Хүүхдийн тархины хөгжлийг дэмжих 5 арга

Дараах энгийн аргууд нь таны хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжиж, маш хурдацтай хөгжиж буй тархины үйл ажиллагааг дэмжиж өгнө. Хүүхдийн амьдралын эхний нэг жил эцэг эхээс шууд хамааралтай байдаг. Тиймээс бяцхан үрсүүдтэйгээ хамт дараах хялбар хэрнээ үр дүнтэй аргуудыг өдөр тутамд хэрэгжүүлж, хүүхэд тань өдрөөс өдөрт хэрхэн хариу үйлдэл өгч байгааг ажиглаарай. 

Гэдсээр  нь хэвтүүлэх

Гэдсээр хэвтүүлэх нь таны хүүхдийн зогсох, мөлхөх, алхах эхний бэлтгэл болдог бөгөөд энэ нь хүүхдийн хэвлийн босоо булчин, биеийн урд хэсгийг хөгжүүлэхээс гадна хүүхэд аливааг өөр өнцөгөөс харах боломжийг бүрдүүлдэг. Хэрэв хүүхэд тань шалан дээр хэвтэхдээ тухгүй байвал эхэн үедээ цээжин дээрээ хэвтүүлж дасгаарай. Ингэхдээ хүүхэд сэргэлэн цовоо байх үеийг сонгох хэрэгтэй. Ядарч, нойрмоглосон үедээ хүүхэд гэдсээрээ хэвтэх дургүй байдаг. Хүүхдийг шалан дээр хэвтүүлэхдээ зориулалтын дэвсгэр гудас дэвсэхээс гадна сонирхлыг нь татах тод өнгөтэй, аюулгүй тоглоомуудыг гарт нь ойр байхаар байрлуулаарай. Хүүхэд тань төрсөн цагаасаа эхэлж гэдсээрээ хэвтэж чадна. Доош харуулах байрлалаар хэвтүүлэх хугацааг өдөр өдрөөр уртасгаарай. Ингэснээр хүүхэд тань нэг нас хүрэх үедээ 20 хүртэлх минут бие даан “тоглох” чадвартай болно. 

Номтой танилцуулах

Ном уншиж өгсөнөөр та хүүхдийнхээ хэл ярианы хөгжлийг дэмжихэд онцгой нөлөө үзүүлнэ. Энэ нь бяцхан үрийг тань шинэ үг, хэлний авиатай танилцах боломжийг олгоно. Жишээ нь “Машин явж байна. Дийд дийд…” гэх мэтээр дуу авиа гаргаж унших номыг сонгох хэрэгтэй. Ингэснээр тэд ямар ямар зүйлс хэрхэн дуу чимээ гаргадгийг мэдэж авах болно. Тод өнгөтэй, янз бүрийн хэлбэр дүрстэй хатуу хавтан ном болон даавуун ном 6-12 сартай хүүхдэд тохиромжтой.

Аль болох их ярилц

Хүүхэд илүү их үг сонсох тусмаа дуу авиа хэрхэн гаргадгийг хурдан сурах болно. Хүүхэд бүхнийг чихээрээ сонсож, суралцаж байдаг. Хүүхэдтэйгээ ярилцахдаа хоолойны өнгөө шахаж, өндөр нам, жигд бус ритмээр ярилцаарай. Мөн аливаа үйлдлийг хийхдээ тус тусад нь өөр өөр дууны өнгийг сонгож ярьж хэвшээрэай. Жишээ нь “Алив оймсоо өмсөе, пүд пүд…” гэх мэт.  Эхэн үедээ хүүхэд тань хариу үйлдэл бага үзүүлж болох юм. Гэхдээ энэ нь та хүүхдийнхээ тархины хөгжлийг дэмжиж, дараагийн удаа хариу үйлдэл үзүүлэх суурийг тавьж байна гэсэн үг юм. Хүүхэдтэйгээ аль болох их ярилцах, хамтдаа тоглохдоо дуу авиа гаргах нь тэдний хэл ярианы хөгжлийг дэмжих болно.  

Хүүхдийнхээ дэмжигч нь бай

Хүүхдээ аливаа шинэ зүйл сурахад нь тэдэнд баяр хүргэн алга ташиж, урамшуулж, тэвэрч, тэдэн рүү инээмсэглэж дэмжиж байгаагаа илэрхийлээрэй. Сэтгэл хөдлөлийн энэ илэрхийллүүд нь хүүхдийг аливаа шинэ зүйл сурах, юмсыг өөрийнхөөрөө танин мэдэх мөн эрсдэл гаргах чадварыг суулгаж өгдөг. Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжих аливаа үйлдэл хийхдээ хүүхдэд ойлгогдох онцгой уялдаа холбоо бүхий давтамжийг бий болгож байгаарай. Жишээ нь усанд оруулахдаа резинэн нугасыг нь усанд хөвүүлэн тоглуулах, унтах үед нь гэрлээ бүдгэрүүлж, унтлагын хувцас өмсүүлж, ном уншиж өгөх гэх мэт. Энэ нь хүүхдэд би усанд орох юм байна, унтах цаг болсон байна гэх мэт дохиог өгч байдаг. Ингэснээрээ хүүхэд бие даасан байдлаа мэдэрч таны оролцоо багатайгаар үйлдлүүдийг ойлгож, өөрөө хийдэг болно. 

Хөгжилтэй байдлыг нэгдүгээрт тавь

Тоглоомын аргаар хүүхдэд аливааг зааж сургах нь тэднийг орчин тойронтойгоо танилцах, юмсын учир шалтгааныг ойлгоход дөхөмтэй. Жишээ нь юмыг гараараа барих, шидэх гэх мэт үйл, мөн тэдгээр юмс хэрхэн хөдөлгөөнд ордгийг гараараа өргөх, чимээ гаргах зэргийг хүүхэд тоглож, өөрөө гараараа барьж үзэж л мэддэг болно. Та хүүхдийнхээ юмстай танилцах эдгээр үйл ажиллагааг нь дэмжиж хамтдаа тоглоорой. Жишээ нь хүүхэддээ аяга богоомжтойгоор бариулаад аяганаас юм уух гэж оролдож буй эсэхийг нь ажигла. Энгийн зүйлүүдээс эхлэхэд л болно. Эдгээр энгийн хэрнээ хялбар аргууд нь таны хүүхдийн тархины булчингийн чухал холбоосуудыг дэмжиж өгөхөд эерэг нөлөө үзүүлж байдаг юм шүү. 

Сэтгэгдэл бичих