Бурхан чадна гээд л гурван ихэр хүүхэд заяасан байх гэж боддог

Дархан хотод оршин суудаг гурван ихрийн ээж П.Эрдэнэтаныг энэ удаагийн ярилцлагын буландаа урьлаа. Түүний яриа ихэр хүүхэдтэй ээж аавуудад урам зориг, эрч хүч өгнө хэмээн найдаж байна.

Caйн байна уу , та манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулна уу.

Намайг П. Эрдэнэтана гэдэг. 39 настай. Нөхөр таван хүүхдийн хамт ам бүл долуулаа амьдардаг. Том хүү маань энэ жил 22 хүрнэ. Охин маань 16-тай. Ихрүүд маань 5 настай. Би нягтлан бодогч мэргэжилтэй. Нөхрийг маань Х.Батбаяр гэдэг. Мэдээлэл холбооны инженер мэргэжилтэй. Бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд үерхэж ханилан суугаад 23, 24 жил болж байна. Таван хүүхдийн ээж аав болоод Дархан хотдоо сайхан амьдарч байна.

Хүүхдүүдийг тань хэн хэн гэдэг вэ?

Том хүүг Б.Эрдэнэбат, охиныг минь Б.Хүслэн харин ихрүүдийг Б.Итгэл Б.Ивээл, Б.Энэрэл гэдэг.

Анх ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ мэдээд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Тэр үеийнхээ мэдрэмжээс хуваалцаач.

2015 оны 11 сарын 30 нд анх жирэмсэн болсноо мэдээд шинжилгээ өгөөд эход харуулсан. Тэр өдөр эход харсан эмч маань ихэр юм шиг байна. Гэхдээ усан ихэр гэж байдаг шүү. Сарын дараа дахиад ирээрэй гэсэн. Гэхдээ тэвчихгүй хэд хоногийн дараа хувийн эмнэлэгт очоод дахиж эход харуулсан. Тэгсэн эмч нь “хүүеээ 30 жил ажиллахдаа гурван ихэр хүүхэд хоёр дахь удаагаа оношилж байна. Ямар сайхан юм бэ, баяр хүргэе гэхэд нь тэр үед өөрийн эрхгүй жингүйдээд, хийсэж байгаа юм шиг болдог юм билээ. Маш их баярлах, гайхах зэрэгцэж байсан. Зүрхний цохилтыг нь сонсохоор өөрийн эрхгүй хайр цаанаасаа ундраад ирдэг юм билээ. Нөхөртөө хэлсэн чинь нөхөр “гурав аа, гурав аа” гээд дахин дахин асууж байсан. Одоо хүртэл нөхөр минь зүүдлээд байгаа юм шиг санагддаг, хүүхдүүдээ харахаар заримдаа өөрийгөө чимхэж үздэг гэж хэлдэг.  Том хүү, охин маань хүртэл маш их баярлаж байсан. Хажуугаар нь бас их айдастай байсан. Хүүхдүүдээ эрүүл саруул, тээж төрүүлэх юмсан гэдэг айдас баярлахын зэрэгцээ бас их байсан.

Ихэр хүүхэд тээж төрүүлнэ гэдэг эрсдэлтэй төрөлтөд тооцогддог. Тэр тусмаа гурван ихэр хүүхэд гэдэг бүр их эрсдэлтэй. Жирэмсэн болон төрөх үед тань ямар нэг хүндрэл бэрхшээл гарч байсан уу? Хүүхдүүд тань хэдэн гр жинтэй төрсөн бэ?

Ер нь гурван ихрийг 34 долоо хоногоос дээш тээхийг зөвлөдөггүй юм билээ. Эхийн умайд цус алдалт явагддаг гэдэг утгаар ер нь хэт томруулахыг зөвшөөрдөггүй гэж байсан. Гэхдээ үнэхээр боломжтой байх юм бол 36, 37 долоо хоног хүрэх тохиолдол байдаг гэсэн. Манай гурав 34 долоо хоногтой төрж байсан. Нэг хүү 2000 гр, нөгөө хүү 2100 гр, охин минь 1900 гр төрж байсан. Дөнгөж төрөөд жинлэхэд ийм жинтэй байсан. Харин гурван цагийн дараа дахиад жинлэхэд охин маань 1600 гр, хүү маань 1800 гр, 1875 гр болчихсон байсан. Яг ураг тээж байх явцад ямар нэг хүндрэл байхгүй гайгүй байсан. Орон нутгийнх болохоор сар бүр эх нялхаст очиж хяналтын эмчдээ үзүүлнэ. Сүүлдээ 14, 7 хоног тутам явах шаардлагатай болсон. Тэр явдалдаа жоохон ядарч, хавагнаж байсан. Өөр бусдаар бол их хүндрэл гараагүй. Хяналтын эмч маань бас сайхан зааж зөвлөж байсан. Мөн жирэмсний явцдаа хэт их жин нэмж болохгүй учир хооллолтондоо их анхаарч байсан. Жирэмсний сүүлийн сар л их хэцүү байсан. Яг хэвтэхээр л хамаг юм амаар гарч ирэх гэж байгаа юм шиг санагдаад хэцүү. Хүчилтөрөгчийн коктейл маш сайн ууж бас  эрүүл мэнддээ их анхаарч байсан. Тэрний хүчинд гурван хүүхэд маань эрүүл саруул эсэн мэнд сайхан төрсөн болов уу гэж боддог. Төрснөөсөө хойш зургаа хоноод л гэртээ ирсэн. Төрөх явцад бол ямар нэг хүндрэл гараагүй. Кесар хагалгаагаар төрсөн. Та өөрөөрөө төрж болно гэсэн ч ямар нэг хүндрэл гарах вий гэдгээс сэргийлж хагалгаар төрж байсан.

Анх ихрүүдийн хүйс тодорхойлоход хэрхэн мэдэж байсан бэ? Эход харуулсантай яг таарч байсан уу?

Аймгийнхаа зөвлөх эмчийн шийдвэрээр эх нялхас руу хяналтанд орохоор явах гэж байхдаа эход харуулсан. Дөнгөж гурван сартай байсан. Манай гурав хоёр эсийн гурван ихэр. Хоёр хүү нэг усанд, охин маань тусдаа усанд байсан. Хяналтын эмч маань хоёр хүү, нэг охин байх магадлалтай гэж хэлж байсан. Хотод ирээд үзүүлэхэд яг л тийм байсан. Одоо хоёр хүү маань хоорондоо их адилхан.

Ихрүүд 34 долоо хоногтой төрж байсан гэхээр анх төрсөн дариуд маш их асаргаа, арчилгаа шаардагдаж байсан байх. Дутуу нярайн асаргаанд юуг хамгийн их анхаарах шаардлагатай байдаг вэ.

Дутуу нярайн асаргаа бол хамгийн чухал асуудал. Дөнгөж кг гаран төрсөн хүүхдүүд чинь цаг наргүй л асаргаа шаардана. Хүүхдүүдээ анхнаас нь гурван цаг баримталж угжиж хөхүүлж байвал их амар юм билээ. Манай гурав чинь шөнө тэгж их уйлаад ээжийгээ нойргүй хонуулаад байдаггүй харьцангуй гайгүй байсан. Гэхдээ л эхний гурван сар нэлээн чанга байсан шүү. Цаг тутамд л хуурайлж, нурахаас сэргийлж, дулаан байлгана гэх мэт асаргаа хамгийн чухал.

Жирэмсэн үеийн хооллолтондоо та хэрхэн анхаарч байсан бэ?

Хэт цадталаа идэж болохгүй. Ойр ойрхон бага багаар хооллох хэрэгтэй. Орой 18 цагаас хойш хүнд хоол идэхгүй байх. Би ааруул усанд дэвтээгээд шүүсийг нь их ууж байсан. Их өег байдаг. Жирэмсэн байхад хэт өлсөхөөр гол харладаг. Тэгэхгүйн тулд ойр ойрхон идэх хэрэгтэй. Төрөх гээд хагалгааны өрөөнд орохоос өмнө 89 кг жинтэй байсан. Жирэмсэн байх явцдаа амин дэмүүдээ сайн уух хэрэгтэй. Амин дэмүүдээ уухаар юм идэх дур хүсэл тийм ч их төрөхгүй байх шиг санагддаг байсан. Эх нялхасын хяналтын эмч маань бас жин хэт их нэмж болохгүй, хүний сав маш өөхлөмтгий эрхтэн учраас жин нэмэхээр хүүхдийнхээ өсөх орчинг багасгана гэсэн үг гэж зөвлөдөг байсан. Тэгээд аль болох эрүүл, зөв хоолохыг хичээж байсан даа.

Ихэр хүүхэд өсгөнө гэдэг амаргүй. Тэр дундаа гурван ихэр хүүхэд өсгөхөд юу хамгийн хүндрэл бэрхшээлтэй нь байсан бэ? Бас юу нь хамгийн сайхан байсан бэ?

Хамгийн бэрхшээлтэй зүйл гэвэл хүүхэд өвдөх л хамгийн хэцүү. Нэг нь ханиад хүрлээ гэхэд нөгөө хоёр нь заавал ээлжилж тусна. Тэр л хамгийн хэцүү. Хүүхэд өвдөхөөр өөрийн эрхгүй сэтгэл санаа хүнд болдог. Хөгжилтэй жаргалтай үе гэвэл зөндөө. Одоо ингээд өсөж том болоод хоорондоо инээлдэж хөгжилдөж байгааг нь харах сайхан. Бас хоёр хүүг маань хооронд нь андуурах тохиолдол их. Өмнө нь өөрсдөө би Ивээл, би Итгэл ш дээ гэдэг байсан бол одоо хэрэг тарихаараа үгүй Ивээл, Итгэл гээд нэг нэгэн рүүгээ чихэх гэх мэт олон  хөгжилтэй тохиолдол бий. Ихэр хүүхэд өсгөхөд эдийн засгийн асуудал их. Ялангуяа дутуу нярай хүүхэд болохоор хамгийн сайн, хамгийн чанартайг хэрэглэх болно. Гэхдээ бурхан цаанаас нь чадна гээд ийм сайхан хүүхдүүд илгээсэн юм чинь хоёулаа чаднаа гээд л нөхөр бид хоёр зүтгэдэг байсан даа.

Хүүхдүүдээ харахад тань хэн голчлон тус болдог байсан бэ?

Хүүхдүүд маань гурван сар хүрэхэд намар болоод ах нь оюутан болохоор хот руу явсан. Эгч нь хичээлдээ, аав нь ажилдаа явчихна. Тэгээд өдөртөө гурван хүүхэдтэйгээ дөрвүүлээ үлдэнэ. Тэр үед цагийг маш сайн ашиглаж сурдаг даа. Ой хоёр сар хүртэл нь өөрөө гардаж харсан. Манай хүн ажилдаа явна. Ажлаа тараад л гэр лүүгээ яарч ирнэ. Эгч нь бас хичээлээ тараад яарсаар ирнэ. Ах нь оюутан болоод хот руу явчихсан учраас гурвуулаа гурван хүүхэдтэйгээ үзэж тарсан даа. Ой хоёр сартай болоход нь Дархныхаа “Өсөх Ирээдүй” цэцэрлэгийн эрхлэгчтэй зөвлөлдөж байгаад “Ихрүүдийн анги” гэж нээлгэж байсан. Тав зургаан айлын ихэр хүүхдүүд нийлэхээр арав гаруй хүүхдүүд болно. Тэгээд ихрүүддээ төлбөрийн хөнгөлөлттэй үнээр цэцэрлэгт өгөх боломжтой болж байсан.

Хүүхдүүдээ хараад сайхан аз жаргалтай байдаг ч ээжүүд төрсний дараах дааврын нөлөөгөөр стресстэх, бухимдах, сэтгэлээр унах гэх мэт асуудал үүсдэг. Тэр үеийг та хэрхэн даван туулсан бэ?

Төрсний дараа стресстэхгүй хямрахгүй байна гэж байхгүй. Үе үе уйлмаар ч юм шиг санагдана. Хүүхэд уйлах үед ганцаархнаа нэг өрөөнд суумаар санагдах үе бий. Тэр үедээ тайван ганц аяга кофе уугаад л өөртэйгээ ярилцдаг байсан. “Намайг л чадна гэж бурхан ийм сайхан үр хүүхэд заяасан. Би чадна” гэж өөрөө өөртэйгээ яриад л тайвширдаг байсан. Төрсний дараа маш их мартамхай болж байсан. Нэг хэсэг барьсан тавьсанаа мартах гэх мэт үе байна. Хүүхэд төрөөд нэг сарын дараа арай гайгүй болсон санагддаг.

Ихэр хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд өгөхөд нэг анги эсвэл өөр өөр ангид өгөх нь зөв байдаг юм болов уу. Таны хувьд юу гэж боддог вэ?

 Гурван ихэр гэж байгаа боловч гурван тусдаа өөр хүн. Зан аашын хувьд, бодож сэтгэх, хөдөлгөөн нь өөр өөр байдаг. Нэг нь маш тайван дөлгөөн байхад, нөгөөх нь илүү хурдтай, охин хүүхэд бол цаанаасаа дөлгөөхөн гэх мэт. Нэг ангид ихрүүдийг өгөхөөр хооронд нь харьцуулагдах асуудал байдаг гэдэг. Гэхдээ бас нөгөө талаар Монголын нөхцөлд өөр өөр ангид, өөр сургуульд өгнө гэдэг хэцүү. Миний хувьд ихрүүдээ сургуульд ороход нь нэг ангид өгнө гэж бодож байгаа. Тэгээд багшид нь хүүхдүүдийнхээ онцлогийг хэлэхэд болох байхаа гэж бодож байна. Харин хичээлээс гадуур дугуйлан, секцэд өөрийнх нь сонирхлын дагуу хамруулна гэж төлөвлөж байна.

Ихэр хүүхэд өсгөхөд хэзээ нэг арай тайван сэтгэл амар аяга цайгаа уух боломжтой болдог вэ?

Ер нь ой хүрээд арай амар болсон. Эхний гурван сар бол хамгийн их асаргаатай. Нэг ой хүрээд ихрүүд хоорондоо тоглоод бие биедээ хань болоод хөөрхөн байдаг. Ер нь бол ихэр хүүхдийн асаргаа хайнга хандаж болдоггүй. Хайнга байх үед л хүүхэд өвдөх гээд байх шиг санагддаг байсан.

Ихрүүддээ тохиолдсон хөгжилтэй явдлаас хуваалцаач.

Дөнгөж ой гарантай хүүхдүүдээ цэцэрлэгт өгчихсөн байсан. Нэг өдөр хоёр багш нь хооллох гэсэн чинь хөвгүүдийг маань ялгахгүй байсан гэсэн. Уг нь яг зэрэг хоёуланг нь суулгаж байгаад л хооллодог байсан чинь тэр өдөр нэгийг нь түрүүлж хооллож таарсан байна. Дараа нь хэнд нь түрүүлж хоол өглөө, яалаа гээд сандарч байгаад туслах багш нь нэг хүүгийн амыг ангайлгаад харсан чинь нэгнийх нь шүдэн дээр будаа наалдсан байсан гэсэн. Тэгээд нөгөө хүүг маань хооллосон гээд орой очиход бөөн инээдэм болж байсан.

Бас гурван ихэр гэхээр охиныг маань ихэр гэж хэлдэггүй. Хоёр хүү адилхан царайтай болохоор хүмүүс ямар хөөрхөн хоёр вэ гэдэг. Тэгээд охин маань би ч гэсэн ихэр шдээ. Ээжээ гурван ихэр тийм ээ гээд л нүд нь эргэлддэг. Бас нэгэн хөгжилтэй зүйл гэвэл оймснууд нь их алга болдог. Цэцэрлэгт нь нэг хүн бүр танай гурван ихрийн шүүгээ нь аль вэ гээд хайчихсан явж байсан гэсэн. Тэгээд багш нь цүнхийг нь бүр далд хийж байсан. Зарим хүмүүс оронд нь юм өгөөд авна. Зарим нь өгөхгүй нууцаар ч авах байна. Зарим нь хөөрхий үнэн учраа хэлээд авна. Оймс тэсгээдэггүй байсан даа. Манай гурвын оймсыг аваад жирэмсэн болоод төрсөн 4,5 ээж байдаг байх шүү.

Ихэр ураг тээж байгаа жирэмсэн ээжүүдэд болон ихэр хүүхэдтэй ээжүүдэд хандаж та юу зөвлөх вэ?

Ээжүүд маань анхнаасаа сэтгэл санаагаа сайхан бэлдээд, хүүхэдтэйгээ ярилцаад тайван байх нь чухал. Хэдий ихэр ураг тээж байгаа гэж баярлаж байгаа ч хажуугаар нь маш их айдастай байдаг. Төрсний дараа ч гэсэн асаргаа арчилгаа ихтэй байдаг болохоор эхийн нойр бүтэн биш. Бас хүүхдүүдээ сайхан өсгөөд хүн болгоод авчих юмсан гэсэн сэтгэлийн зовиур их байдаг. Тиймээс сэтгэлээ сайхан тайван байлгах нь чухал. Бас би хүүхдээ эрүүл саруул төрүүлж, өсгөж чадна гэдэгтээ зуун хувь бат итгэх ёстой. Тэгж чадвал муу бүхэн холуур байдаг юм шиг санагддаг. Хүүхдээ тээж байх явцдаа өөрийгөө сайн дархлаажуулах, тордох хэрэгтэй. Хүүхэд төрсний дараа маш их ядарна шүү дээ. Тиймээс сэтгэл санаагаа тайван байлгаж, бэлдэх нь маш чухал.  

Би өөрөө бас ихэр охидтой болохоор удахгүй ихрүүд маань ингээд нэг л мэдэхэд таван нас хүрэх байх даа гэсэн бодол төрж сайхан санагдаж байна.

Тийм ээ ихэр хүүхэд өсгөнө гэдэг амаргүй ч энэ бол түр зуурын л асуудал. Хүүхэд өсөж том болоод, гараас гараад ирэхээр хүүхдүүдээ хараад их сайхан санагддаг. Зарим найзууд маань над руу залгаад “ Хүүе ээ Танаа би бүр ганц хүүхэдтэй ингэж ядарч байхад, чамайг яаж байгаа бол гэж өөрийн эрхгүй бодогдох юм. Миний найз мундаг шүү, чамаар бахархаж байна” гэж хэлэх нь их сайхан санагдаж, урам зориг өгдөг байсан. Тиймээс ээжүүддээ тэвчээртэй, тайван байж, аз жаргалтай үеэ мэдэрч өнгөрүүлээрэй гэж хэлье.

Ярилцсанд баярлалаа.

2 Comments

  • Avatar
    Posted 10 сар 8, 2021 2:13 pm 0Likes
    Нийтэлсэн: Зочин

    ❤️ hamgiiin saihn eej mine

  • Avatar
    Posted 10 сар 9, 2021 1:17 am 0Likes
    Нийтэлсэн: Зочин

    Найз минь ёстой мундаг бүсгүй. Ёстой л бурхан чадна гээд л хөөрхөн 3 ихрийг илгээсэн байх. Цаанаасаа л эрч хүч ундарч бдаг эрч хүчтэй манлайлагч ээж шүү.Найзынхаа гэр бүлд эрүүл энх аз жаргалыг хүсье

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022