Анх аав болоход ямар байдаг вэ?

Намайг Чинзориг гэдэг 34 настай. 2016 онд аав хэмээх эрхэм хэрнээ хариуцлагатай алдрыг авч байлаа. Эхнэр маань ид зуны халуунд жирэмсний сүүлийн саруудаа өнгөрөөсөн болохоор их хавагнаж төрсөн. Одоо бодоход нэг л бөв бөөрөнхий хүн л яваад байсан санагддаг юм. Гэхдээ тэр нь их эгдүүтэй харагдана. Миний хүүхдийг тээж буй бие махбод гэж бодохоор цаанаасаа л хайр хүрмээр. Охин төрлөө гэсэн баярт мэдээг анх сонсоод эхнэрийн маань бие сайн байгаадаа гэсэн бодол хамгийн түрүүнд  бодогдсон. Өвдөлт хэр байсан бол, хэзээ тэнхрэх бол гээд л олон зүйл толгойд эргэлдэж байсан. Удалгүй эхнэр өөрөө надруу залгав. Шинэхэн аав болсон би баярт мэдээг эхнэрээсээ дахиад сонсонгоо эх хүүхэд хоёул эрүүл саруул байгаад баярлан сая нэг сэтгэл амарч билээ. 

Охин төрлөө гэсэн баярт мэдээг анх сонсоод эхнэрийн маань бие сайн байгаадаа гэсэн бодол хамгийн түрүүнд  бодогдсон.

Шөл хийгээд эмнэлэг рүү оруулж өгсөний дараа л ямар царайтай ямар хүүхэд байгаа бол, нээрээ би ингээд нэгэн шинэ хүн бүтээчихэж байгаа юм байхдаа гэсэн бодол, догдлол зэрэг төрж хурдхан шиг эмнэлэг рүү ороод хүүхдийнхээ царайг харж, гар хөлийг нь барьж, үнэрлэж үзэхийг хүсэв. Азаар эхнэр минь бие сайтай тул элдэв хүндрэлгүй төрж хурдан тэнхэрсэн санагдаж байна. 

Охиноо эмнэлгийн эргэлтийн цонхоор анх удаа хараад, үнэрлэв. Гэтэл нэг тийм сонин загас ч юм шиг түрс ч юм шиг үнэр үнэртэхэд нэг л эвгүй санагдаж билээ. Хамгийн инээдтэй нь эхнэр маань “хөөрхөн байна уу” гэж асуухад нь би бодох юмгүй “шууд л ямар сонин үнэртэй юм бэ” гээд хэлчихсэн. Бүх л бүтэн тийм хөөрхөн үр зулзага төрүүлж өгчихөөд байхад, анх удаа хүүхдээ үнэрлээд тэгж хэлсэн хүн надаас өөр байхгүй байх аа. Сүүлд эхнэрээс асуухад загасан тос түрхсэн байсан гэсэн. Тэгээд тэгж хэлсэнд гомдсон гэсэн ккк.  Эрчүүд бид чинь заримдаа юу ч бодохгүй хамаагүй үг хэлчихдэг талтай. Тиймээс эхнэрээ төрсний дараа элдэв буруу үг хэлж уурлуулж гомдоомооргүй юм билээ шүү. 

Хамгийн инээдтэй нь эхнэр маань “хөөрхөн байна уу” гэж асуухад нь би бодох юмгүй “шууд л ямар сонин үнэртэй юм бэ” гээд хэлчихсэн.

Хоол цай, ойр зуурын юм нааш цааш дөхүүлж явсаар эх хүүхэд хоёр эмнэлэгт байсан өдрүүд нүд ирмэх зуур өнгөрч тэр хоёр маань гэртээ ирлээ. Гэртээ ирсэний дараа хүүхдийн бас хөхний сүүний нэг тийм зөөлөн үнэр гэр дүүрэн үнэртэнэ. Тэр үнэр ҮНЭХЭЭР САЙХАН…Тэгээд оргүй хоосноос ингээд бүхэл бүтэн хүүхэд бүрэлдээд, бойжоод, бий болоод, ам бүл нэмээд, миний бяцхан үр орон дээр унтаж байна гэдэг үнэхээр гайхалтай юм аа гэж үе үе бодогдоно. 

Шинэхэн аав болсон миний хувьд өмнө нь гэртээ байгаа ганц л хүн рүү яардаг байсан бол энэ мэдрэмж хоёр дахин нэмэгдсэн. Хүүхдээ хурдан харах юмсан, эртхэн харьж эхнэртээ туслах юмсан гэсэн бодол “турбо” хөдөлгүүр шиг дотроос цохино. Аав болсон олон сайхан мэдрэмжүүдээс хамгийн гайхалтай нь ажил дээрээ компьютерын ард ганцаараа сууж байгаад ямарч шалтгаангүй инээх… Шалтгаангүй ч гэждээ хүүхдийхээ царай, үйл хөдлөл зэргийг гэнэт дотроо төсөөлөн бодож инээдэг хэрэг л дээ. Одоо охин минь юу хийж, ярьж, ямар хэрэг түйвээж байгаа бол доо гэж бодохоор хурдхан гэр лүүгээ яаран очмоор санагддаг. 

Шинэхэн аав болсон миний хувьд өмнө нь гэртээ байгаа ганц л хүн рүү яардаг байсан бол энэ мэдрэмж хоёр дахин нэмэгдсэн. Хүүхдээ хурдан харах юмсан, эртхэн харьж эхнэртээ туслах юмсан гэсэн бодол “турбо” хөдөлгүүр шиг дотроос цохино.

Хүүхэдтэй болсны дараах амьдрал, цаг хугацаа маш хурдан өнгөрдөг.  Учир нь аз жаргал, зорилго хоёр нэгэн шугаманд зэрэгцэн бат зогссоных байх. Амьдрал нэг их гоё утга учиртай, илүү зорилготой болсон мэт санагддаг. Тэр хэрээрээ ч гэр бүлийнхээ төлөө өдөр бүр хичээсээр аав болсноос хойш нэг л мэдэхэд таван жил өнгөрчээ. Эргээд бодоход энэ хугацаа надад таван сар өнгөрсөн мэт л санагдаж байна. Саяхан охин минь ихэр дүүтэй болоод гэр бүлд минь бас нэгэн аз жаргал нэмэгдсэн. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр аавын үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж, цаг хугацаа  ч маш хурдан урсан одож байгаа мэт санагдаж байна. Хүүхдүүд минь дандаа одоогийнх шигээ балчир байхгүй учир тэднийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлахаас гадна аль болох гэр бүлдээ их цаг гаргаж, хамтдаа өнгөрүүлэхийг хичээдэг дээ. 

Хүүхэд минь өсөж том болохын хэрээр би өөрөө улам “том болж” байгаа мэт мэдрэгддэг.

Хүүхдийн бүх үйл хөдлөл, хариу үйл, хэлж буй үг яриа зүгээр л байгаагаараа хайр мэдрүүлдэг. Хүүхдүүдээ сэтгэлдээ бодох төдийд л захгүй хайрлах мэдрэмжээр бие минь бүтэн дүүрэх шиг санагддаг. Хүүхэд минь өсөж том болохын хэрээр би өөрөө улам “том болж” байгаа мэт мэдрэгддэг. Хамгийн гол нь хүүхдээ хүнийг хайрладаг, нинжин сэтгэлтэй ХҮН болгож өсгөхийн тулд л өөрөө хамгийн сайн үлгэр нь байхыг хичээдэг. 

2 Comments

  • Avatar
    Posted 9 сар 29, 2021 5:59 am 0Likes
    Нийтэлсэн: jennie

    huurhun ym be

  • Avatar
    Posted 9 сар 30, 2021 2:47 pm 0Likes
    Нийтэлсэн: Энхцэцэг

    Мундаг аав. Сайн хүнтэй учирсан байна. Хөөрхөн дүү минь🤗

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022