БИ ТӨЛӨВЛӨГЧ ДЭВТЭР БҮТЭЭГЧ БАС ЭЭЖ

Энэ бол миний төлөвлөсөн ажлаа амжуулдаг аргууд

Tinabel Stationaryийн үүсгэн байгуулагч Т.Аззаяа зөвлөж байна. Тэрээр Тinabel Stationary-ээр дамжуулан хэрэглэгчиддээ сэтгэл сэргээх, сэдэлжүүлэх зорилго бүхий хамгийн гоёмсог, практикал төлөвлөгөөний дэвтэрнүүд, дурсамжийн цомог, бэлгийн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.

Өдөржингөө маамаатайгаа байхаар өөр юу ч хийж амжихгүй байгаа юм шиг санагддаг уу? Надад итгэ, ээж болгонд л тэгж санагддаг. Хүүхдээ харах хугацаанд хүүхдэдээ бүх анхаарлаа хандуулж, боломж гарвал амрах нь чухал ч, хүссэн зүйлээ хийхдээ цаг хугацаа алдахыг хүсэхгүй байвал “яаж ийгээд” амжуулдаг дараах аргуудыг бодолцоорой.

  1. Урьдчилан бэлтгэ

Би охиноо нялх байхад өдрийн унтлагын цагуудыг нь алдахгүйн тулд унтах цагийнх нь яг өмнөхөн өөрийнхөө ажиллахад шаардлагатай бүх зүйлийг бэлдэж тавьдаг байсан. Компьютерээ асаагаад, документ эсвэл файлаа нээгээд, дэргэдээ цай аягалж тавьж бэлдсэнийхээ дараа мөөмөө хөхүүлж эхэлнэ. Тэгээд унтмагц нь шууд ажилдаа орно. Энэ аргыг сайн хэрэгжүүлэхэд унтах цагийг тогтмолжуулах нь чухал. Тэгвэл яг хэдэн цагт zoom-call-д оролцохоо товлож чадна шүү дээ.

2. Хүүхдээ унтаж байх хооронд амжуул

Шөнө унтахад нь эрт ч хамаагүй цуг унтаад, өглөө хүүхдээ сэрэхээс 1-2 цагийн өмнө сэрээд өөртөө болон ажилдаа цаг гаргавал зүгээр. Тэгж чадахгүй байвал орой эрт унтуулаад, шөнө хүртэл суух арга бас бий. Гэхдээ тэгэхээр ээжийн нойр солигдож, ядаргаанд орох сул талтай.  Болж өгвөл өглөө хүүхдээсээ өмнө сэрэх сонголтыг хийгээрэй.

3. Бусдаас тусламж хүс

“Амжилттай ээж бүрийн цаана халамжтай хүүхэд асрагч байдаг” гэдэг хэлц бий. Миний хувьд тэр хүн нь манай ээж байсан. Долоо хоногийн амралтын 1-2 өдөрт охиныг маань харж өгдөг байсан учраас тэр өдрүүдэд хамгийн их анхаарал төвлөрөл шаардсан, том ажлуудаа төлөвлөж, хийж амжуулдаг байсан. Хэрвээ танд тийм хамтрагч байхгүй бол хүүхэд асрагч хөлслөхөөс бүү цааргалаарай. Хүүхдээ харангаа ажиллах гэж байгаа үед гадны тусламж заавал хэрэгтэй. Мөн өөр нэг гэрээсээ ажилладаг найзтайгаа долоо хоногийн нэг, нэг өдөр сөөлжилж, хүүхдүүдээ харалцаж болно. Нэг нь хоёулангийнх нь хүүхдүүдийг харж байхад, нөгөө нь ажлаа амжуулна гэсэн үг. Тэгвэл хүүхдэд ч play-date шиг сонирхолтой.

4. Хамгийн чухал нь юу хийхээ төлөвлө!

Дээрх бүх зөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд ажлаа төлөвлөх нь маш чухал. Ажиллах боломж “өдрийн од” шиг ховор олддог тул олдсон үед нь юу хийхээ, яаж хийхээ тодорхой мэдэж байхад тань төлөвлөгөө тусална. Учир нь бидэнд юу хийхээ шийдвэрлэх, ажлын “mood”-ээ орохыг хүлээж “тансаглах” цаг байхгүй. Долоо хоногоор нь эсвэл өдөр өдрөөр нь гээд яаж ч төлөвлөж болно. Хэзээ, юу хийх ёстойгоо мэдэж байвал ажиллах цаг гарахад шууд ханцуй шамлан ороход бэлэн байдаг.

5. “Quiet time”-тай болоорой

Хүүхэд өдөр унтахаа больсон үед, бас ээжийнхээ хүсэлтийг ойлгодог болсон үед өдрийн унтлагын цагийг нь quiet time буюу чимээгүй тоглох цаг болгоорой. Хүүхэд / хүүхдүүд ном унших, puzzle, lego тоглох гэх мэтээр ээждээ саад бололгүй ганцаараа цагийг өнгөрүүлдэг тогтсон дэглэмтэй болвол зүгээр. 15 минутаар эхлүүлээд аажмаар хугацааг нь уртасгаж болно. Хүүхдээ хооллосон, хамтдаа тоглож, хичээллэж цагийг өнгөрүүлснийхээ дараа хэсэгтээ хэн хэнийгээ тайван орхих “quiet time” оруулаарай.

6. Гэрийн ажилд аль болох бага цаг зарцуул

Ингэхийн тулд аяга таваг угаагч, робот тоос сорогч авахаас тээнэгэлзэх хэрэггүй. Сардаа нэг удаа гэр сайн цэвэрлэх үйлчилгээ хөлсөлсөн ч болно. Индүүдэх шаардлагагүй материалтай хувцаснууд авбал зүгээр. Хэрчиж хөлдөөсөн ногоо, чанартай хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд авч хэрэглэж байж болно. Өдөрт заавал хоёр удаа хоол хийх хэрэггүй, өдрийн хоолоо ахиухан хийгээд орой нь гэр бүлээрээ эрүүлээр, хөнгөхөн хооллож болно. Долоо хоногийн хоолны төлөвлөгөөгөө гаргаад, нэг  л удаа бөөнд нь хүнсээ цуглуулчих. Гэрийн ажлаас өөрийгөө чөлөөлөх боломж бүрийг ашиглаарай. Бүхнийг амжуулъя гэдэг хүн юуг ч амжуулдаггүй.

7. Өдөрт хийдэг зүйлсээ нэг бүрчлэн ажиглаарай

Аль хэсгийг таниас өөр хүн ч хийж чадах вэ? Аль хэсэгт та хэтэрхий их цаг зарцуулдаг вэ? Аль алхмыг автоматжуулж эсвэл алгасаж болох вэ? Таны хүсэл мөрөөдөлдөө зарцуулах цагаас хумсалж байгаа зүйлсийг оноож, тэдгээрийг өөр хүнд даалгаж хуваарилах, outsourсing-оор шийдэх, автомат машинд даатгах зэргээр өөрөөсөө холдуул. Таны хувьд гэр бүлдээ болон ажилдаа зарцуулах “чанартай цаг” л хамгийн чухал.

8. Дэвтрээ ширээн дээрээ байлга

Төлөвлөсөн ч түүнийхээ дагуу ажиллаж чадахгүй байна гэж хүмүүс хэлдэг. Өгч чадах ганцхан практик зөвлөгөө бол: ДЭВТРЭЭ ШИРЭЭН ДЭЭРЭЭ ДЭЛГЭЭТЭЙ БАЙЛГААРАЙ. Яг тухайн өдрийн төлөвлөгөөгөө нээгээд хажуудаа байлга. Бүү хаа, бүү ширээндээ далд хийгээрэй. Ер нь л үргэлж өөртөө ойр, нүднээ ил байлгаарай. Хувийн туслах шиг. Өөрчлөгдөх зүйлс мэдээж гарна, тийм үед дэвтэр дэлгээтэй байвал амжуулж чадаагүй ажлыг аль өдөр лүү хойшлуулах, яаж “хөөж барьж авах”-аа хүн төлөвлөж чадна.

9. Хүүхдээ аль болох эртхэн биеийг нь даалгаарай.

Хүүхэд хэдий чинээ эрт биеэ дааж сурна, төдий чинээ ээжид санасан бодсоноо амжуулах цаг зав гарна. Хүүхдээ бага гэж гололгүй, аливаа зүйлсийг өөрөө бие даан хийх боломжийг олгох нь хүүхдэд ч, ээжид ч ашигтай учраас нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг. 2 настайгаас нь эхлээд “Би хийгээд өгье” биш “Би заагаад өгье, миний хүү өөрөө хийгээрэй” гэж хэлээрэй. Аюултай зүйлийг дэргэд нь харангаа хийлгэхэд л болно. Нөхөртөө, хүүхдэдээ, бусдад аль болох итгэх нь ээж хүний цагийн менежментийн гол зарчим.

10. Сошиал медиагаас холд

Төвлөрч ажиллах цаг олдох л юм бол тэр хооронд сошиал медиагаас холд. Групп чатуудаа mute хийж, утсаа хол тавь. Бас ажиллах алтан боломж гарчихаад байхад аягаа ч нэг угаая, хувцсаа ч нэг эвхчихье гэж цагаа үрж болохгүй. Тийм ажлуудыг та хүүхдүүдээ сэрүүн, цуг байхдаа ч хийж болно. Тийм ажлуудыг та хойшлууллаа гээд хэн ч хохирохгүй. Хойшлуулж болох ба болохгүй ажлыг ялгаж салгах нь чухал юм.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022