл мэдрэмжээ хуваалцах

Энэ нь сэтгэл гутралаас сэргийлэх хамгийн сайн арга. Нөхөр, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ ярилцаж, өөрт төрж буй мэдрэмж, сэтгэл хөдлөлөө хуваалцаарай. 

2.  Шинэ хобби, стресс тайлах аргатай болох.

Зарим хүмүүс би ном унших, дасгал хийх дуртай гэдэг боловч тэдгээрийг байнга хийсээр байгаад нөлөө үзүүлэхгүй болох тохиолдол байдаг. Тиймээс цоо шинэ стресс тайлах аргатай болохыг зөвлөж байна.

3.  Дасгал хөдөлгөөн хийх.

Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон арга. Өөрийн биеийн нөхцөл байдалдаа тохирсон дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвшсэнээр таны сэтгэл санаа өөдрөг болно. Хичнээн завгүй байсан ч өдөрт хамгийн багадаа 30 минутыг өөртөө зарцуулахыг дадал болго.

4.  Жирэмсэн болон төрсний дараа ээжүүдийн бүлгэмд нэгдэх.

Жишээ нь Hello Baby ээжүүдийн групп. Орчин үед нийгмийн сүлжээгээр дамжуулан ээжүүд хоорондоо бүлгэм болон нэгдэж адил асуудлаа хэлэлцэх нь түгээмэл болсон. “Би ганцаараа биш, надтай адил олон хүмүүс байгаа гэдэг мэдрэмж” хүний сэтгэл санааг өргөдөг байна.

5.  Сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэх.

Жирэмсэн болсон цагаасаа эхлэн өөрийн биед болон сэтгэл санааны хувьд гарах өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч, өөрчлөлтөнд бэлтгэлтэй бай. Ингэснээр сэтгэл гутралд өртөхгүй байх, өртсөн ч сөрөг бодлуудад гүнзгий автахгүй байх сайн талтай.

6.  Дуртай зүйлээ хийж өөрийгөө хайрлах.

Эмэгтэй хүн өөрийгөө мартаж эхэлсэн цагаас эхлэн сэтгэл гутралд орж эхэлдэг. Тиймээс өөрийгөө хайрлаж, сэтгэл санааг өөдрөг болгох дуртай зүйлээ хийх нь эерэг нөлөөтэй.  

7.  Тэмдэглэл хөтлөх.

Хэрэв ярилцах хүн надад байхгүй гэж бодож байвал тэмдэглэл хөтлөх нь өөрөө өөрийгөө ойлгоход хамгийн сайн туслах болно.

8. Хүлээн зөвшөөрөх. 

Жирэмслэлт, төрөлт гэдэг бол өвдөлт, баяр жаргал хосолсон жам ёсны асуудал гэдгийг ойлгож хүлээж авах.

9Мөн эдгээрээс гадна нөхөр, гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсийн анхаарал чухал нөлөөтэй.

Жишээ нь ажил олгогч нар бие давхар ажилтандаа ажлын уян хатан цаг санал болгох. Нөхрүүд аль болох хүлээцтэй байж эхнэрээ ойлгож, сонсохыг хичээх гэх мэт. Жирэмсний хугацаа дандаа үргэлжлэхгүй гэдгийг хэн хэн нь ойлгож хүлээж аваарай.

10.  Хэрэв дээрх зөвлөгөөнүүд үр дүн өгөхгүй бол та мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

Монгол орны 21 аймаг, 9 дүүрэгт сэтгэцийн эмч, зөвлөхүүд ажиллаж байна. Мөн СЭМҮТ-д хандах боломжтой. Хэрэв биечлэн уулзах боломжгүй бол 1800-2000 дугаарт залгаж мэргэжлийн сэтгэл зүйн эмчийн зөвлөгөөг авах боломжтой.

(Т.Мандхай эмчийн зөвлөгөөнөөс бэлтгэв.) 

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022