Ээжүүдэд хэрэгтэй мэдээлэл өгдөг Фэйсбүүкийн 10 хуудас

Мэдээллийн урсгал маш их болсон энэ үед ээжийн ажил үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ олж авахад тань дараах нийтлэл хөтөч болж цаг завыг тань бага ч болтугай хэмнэх болно. Энэхүү 10 хуудсыг бид ээжүүдэд хамгийн хэрэгтэй мэдээ мэдээлэл өгдөг гэсэн шалгуурыг чиглэл болгон ээжүүдийн дунд санал асуулга явуулсан юм. Энэхүү нийтлэлд тус асуулгын үр дүн болон редакцийн саналтай нэгтгэн дараах 10 хуудсыг бид онцолж байна.

  1. Сэтгэл зүйч Г.Хулан  

Тэрээр энэхүү хуудсаараа дамжуулан хүүхэдтэйгээ тоглох тоглоом, хүүхэд хөгжүүлэх хүмүүжүүлэх талаарх мэдээлэл, гэр бүлийн харилцааны талаарх мэдээлэл гэсэн үндсэн сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэн түгээдэг. Түүний пэйж хуудсын пост бүр нь маш бүтээлч байдгаас гадна эцэг эхчүүд бидний хувьд мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй маш олон асуудлуудыг хөнддөгөөрөө онцлог.  Гэр бүл, хүүхэд хүмүүжилтэй холбоотой асуудлуудыг ил гаргаж хөндөхөөс гадна хэрхэн яаж асуудлаа зөв шийдвэрлэх арга замыг нь зураг, бичлэг, текст хэлбэрээр энгийн ойлгомжтой байдлаар тайлбарладаг.

2. Tenuuka’s mom

Дараагийн онцлох хуудас бол Швейцар улсад хүүхдийн хоол зүйч мэргэжлээр суралцаж буй Б.Номингийн хөтөлдөг “Tenuuka’s mom” хуудас юм. Энэхүү худаснаас та хүүхдийн нэмэгдэл хоолыг эхлүүлэхтэй холбоотой мэдээллүүд, Хүүхэд нэмэгдэл хоолонд орох болсныг илтгэх шинжүүд, Хүүхдийн анхны нэмэгдэл хоол юу байвал тохиромжтой вэ?, Хүүхдийн нэмэгдэл хоолны тухай ойлголт зэрэг мэдээллийг авах боломжтой. Түүний хөтөлдөг энэхүү хуудас хүүхдээ нэмэгдэл хоолонд оруулах гэж буй ээжүүдийн хувьд бүхэл бүтэн гарын авлага гэж хэлж болохоор маш цогц дэлгэрэнгүй мэдээллээр дүүрэн байдаг. Мөн ээжүүдэд зориулсан хүүхдийн хооллолтын жишиг хуваариуд нь олон олон ээжүүдэд ач тусаа хамгийн ихээр өгдөг гэдэгт эргэлзэхгүй байна. Б.Номингийн зөвлөгөөг манай #MomExpert буланд мөн онцолж байсан билээ.

3. Hello baby

Мэдээж уншигч та бүхэн манай Hello baby хуудсыг дагадаг байх гэж найдаж байна. Энэхүү хуудсаар дамжуулан та “Жаргалтай үрсийн дижитал зөвлөх” уриатай 0-2 насны хүүхэд хөгжлийн аппликейшнтэй холбоотой шинэ соргог мэдээ мэдээллийг авахаас гадна Hellobaby.mn вэб дээрх шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой. Бид ээж, хүүхэд, гэр бүлтэй холбооотой мэдээ мэдээллийг мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран бэлтгэж өдөр тутамд танд хүргэсээр байх болно.

4. Хөөрхөн шар шувуу” сургалт, судалгааны төв

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зөв харилцах харилцааны арга барил, хүүхэдтэйгээ ном хэрхэн унших вэ, Хүүхдийн анхаарал төвлөрөлт, хэл ярианы хөгжлийг дэмжих энгийн дасгал зэрэг хүүхдийн эерэг хүмүүжлийн аргуудын талаарх мэдээллийг энэхүү хуудсаас авах боломжтой. Г.Төмөрзаяа багш энэхүү хуудсаараа дамжуулан зөвхөн зөвлөгөө мэдээлэл хүргэхээс гадна өөрөө хүүхдүүдэд ном уншиж өгөх, харилцан ярилцах талаарх жишиг видео бичлэгүүдийг оруулж өгдөгөөрөө давуу талтай.

5. Coco Batbuyan

Ээжүүд маань зөвхөн хүүхдээ арчлах биш өөрийгөө ч бас анхаарахаа мартаж болохгүй шүү дээ. Тиймээс ээжүүддээ зориулан арьс арчилгааны талаар зөвлөгөө мэдээлэл хүргэдэг Coco Batbuyan пэйжийг онцолж байна. Та өөртөө зориулан арьс арчилгааны бүтээгдэхүүн авахаар төлөвлөж байвал энэ хуудсаар заавал нэг ороод гараарай. Админы өөрөө туршиж үзсэн сэтгэгдэл, зөвлөгөө мэдээлэл таны цаг зав, санхүүг хэмнэж, өөртөө хэрэгтэй зөв бүтээгдэхүүн сонгоход хэрэг болно гэж найдаж байна. Ялангуяа та тослог, холимог арьстай бол энэ хуудсыг заавал дагаарай. Мөн тэрээр арьс арчилгааны бүтээгдэхүүний орц найрлага, арьсанд үзүүлэх нөлөөний талаар маш бүтээлч, энгийн ойлгомжтой байдлаар Youtube хуудас хөтөлдөг. Ээжүүд бид өөртөө багахан цаг зарцуулахад л тэр өдөр бүхэлдээ үр дүнтэй өнгөрсөн мэт санагдаж, сэтгэл санаа ч өөдрөг болдог шүү.

6. Бичээч ээж

“Энэ ертөнцөд та энгийн л нэгэн ээж харин гэр бүлдээ бүхэл бүтэн ертөнц нь юм шүү” хэмээх уриатай энэ хуудсаас та хүүхдийн хооллолт, хүмүүжил, бичээч ээжийн өдөр тутмын сонирхолтой тэмдэглэлүүдийг унших боломжтой. Мөн эдгээрээс хамгийн чухал нь бичээч ээж харшилтай хүүхдийн асаргаа, хооллолт, арчилгаатай холбоотой судалгаатай мэдээллүүдийг оруулдагаараа онцлог. Бас хүүхдийн хооллолтын талаарх бүтээлч зурагт мэдээлэл оруулдаг нь хамгийн гоё. Түүний #BICHEECHMOM инстаграм хуудсыг дагаж хоолны жоруудыг нэг бүрчлэн харах боломжтой.

7. Нөхрийн хоол

Гэр бүл гэхээр л дандаа эхнэр нь хоол ундаа хийж, гэр орны ажлаа амжуулдаг цаг нэгэнт ард хоцорчээ. Орчин үеийн чиг хандлага хэн завтай нь хийж, хамтдаа бүхнийг амжуулах хэв маяг зонхилж байна. Тийм болоод ч тэр үү сүүлийн үед “Нөхрийн хоол” хуудсыг ээжүүд онцолж байна. Нөхөр нь төрөл бүрийн амтат хоолыг гэр бүлдээ зориулан гараа гарган хийж, эхнэр хүүхдүүд нь амтархан идэж байгааг харуулдаг. Хоолоо хэрхэн хийж байгааг тухайн орчны дуу чимээтэй нь бодитоор харуулдаг болохоор үзэхэд цаанаа л нэг сэтгэлд ойр санагддаг бас ойлгомжтой. Зөвхөн гал тогоонд гэлтгүй гэр бүлээрээ агаар салхинд гарангаа хоол хийж байгаа тухай ч харуулдаг. Энэхүү хуудсыг дагаснаар та шинэ хоолны санаа аваад зогсохгүй сайхан гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрэх болно.

8. Хөдөөний айл

Ховд аймгийн Дөргөн суманд оршин суудаг Ч.Ерөөлтүвшин, С.Буянтогтох нарын хөтөлдөг энэхүү хуудаснаас та Монголын нүүдэлчин ахуй соёл, уламжлалт хоол хүнсний талаарх сонирхолтой мэдээллийг авах боломжтой. Сүүлийн үед видео контентоо англи хэл дээр бэлтгэн хүргэх болсон  бөгөөд Монголынхоо өв соёлыг дэлхийд таниулж байгаа нь тун бахархууштай. Ээжүүд маань гэрийн эзэгтэй  #Буянаагийн булангаар дамжуулан хүүхдийн хооллолт, төрсний дараа хэвийн жиндээ хэрхэн хүрэх талаарх мэдээ мэдээллийг авах боломжтой. Мөн сүүлийн үед бэлтгэн хүргэж буй “Айргын тос хэрхэн хийх тухай”, “Монгол бие биелгээ” зэрэг Монгол өв уламжлалын талаарх видео контентуудыг сонирхон үзээрэй.

9. Чихрээ танасан тэмдэглэл

Ээжүүд бид төрсний дараа стресс ядаргаанд өртөж, тэр хирээрээ амттан идэх зуршил нэмэгддэг. Тэгвэл энэ зуршилаа хэрхэн эрүүл байгалийн хүнсээр орлуулах боломжийн талаарх мэдлэгийг энэхүү хуудаснаас авах боломжтой. Мөн хүүхдүүддээ амттан нэртэй янз бүрийн химийн найрлагатай хортой бүтээгдэхүүн өгөхөөс сэргийлж эрүүл аргаар хэрхэн амттан бэлтгэх тухай мэдлэг ойлголттой болоход энэ хуудас танд тус болно. Чихрээ танах тухайн илүү дэлгэрэнгүй судлахыг хүсэж байвал тус хуудасны админ Г.Энхзулын бичсэн “Сахар” номыг уншихыг зөвлөж байна.

10. The Styless

Энэхүү хуудаснаас ээж та бүхэн орчин үеийн хувцаслалтын минимал хэрнээ загварлаг чиг хандлагын талаарх мэдээ мэдээллийг авах боломжтой.

Мөн саяхнаас “Юуг яаж өмсөх вэ?” цуврал видео контент бэлтгэдэг болсон нь тух сонирхолтой санагдсан. Мөн эднийх виртуал стилистийн үйлчилгээг санал болгодог юм билээ. Ээж та өөрийнхөө стиль имижийг өөрчилж, эмх цэгцтэй хэрнээ загварлаг цөөхөн хувцастай байхыг эрхэмлэж байвал энэ хуудсаар ороод гараарай.

Ээжүүд та бүхэн бас өөрсдийн дагадаг, хэрэгтэй сонирхолтой мэдээлэл орж уншдаг хуудсуудаа бусад ээжүүдэд санал болгож #сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

Сэтгэгдэл бичих