Төрсний дараа бэлгийн харилцаанд орох ямар байдаг вэ?

Намайг С гэдэг, 28 настай хоёр хүүхдийн ээж. Том хүүгээ 2018 онд, харин охиноо 2020 онд төрүүлж байлаа. Одоо бодоход анхны хүүхдээ төрүүлсний дараа нөхөртэйгөө бэлгийн харилцаанд ороход их сандарч байснаа санадаг юм. Эргээд хуучин шигээ байж чадах болов уу? Ямар болсон бол? Бүхэл бүтэн хүүхэд төрүүлсэн юм чинь мэдээж өмнөхөөсөө өөр байх. Надад өөрт болон нөхөрт маань ямар байх бол гэх мэт олон асуулт сэтгэл эмзэглүүлж байлаа. 

Үнэнийг хэлэхэд эмч 45 хоногийн дараа бэлгийн харилцаанд орж болно гэж зөвлөсөн ч нөхөр бид хоёр яг нэг сар тэссэн байдаг юм. Төрөх үед ямар нэг хүндрэл гараагүй, оёдолгүй бас шавхрага гарч дууссан болохоор гайгүй гэж бодсон хэрэг л дээ. Гэхдээ хичнээн зовиургүй байсан ч эмчийн хэлснээр 45 хоногоо дуусгаж, гамаа барих хэрэгтэй юм билээ. Энэ хугацаанд эмэгтэй хүний бие организм хэвийн байдалдаа бүрэн эргэж ордог юм билээ. Миний шавхарга бүрэн дууссан гэж бодож байсан ч бэлгийн харилцаанд орсны дараа дахиад л бага багаар шавхарга гараад байсан. Тэгэхээр гам барих өдрөө аль болох гүйцэт барих хэрэгтэй юм байна гэж бодсон. 

Төрсний дараа бэлгийн харилцаанд орох үед анх хүнтэй унтах гэж байгаа мэт л айх, сандрах зэрэгцэж билээ.

Төрсний дараа бэлгийн харилцаанд орох үед анх хүнтэй унтах гэж байгаа мэт л айх, сандрах зэрэгцэж билээ. Өнөөх л бодлууд толгойд эргэлдсээр… гэхдээ хайр энхрийллээр дүүрэн байгаа нөхрөө хараад удалгүй тайвширсан.Бүх зүйл яг л урьдных шигээ халуун дулаан эхэлсэн ч өрнөл хэсэг дээрээ нэг л болж өгдөггүй “сул, хөндий” мэдрэмж төрөөд байдаг. Нөхөрт ч бас тэгж санагдаж байгаа нь мэдэгдээд байлаа. Тэр үедээ тэгсхийгээд дуусгасан. 

Дараа нь нөхрөөсөө “үнэнээ хэл” гэж шалсаны эцэст “яахав, мэдээж хүүхэд төрүүлсэн юм чинь өмнөхөөсөө өөр байна. Гэхдээ тэр нэг их чухал биш ш дээ. Яваандаа зүгээр болчихно” гэж хэлүүлж сэтгэлээ амраав. Мэдсээр байхад “үгүй, зүгээр гоё сайхан байлаа” гэж хэлсэн бол харин ч худлаа хэлж байна гээд сэтгэлээр унах байсан биз.

Түүнээс хойш энэ талаар мэдээлэл бага багаар судалж эхлээд юуны түрүүнд эхлээд кегелийн дасгал хийх ёстойг олж мэдэв. Хүүхэд төрүүлэхээсээ өмнө кегелийн дасгал гэж сонсож байсан ч нэг их сонирхож үзээгүй байв. Тэгээд интернэтээс кегелийн дасгалыг хэрхэн, яаж хийх тухай өөрийнхөө хэмжээнд судалж, хааяа нэг санахаараа хийдэг болов. Гэхдээ ихэнхдээ л дасгалаа хийхээ мартчихдаг байсан. Бие маань ч аажим аажмаар хэвийн байдалдаа орж байх шиг, эсвэл би дасан зохицож, өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч байгаа мэт санагдаж байлаа. Одоо бодоход Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч, хайрлана гэдэг хамгийн зөв юм шиг. Би муухай, би онцгүй болчихсон гэж бодоод л байвал дэргэдэх хүндээ хүртэл тийм мэдрэмж төрүүлэх юм шиг санагддаг. 

 Дараа дараагийн удаа нөхөртэйгөө ойртох үедээ янз бүрийн юм бодолгүй, тухайн агшинаа л илүү сайн мэдрэхийг хичээж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрладаг болсон. Тэгээд ч сэтгэл ханамжтай бэлгийн харилцааны гол түлхүүр нь бие организмаас илүүтэй сэтгэл оюунаа удирдах л хамгийн чухал юм шиг санагддаг. Яг гоё байж байснаа гэнэт “би ямар харагдаж байгаа бол, нөхөрт маань ямар санагдаж байгаа бол” гэх мэт ямар ч хэрэггүй бодлууд ороод ирдэг. Тэрийг л болиод тухайн агшинг мэдрэх хэрэгтэй юм билээ. 

Одоо бол байнга биш ч гэлээ хааяа санахаараа кегелийн дасгал хийнэ. Ер нь хэвшил болгоод сурчихвал зүгээр юм шиг санагдсан. Энэ дасгал нь сэтгэл ханамжтай бэлгийн харилцаанд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй эмэгтэй хүний аарцаг ёроолын булчинг чангалж, шээс задгайрах өвчнөөс сэргийлэхэд ч тустай юм билээ. Хоёр төрсний дараа миний хамгийн их ойлгож авсан зүйл бол эмэгтэй хүн өөрийгөө хайрлаад, өөртөө итгэлтэй үедээ л хамгийн үзэсгэлэнтэй байж тэрийгээ дагаад сэтгэл ханамжтай өөдрөг байдаг юм шиг санагдсан.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022