БИ ХҮҮХДИЙН ХООЛ ЗҮЙЧ БАС ЭЭЖ

Хүүхдийг бор хоолонд оруулахдаа юуг анхаарах вэ?

Бид энэ удаагийн дугаартаа Tenuuka’s mom хуудсаараа хэдийнээ танигдсан хоол зүйч мэргэжлээр суралцаж буй оюутан, хоёр хүүхдийн ээж Б.Номингийн зөвлөгөөг танилцуулж байна.

  1. ДЭМБ-аас хүүхдийн нэмэгдэл хоолыг 6 сартайгаас нь эхлүүлэхийг зөвлөдөг. Учир нь хүүхэд эхийн сүү болон нэмэлт сүүнээс өөрийн биед шаардлагатай шим тэжээлээ нөхөж чаддаггүй.

2. Залуу ээжүүд маань нэмэгдэл хоол эхлүүлэх гэдгийг хөхнөөс нь гаргаад хоол идүүлэх гэж ойлгоод байдаг. Гэтэл хүүхэд дор хаяж нэг нас хүртлээ нэмэгдэл хоол болон хөхний сүүг хослуулж явж байж өөрийн биед шаардлагатай шим тэжээлээ бүрэн авч чаддаг.

3. Хүүхэд хоол дагуулан харах, шүлс нь гоожих, гараа идэх, шөнө олон сэрэх нь нэмэгдэл хоолыг эхлүүлэх болсныг илтгэх ҮНДСЭН шалтгаан биш юм. Хүүхэд нэмэгдэл хоолыг эхлүүлэх болсоныг тухайн хүүхдийн ам тойрсон булчингийн хөгжил, их биеийн тэнцвэрт байдал, толгойгоо даасан эсэх мөн хоол өгөхөд цаашид үргэлжлүүлэн идэх хүсэлтэй байна уу үгүй юу гэдэг дээр тулгуурлан шийдвэрлэдэг.

4. Хүүхдийн нэмэгдэл хоолыг эхлүүлэх үндсэн 3 арга байдаг. Үүнд:

·         Нухаш буюу зутанлаг хоол хүнсээр эхлүүлэх

·         Барьж иддэг хоол хүнс буюу бүхэл хоолоор эхлүүлэх

·         Дээрх хоёр аргыг хослуулах журмаар эхлүүлэх.

Арга тус бүр өөр өөрийн гэсэн сул болон давуу талтай ба заавал энэ аргаар эхлүүлэх ЁСТОЙ гэсэн дүрэм журам байхгүй. Ээж хүүхдийнхээ онцлог дээр тулгуурлан шийдвэрлэх ба бүр чадахгүй тохиолдолд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь чухал юм шүү

5. Хүүхэд нэмэгдэл хоолыг эхлүүлсэн эхний 2 сар бол хоол хүнсийг их хэмжээгээр идэх биш харин хоол хүнстэй ТАНИЛЦАХ ҮЕ юм. Энэ үед нь хүүхдийнхээ хоолны хэмжээнд ач холбогдол өгөлгүй, аль болох олон амт, бүтэцтэй танилцуулах нь чухал байдаг

6. Нэмэгдэл хоол эхлүүлж байх үедээ хүүхдэдээ танилцуулсан хүнсээ дангаар нь 3-4 хоног тасралтгүй өгч харшилж байна уу үгүй юу гэдгийг нь мэдснийхээ дараа дараагийн хоол хүнсэнд шилжээрэй.

7. Хүүхдийнхээ үндсэн хоолыг БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН-ээр байнга орлуулахгүй байх. Бэлэн бүтээгдэхүүн гэдэгт дэлгүүрийн лангуун дээр худалдаалагдаж байгаа хүүхдийн зуурдаг каш, жимс ногооны нухаш, хайлдаг хайлдаггүй жигнэмэг, хүүхдийн жимсний шүүс зэрэг багтана. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг байнга олон удаагийн давтамжтай ялангуяа үндсэн хоолыг орлуулах байдлаар өгөх нь хүүхдийг хэт их сахар, давс, өөх тос( ханасан өөх тос)-ны хэрэглээнд хүргэдэг. Тиймээс аль болох л гэртээ өөрийнхөө гараар хүүхдийнхээ хоолыг бэлтгэж өгч байгаарай

8. Хүүхдээ хооллохдоо ямар нэгэн утас, таблет, зурагт үзүүлэхгүй байх. Ээжийн бэлтгэж өгсөн хоолыг хүүхэд нүдээрээ харж, үнэр, амтыг нь өөр зүйлд саатааралгүй мэдэрч сурснаар хоолоо голж шилдэггүй,  хоолны талаарх эерэг ойлголттой болоход нөлөөлдөг.

9. Хүүхдэдээ аль болох л олон төрлийн,  шинэ амттай танилцах боломжийг олгож байгаарай. Дандаа нэг төрлийн хоол хүнсийг бэлтгэж өгөх нь эргээд хүүхдийг шим тэжээлийн дутагдалд орох эрсдлийг нэмэгдүүлээд зогсохгүй хоол голж шилж иддэг болгоход хүргэдэг. Хүүхэд хэдий чинээ олон нэр төрлийн хоол хүнснээс шаардлагатай шим тэжээлээ авч чадна төдий чинээ сайн байдаг юм шүү.

10. Нэмэгдэл хоолыг эхлүүлсэн эхний 6 сар таны хүүхэд хоолоо сайн идэхгүй байх, зарим үед бүр нэг халбагыг ч идэхгүй байх тохиолдол их байх учир сэтгэл санаагаа сайн бэлдээрэй. Яагаад гэхээр бид мэдэхгүй бас сэтгэл зүйгээ бэлдээгүйгээс болж хүүхдээ хүчлэх, зандрах үйлдлийг гаргадаг ба энэ нь эргээд хүүхдийн хооллолтод сөрөг нөлөө үзүүлдэг. Хүүхдийн хооллолтын цаг нь ээж хүүхэд хоёрт хоёуланд нь таатай мэдрэмжийг өгч байх ёстой гэдгийг битгий мартаарай. 

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022