Нярай хүүхдэд зайлшгүй шаардлагатай зүйлс

Хүүхэддээ төрсний дараа янз бүрийн зүйлс худалдаж аваад эргээд харахад хэрэглэхгүй эсвэл хэрэгцээнд нийцэхгүй зүйл олон байдаг. Тиймээс хүүхэд төрсний дараа хэрэглэх зайлшгүй шаардлагатай дараах зүйлсийг зөвлөж байна. 

  1. Өлгийний даавуу 

Зузаан нимгэн өлгий бол мэдээж нярай хүүхдэд чухал хэрэгтэй. Хэдийгээр сүүлийн үед хүүхдийг өлгийдөхөөс илүү шууд хувцаслахыг эмч нар зөвлөж байгаа ч зузаан нимгэн өлгийний даавуу хэд хэдийг авчихсан байхад илүүдэхгүй. Мөн хүүхдээ үргэлж өлгийдөхгүй учраас олныг авах шаардлагагүй. Тухайн улирлаас хамаараад зузаан, нимгэн өлгий сонгож аваарай. 

  1. Нярайн хувцас 

Мэдээж хүүхдийн тань арьсанд харшил өгөхөөргүй цэвэр даавуун материалтай ханцуйтай болон ханцуйгүй боди хэрэг болно. Мөн улирлаас хамааран нимгэн, зузаан өмд, цамц, оймс, малгай, гадуур гарахдаа өмсөх комбинезон зэрэг эхний ээлжинд аваарай. 

  1. Хүүхдийн цүнх 

Цүнх бол хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг. Ийш тийшээ явахад цүнхэндээ хүүхдийнхээ хэрэгцээт зүйлсийг эмх цэгцтэй хийгээд явахад тохиромжтойг бодолцож сонгоорой. 

  1. Хүүхдийн тэрэг

Хүүхдийн тэрэг том жижиг дугуйтай, хүнд хөнгөн гээд янз бүм байдаг учир тухайн амьдарч буй газар, орчин нөхцөл, улирлаас хамаараад өөрт тохирохыг сонгоорой. Жишээ нь танай гэрийн ойр орчимд явган хүний зам муутай бол том дугуйтай, хүүхдэд доргилт өгөхгүй тэрэг сонгох гэх мэт. 

  1. Хүүхдийн банн, алчуур 

Нярай хүүхдийг эмнэлгээс өдөр бүр усанд оруулж усаар чийрэгжүүлэхийг зөвлөдөг. Тиймээс хүүхдийн зориулалтын банн болон алчуур хэрэг болно. Гэхдээ хэт жижиг банн авах хэрэггүй. Учир нь хүүхэд дорхноо том болдог учир дунд зэрэг эсвэл том хэмжээтэйг сонгоорой. 

  1. Нярайн арьс арчилгааны бүтээгдэхүүн

Үүнд нярайн зориулалтын шампунь, шингэн саван болон биеийн тос, нуралтаас сэргийлэх цацлага мөн цайртай тос хэрэглэхийг зөвлөж байна. Нярай хүүхдийн арьс амархан нурж, улайлт өгдөг тул үүний эсрэг зориулалтын бүтээгдэхүүн заавал хэрэглээрэй. Мөн хүүхдээ тосолж, иллэг хийхэд шингэн бүтэцтэй тосон түрхлэг илүү тохиромжтой байдаг. 

  1. Хүүхдийн ор 

Нярай хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн тусдаа зориулалтын орон дээр унтаж сургаарай. Ядарч, сульдсан ээж хүүхэдтэйгээ хамт унтаж байгаад өөрийн мэдэлгүй хөхөөрөө дарах эрсдэл өндөр байдаг тул анхнаас нь хүүхдээ тусад нь унтуулж сургахыг зөвлөж байна. Ингэснээр ээж болон хүүхэд аль аль нь шөнө тухтай тайван унтаж амардаг.

  1. Угж

Ээжийн бие бүрэн тэнхэрч амжаагүй үед нэмэлт сүү өгөх мөн төрсний дараа сааж хадгалсан сүүгээ хүүхэддээ өгөхөд угж хэрэг болно. Иймд нярайн зориулалтын угж бэлдчихсэн байхад хэзээд хэрэг болно. Хүүхдийг хөхөөр хооллох нь юугаар ч орлуулашгүй боловч зайлшгүй шаардлагаар нэмэлт сүүгээр хооллож байгаа бол угж ариутгагч, цэвэрлэгч сойз зэргээс өөрийнхөө сонголтонд тохируулан хэрэглээрэй. 

  1. Хүүхдийн живх 

Живх бол хүүхдийн өдөр тутамдаа хэрэглэх хамгийн чухал хэрэглэгдэхүүн. Нярай хүүхдийн живхийг биеийн жинг нь харгалзан сонгохоос гадна арьсанд харшил өгөхөөргүй, хөвөн зөөлөн материалтайгаас сонголтоо хийгээрэй.

  1. Машины суудал 

Хүүхдийг машинд тээвэрлэхдээ аюулгүй байдлыг харгалзан зориулалтын суудалд суулгаж хэвшүүлээрэй. Иймд нярай хүүхдийн зориулалтын машины суудал зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг мөн. Хүүхдэд хэн нэгэнд тэврүүлж явахаас илүү зориулалтын суудалд сууж явах нь илүү тухтай байдаг. Тиймээс анхнаас нь машины суудалд суулгаж сургавал танд болон хүүхдэд илүү амар байх болно. 

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022