БИ МОНТЕССОРИ АРГА ЗҮЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ БАС ЭЭЖ

Энэ бол миний хэрэгжүүлдэг хүүхэд хүмүүжлийн 10 эерэг арга

Монтессори Боловсролын Магистр, АНУ-ын PDA (Positive Discipline Association)-н сургагч багш,  АНУ-ын АMI (Association Montessori International)-н 0-3 насны хүүхдийн багш Х. Ариунсанаа зөвлөж байна.

Хүүхдэд хорвоо дэлхий дээрх юм бүхэн шинэ содон байдаг. Ялангуяа 3 хүртэлх насны хүүхэд бүхнийг өөрийнхөөрөө танин мэдэж сониучирхдаг. Яг энэ үед нь та хүүхэддээ аливаа зүйлийн болох, болохгүй хэм хэмжээг ойлгуулж сургах нь хүүхэд хүмүүжлийн эерэг аргын үндэс юм. Хүүхэд тэрхүү хэм хэмжээг өөрийн биеэр мэдэрсэн туршлагаараа олж авдаг. Иймд та хүүхэдтэйгээ харилцахдаа дараах эерэг аргуудыг ашиглаарай.

1.      Хүүхдэд өөрт нь сонголт үлдээ.

Тоглоомоо  хураа, шүдээ угаа! гэж шууд захиран тушаахын оронд өөрөөс нь асууж, зөвлөх байдлаар хандаарай. Жишээ нь унтахаасаа өмнө яах билээ? Тоглож дуусаад тоглоомоо яах билээ? Гэх мэтээр асууж өөрөөр нь чадавхжуулах аргаар хүүхдээ хөгжүүлээрэй.

2.      Хүүхдийг оролцуулах.

Жишээ нь хоол хийж байхдаа “Чи цаашаа” гэхийн оронд “миний хүү, охин ээждээ энэ сармис арилгаад өгөх юм уу” гэх мэт оролцооны аргыг ашигла. Учир нь яг энэ үедээ хүүхэд “би өөрөө” сэтгэхүйтэй байдаг. Хэрэв ингэхгүй бол хүүхэд дараа нь том болсон хойноо “та өөрөө хийчих” гэдэг болно.

3.      Хүүхэддээ дадал хэвшлийг сургах.

Өглөө босоод шүдээ угаах, эсвэл цайгаа уугаад шүдээ угаана гэх мэт өөрийн гэр бүлд нийцэх дадал хэвшлийн хүснэгтийг бий болгох. Энэ нь хүүхэд заавал таниар хэлүүлэхгүйгээр тогтсон дадал хэвшлээ өөрөө хэрэгжүүлэх боломжийг бий болгодог.

4.      Хүүхэдтэйгээ хүндэтгэлтэй харьцаарай.

Хүүхдээ санаандгүй түлхсэн бол “уучлаарай”, аяга цай танд хийгээд ирсэн бол “баярлалаа” гэх мэтээр хүндэтгэлтэй харьцаарай. Таны харилцааны хандлага хүүхдийн тань бусадтай харилцах харилцааны хэв маяг болдог.

5.      Алиа хошин ханд.

Үргэлж нухацтай  байхын оронд заримдаа хөгжилтэй харилцааны аргуудыг ашиглаж сураарай. Учир нь хүүхэд бол хүүхэд. Тэд хөгжилтэй тоглоомын аргад дуртай. Жишээ нь “хувцасаа эвхээрэй” гэхийн оронд “хоёулаа уралдаж хэн нь түрүүлж хувцасаа эвхэж хураахаа үзье” гэх мэт.

6.      Зарим зүйлд зүгээр л тэвчээртэй байгаарай.

Яагаад гэвэл хүүхэд энэ бүхнийг анх удаа хийж байгаа. Аливаа зүйлийг тэвчээртэй өөрөө хийх цаг хугацааг хүүхэддээ олго.

7.      Хүүхдээ хэн нэгэнтэй битгий харьцуул.

Хүүхдийнхээ онцлогийг анзаарч мэд. Хүүхэд бүр ондоо. “Танай ангийн хүүхэд хийчихсэн байхад чи яагаад хийгээгүй юм” гэх мэт харьцуулалтыг битгий ашигла. Өөр зүйл дээр хүүхэд чинь илүү сайн байх боломжтой. Хүүхэд бусадтай харьцуулагдсанаараа “би түүнээс илүү юм байна” гэх бардам зан эсвэл “би түүнээс муу юм байна” гэх дутуугийн мэдрэмжийг өөртөө авч үлддэг.

8.      Бүх зүйлд өөрийн гэсэн орон байрыг зааж өг.

Аливаа зүйлийг авсан бол байр байранд нь буцааж байрлуулахыг хүүхэддээ зааж өг. Тийм орон зайг тусгайлан гаргаж өг. Үүнийг ойлгуулчихвал шаардлагагүй тэмцэл бага ч гэсэн үгүй болох болно.

9.      Зэмлэж биш ухааруулж сурга.

Хүүхэд буруу зүйл хийсэн бол зэмлэж, шийтгэхийн оронд тайлбарлаж ойлгуул. Жишээ нь хүүхэд тань аягатай ус барьж яваад асгачихвал “чи яагаад асгачихав” гэж зэмлэхийн оронд аягаа ингэж барьвал дараагийн удаагийн асгахгүй байх болно гэдгийг ойлгуул. Хүүхэд ямар нэг зүйлийг шинэ тутамд суралцахдаа айж хийх, ойлгож хийх хоёрын хооронд маш том ялгаа бий.  

10.  Хүүхдэд өөрөө нээлт хийх боломжийг нь олго.

Бүх зүйлийг  шууд  “Боль, байг, чи чадахгүй” гэж хориг тавихын оронд өөрөөр нь хорвоотой танилцах боломжийг нь олгоорой. Эс тэгвэл та хүүхдийнхээ нээлттэй, эрэл хайгуулч, сониуч занг нь үгүй хийж байгаагаас өөрцгүй юм.

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022