БИ ХҮҮХДИЙН НОЙРНЫ АРГА ЗҮЙЧ БАС ЭЭЖ

Энэ бол миний хүүхдүүдээ тайван унтуулж амраахад хэрэгжүүлдэг аргууд

Хоёр хүүхдийн ээж, Мэргэжлийн хүүхдийн нойрны арга зүйч, Олон улсын хүүхдийн нойрны арга зүйчдийн холбооны гишүүн, The Sleep Corner-ийн үүсгэн байгуулагч Э.Номинзулын зөвлөгөөг танилцуулж байна. Тэрээр 2017 онд анх ээж болсноосоо хойш хүүхдийн нойрны талаар судалж өөрт болон хүүхдэдээ тулгарсан бэрхшээлийг даван туулж улмаар хүүхдийн нойрны итгэмжлэгдсэн сургагч багш болжээ.

Бид бүгд л хүүхдээ сайн унтуулахыг хүсдэг. Нойрны эрүүл ахуй нь зөвхөн хүүхдэд гэлтгүй том хүмүүст ч хамааралтай ойлголт юм. Хүүхдээ сайн унтуулахын тулд бүрдүүлсэн байх 4 хүчин зүйл байдаг.Үүнд:

  • Зөв цагаар
  • Зөв орон зайд
  • Хангалттай
  • Чанартай нойр авах гэсэн үндсэн 4 хүчин зүйлс нь хамтдаа бүрдсэнээр хүүхдийн сайн унтах, зөв унтах нөхцөл бүрддэг. Бид ихэвчлэн аль нэгийг нь орхигдуулах, үл тоох зэргээс болж нойрны асуудалд ордог.

Зөв цагаар унтахын ач тус

Хүн, тэр тусмаа жоохон хүүхдүүд, тодорхой авах ёстой нойр, унтах ёстой цаг, болон сэрүүн байх хугацаа гэж заавал байдаг. Энэ бол хэн нэгэн зохиосон зүйл биш бөгөөд хүн төрөлхтөн анх үүссэнээс хойш л бий болсон зүйл. Хүүхдийн унтах цагууд нь том хүнийхээс өөр байдаг учир бид зөв цагуудыг нь байнга бодолцож баримтлахыг хичээх хэрэгтэй.

Зөв орон зайд унтуулах

Унтаж байгаа орчин нь нэгдүгээрт аюулгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт тав тухтай байх хэрэгтэй. Хүүхэд гэлтгүй том хүмүүст ч хамааралтай. Тохирсон өрөөний хэм, хувцаслалт, үнэр, чийгшил, орны зөөлөн хатуу, дэвсгэр даавуу, гэрэлтэй/харанхуй, чимээтэй/чимээгүй гэсэн бүхэн нь нойронд маш хамааралтай хүчтэй нөлөөлдөг хүчин зүйлүүд юм.

Хангалттай нойр

Хагас дутуу нойртой явна гэдэг урт удаан хугацааны дараа их сөрөг үр дагавартай байдаг. Дутуу нойртой явсаар тэрийгээ нөхөж унтаж амрахгүй байхаар “sleep debt cycle” буюу дутуу нойртой хэмнэлд орж цаашлаад олон нойрны асуудлууд үүсдэг. Хангалттай нойроо авч чадахгүй хүүхдүүд унтахыг улам эсэргүүцэж хэт ядралтай явдаг. Хэт ядралтай явдаг хүүхдүүдийн нойрны хэмнэл тогтворгүй байдаг бөгөөд зан ааш, тархи биеийн хөгжилд нь асар муу нөлөөтэй.

Чанартай нойр

Хүүхэд унтаж байхдаа өсдөг. Гүн нойрондоо бие махбодын нөхөн төлжилт нь болдог бол сэргэг нойрондоо оюун ухааны хөгжил нь явагддаг. Зөв цагаар, зөв орон зайд хангалттай нойроо авч чадсан хүүхдийн нойрны хэмнэл нь чанартай байх нь тодорхой. Чанартай нойр нь зөв амьдралын хэв маяг, зан араншин, бүтээмжтэй байдал, эрүүл саруул сэтгэн бодох зэрэгт шууд хамааралтай.

Бидний гол зорилго бол чанартай нойр гэсэн шатлалруу хүрэх. Хүүхэд чанартай нойр авснаар сайн унтана, зөв нойрны хэмнэлтэй болдог. Харин энд хүрэхийн тулд хамгийн түрүүнд яах хэрэгтэй вэ?

Чанартай нойрны төвшинд хүрлээ гээд асуудал дуусдаггүй, хүүхдийн нойр байнга өөрчлөгдөж байдаг. Зүгээр унтдаг байсан хүүхэд нь гэнэт унтахаа болиод асуудал үүсээд ирвэл аль үе шатлал дээр нь эргээд анхаарах хэрэгтэй вэ гээд дахиад эхэлнэ. Хүүхэд унтаж байхдаа өсөж байдаг. Тиймээс бид хүүхдийн нойронд маш чухал ач холбогдол өгөх хэрэгтэй.

Хүүхдээ унтуулахад туслах 10 зөвлөмж

  1. Тогтсон хооллох хуваарь

Хүүхдийн хооллолт нойр хоёр хоорондоо хамааралтай байдаг. Тухайн хүүхдийнхээ сар, насанд нь тохирсон сүү, хоолны хэмжээг нь сайн ойлгох их чухал. Нийт 24 цагт авах хэрэгтэй илчлэг гэж байдаг. Үүний дийлэнхийг нь өдрийн цагаар авах хэрэгтэй. Мэдээж бага сартай хүүхдүүд бол шөнөдөө сүүгээ уух хэрэгцээ байдаг. Харин том сартай хүүхдүүд буюу 6 сараас дээш сартай хүүхдүүдийн хувьд тухайн авах хэрэгтэй илчлэгийн дийлэнхээ шөнөдөө аваад хэвшсэн бол энэ нь нойронд сөргөөр нөлөөлөөд эхэлдэг. Мөн шөнө олон сэрж сүүгээ уух зуршилтай болдог.

  1. Сэрүүн цагаар нь идэвхтэй цагийг өнгөрөөх
  • Мэдрэхүйг нь хөгжүүлэх, ойлгох их чухал. Зарим хүүхдүүд таван мэдрэхүйн аль нэгэнд нь илүү эерэг хандалт үзүүлдэг бол зарим мэдрэхүй жишээ нь сонсголын мэдрэхүй нь эмзэг байж болно. Чимээгүй орчинд тайвширдаг хүүхэд байнгын чимээ бужигнаанд байхаараа тайвширч чаддаггүй, унтаж чаддаггүй, уурлаж, уйлагнах нь түгээмэл. Эсрэгээрээ чимээ шуугиан бужигнаан ихтэй орчинд тайван байдаг хүүхэд чив чимээгүй орчинд эвгүйцэж унтдаггүй гэх мэт хүүхэд бүр харилцан адилгүй өөр байдаг.
  • Хүүхдийн зан араншинд зохицсон зөв өдөөлт, ээж аавын оролцоо нь хүүхдийг илүү аз жаргалтай, таатай байлгадаг. Тогтмол харилцаа, үг болон хүрэх мэдрэхүйг нь таатай байдлаар өдөөж, харилцаа үүсгэснээр хүүхдийг бага уйлуулж илүү аз жаргалтай байлгах нь эргээд хүүхдээ сайн унтуулахад хүргэнэ.
  • Хаагдмал, хязгаарлагдмал харилцаа буюу зурагт, утас их үзүүлэхийн оронд хамтдаа энерги зарцуулсан тоглоом тоглох. Байнга нэгэн орон зайд, гэртээ байхын оронд гадаа гарч зугаалах зэрэг нь хүүхдийн ерөнхий эрүүл мэнд болон нойронд нь сайнаар нөлөөлдөг. Цар тахлын үед ажиглагдсанаар тоглохыг нь багасгаж зурагт их үзүүлснээр хүүхдийн нойронд сөргөөр нөлөөлж байна.
  1. Тод гэрэл, байгалийн гэрлийн ач тус
  • Өглөө сэрэхэд нь, өдрийн сэрүүн байгаа цагуудад нь тод гэрэлтэй, нарны гэрэл ихтэй байлгах нь хүүхдийг унтахад нь эергээр нөлөөлдөг. Хүний байгалиараа сэрэх унтах тогтолцоог тэнцвэржүүлж байдаг.
  • Дөнгөж төрсөн нярайн өдөр шөнийн ялгаа нь хараахан гараагүй байдаг учир энэ тал дээр та тэвчээртэй байгаарай. 1-3 сарын хооронд тогтворжиж эхэлдэг шүү.
  • Өдрийн цагаар аль болох нарны гэрэлд, гадаа гаргаарай. Харин гэртээ унтахдаа хөшгөө хааж аль болох харанхуй орчин бүрдүүлэх хэрэгтэй шүү.
  • Шөнө цэнхэр туяа ялгаруулдаг гэрлийн төхөөрөмж болон тод гэрлийн хэрэглээгээ багасгаарай. Унтах цаг болоод ирэхэд байгаль дээр ерөнхий орчны өнгө нь шаргал, улбар шар, улаан туяатай болдог  нь хүний мелатонин даавар ялгарахад тусалдаг. Харин өглөө сэрэх үед байгалийн гэрэл нь цагаан, цэнхэр, ногоовтор туяатай байдаг нь хүнийг сэргээж өгдөг. Үүнтэй адил шөнийн цагаар та унтах өрөөний бүдэг гэрэл нь ямар туяатай байгааг анхаараарай.
  • Хүүхдээ нам унтсаных нь дараа нь бүдэг гэрлээ унтраагаарай. Шөнө дунд сэрэхэд нь гэрэл асаахгүй байх, хүүхдийн нойрыг улам сэргээхгүй байх хэрэгтэй. Одоо унтдаг цаг, орой болсон байна, шөнө харанхуйд унтдаг гэдгийг ойлгуулах нь чухал.
  1. Өдрийн унтлагуудын цагууд болон сэрүүн байх цагуудыг нь сайн тооцоолох
  • Нойр нь хүрч байгаа шинж тэмдгийг нь сайтар ажиглах
  • Шөнө сайн унтах нь өдөр сайн унтахтай нь шууд хамааралтaй байдаг.
  • Бага сартай хүүхдүүд өдөр нь дутуу эсвэл бүр унтахгүй байх нь ой санамж, шинэ зүйл сурахад нь сөргөөр нөлөөлдөг.
  • Өдөр муу унтах нь кортизол гэх стресс үүсгэгч даавар ялгаруулдаг. Кортизол хэмээх дааврын хэмнэл нь хүн сэрүүн үед ихээр ялгарч унтах үед буурч байх ёстой. Унтахгүй удаан явах, өдрийн унтлагаа хийхгүй байх нь энэхүү кортизол гормоныг нь ихээр ялгаруулж, хүүхэд унтахаа бүр эсэргүүцэж, тэмцэл өрнүүлдэг.
  1. Унтахын өмнөх бэлтгэл чухал
  • Орой болгон унтахаас нь дор хаяж 20 минутын өмнө ижил дэс дараалалтай хүүхдийг тайвшруулах үйлдлүүд хийж хэвших. Үүнийг 0 сартайгаас нь эхлээд хэрэгжүүлэх нь чухал. Мэдээж хүүхэд томрох тусам бэлтгэл нь арай өөр болж хувирна. Жишээ нь ном уншдаг бол хүүхэд томрох тусам 1-2 ном нэмэх гэх мэт. Шүд нь ургасан бол шүд угаахыг оролцуулах гэх мэт.
  • Өдрийн унтлагын өмнө оройны унтахын өмнөх бэлтгэлийнхээ богино хувилбарыг хийгээрэй.
  • Хүүхдэд энэхүү бэлтгэл хийх нь маш хэрэгтэй байдаг яагаад гэвэл хүүхдэд одоо унтах цаг болж байна гэсэн дохио өгдөг, бас хүүхдийг тайвшруулж сэргэг байдлаас нь унтах байдалд шилжүүлж өгдөг.
  • Гэрэл бүдэг байх, зөөлөн дуу чимээтэй байх, хүүхдийг өдөөсөн сэргээсэн үйлдэл хийхгүй байх, тоглоомуудаа хурааж, 2-3 ном бэлдэх. Унтах цаг болж байна гэдэг дохио хэллэгтэй байх. Энэ үед кортизол багасаж мелатонин гормон ихсэж эхэлнэ.
  • Усанд оруулахыг унтахын өмнөх бэлтгэлд оролцуулах. Хэдэн орой дарааллан усанд оруулж, массаж хийж, зөөлөн хэмнэлтэй тоглоом тоглоход хүүхэд дасаад ирнэ.
  • Халуун усанд хэвтэх, устай холбоотой тоглоом тоглох, хөлөө дүрэх гэх мэт нь 10 минут ч байсан хүүхэд  гэлтгүй том хүмүүсийн нойронд ч сайнаар нөлөөлдөг.
  1. “White noise” цагаан чимээ ашиглах

“White noise” буюу байгалийн нэгэн хэмнэлтэй чимээ нь хүүхдийг тайвшруулж өгдөг. Хүүхэд хэвлийд байхдаа 9 сарын турш чанга дуу чимээнд байдаг шүү дээ. Ээжийнх нь зүрхний цохилт, хоол боловсруулж байгаа, цус судсаар нь гүйж байгаа гэх мэт эдгээр чимээнүүд нь нийлээд маш чанга байдаг. Хорвоод мэндлээд эргээд иймэрхүү цагаан чимээг сонсоод хүүхэд их тайвширдаг. Зарим хүүхдүүд тоос сорогчийн чимээ таалагддаг бол заримд нь борооны дусал эсвэл зүрхний цохилтын чимээ таалагддаг. Хүүхэд болгон өөр гэдгийг санаарай.

  • Заавал цагаан чимээ гэлтгүй бүүвэйн ая, сонгодог хөгжим байж болдог.
  • Цагаан чимээний ач тусын тухай “The Sleep Corner” хуудас дээр байгаа постуудаас уншаарай.
  • Тухайн чимээ нь хүүхдийг тайвшруулах хандлагатай байх хэрэгтэй. Та ч бас өөрөө сонсоод нойр чинь хүрч, тайвширч байна уу гэдгээ анзаараарай.
  • Цагаан чимээг гаргадаг маш олон аппликейшнууд байдаг бөгөөд мөн “Youtube” дээр бас нэлээдгүй олон цагаар үргэлжилдэг бичлэгүүд байдаг шүү.
  • Анхаарах зүйл нь хэрвээ чимээ ашиглаж байгаа бол үргэлж хүүхдийнхээ толгой чихнээс дор хаяж 2 метрийн зайтай байршуулах хэрэгтэй. Хүүхдээ нам унтсан үед нь аажуухан болгох эсвэл бүр унтраагаарай.
  1. Хүүхдээ өдрийн цагаар имж маягаар үүрэх
  • Нярай хүүхэд өөрийгөө ээжээсээ тусдаа нэг хүн гэдгийг мэддэггүй. Энэ мэдрэмжээ 5,6 сараас зарим хүүхдүүд 8,9 сараасаа ойлгож эхэлдэг. Нярай хүүхдийн биеийн болон оюун ухааны хөгжил нь ээжээсээ нөхөж бойждог гэдэг.  Нэг ёсондоо ээжийнхээ тархи биеийг нь ашиглаж амьдрах чадамжаа дээшлүүлж бойжиж байгаа гэсэн үг. Тийм учраас нярай хүүхэд, бага сартай хүүхдүүд тэврүүлэх дуртай, ээжтэйгээ ойр байж, биеийн дулаан мэдэрч, тайвширч сайн унтдаг.
  • Энэ хэрэгцээг нь сайн хангаж өгдөг зүйл бол энэ имж маягаар хүүхдээ үүрэх юм. Мэдээж ороолтоо зөв ороож сурах, хүүхдээ аюулгүй байдлыг үргэлж хянаж шалгаж байх нь хамгаас чухал.
  • Ээж нь хүүхдээ илүү сайн мэдэрдэг. Яагаад байна юу болохгүй байна гэдгийг шууд мэдэж хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь хүүхдэд маш хэрэгтэй.
  • Ээжээсээ хол байгаа нярай хүүхэд тайван байдал руу шилжиж унтахад хэцүү байдаг.
  1. Унтах орон зай

Хүүхдийн унтах орон зай, орчин маш чухал үүрэгтэй. Хамт унтдаг ч бай тусдаа ч бай хүүхдийн унтах орон зай ямар байх хэрэгтэй байдаг вэ?

  • Аюулгүй
  • Харанхуй
  • White noise-тай эсвэл чимээ багатай байх
  • Өрөөний хэм 19-22 градуст
  • Зөв хувцаслалт
  • Эмх замбараатай, тоглоомгүй орчин
  • Өрөөний чийгшил 30-50%-тай барих
  • Хурц үнэргүй
  • Нэмэлтээр оймс эсвэл унтлагын хөнжил өмсүүлэх. Хүний хөл биеийн дулааныг зохицуулж байдаг. Унтангуут биеийн хэм буурдаг. Хөлөөс нь дулаан байлгаснаар биеийн дулааныг тэнцвэржүүлж, цусны эргэлийг сайжруулснаар нойр сайн хүрдэг.
  • Унтах үед хүүхдээ нь хэт халууцаагүй байх. Хүүхдийн унтах орчин хэт халуун байснаар “Sudden Infant Death Syndrome” буюу Нярайн гэнэт нас барах хам шинжийн эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна тухгүй байлгаж нойр хүргэдгүй. Хөлс нь их гарснаар биеийн шингэн алдагдаж, биеийг ядраадаг. Гурван сар хүрсний дараа хүүхэд биеийн хэмээ удирдаж чаддаг гэж судлагджээ. Хүүхдийнхээ шилэн хүзүү болон нурууны дээд хэсгийг нь шалгаад үзээрэй, хөлөрсөн байна уу, халуун байна уу. Өдрийн цагаар хөшгөө хаах, нар бага тусдаг өрөөнд унтуулах, шөнө өрөөний хэмээ буулгах, сэнс эсвэл агааржуулагч ашиглах. Өрөөний чийгшлээ сайн тааруулах, хэт хуурай эсвэл хэт чийгтэй байх нь хүүхдийн биеийн хэмд шууд нөлөөтэй. Хөлөргөдөг хувцас, хөнжил, өлгий, дэрнээс болж байна уу гэдгийг шалгаарай. Хүүхдэдээ 100% цэвэр даавуун хувцас сонгохыг зөвлөе. Үүрээр хүүхэд даарах гээд байдаг учир тэр үед нь оймс өмсүүлэх эсвэл бага зэрэг жоохон зузаалж болно.
  1.  Хөдөлгөөнөөр унтуулах
  • Эхний хэдэн сард хүүхдээ бүүвэйлэх нь хүүхдийг хурдан тайвшруулдаг. Эхэн үедээ муу зуршилтай болгож байна гэдэгт санаа зовохгүйгээр, хүүхэд нь юунд хурдан тайвширч унтаж байна гэдгийг олох нь чухал. Ямарваа нэгэн нойрны холбоос дээр нь санаа зовохоос өмнө хүүхдээ зөв цагаар хурдан тайвшруулаад унтаж сургах нь илүү чухал. Хүүхэд тань нойрны зөв хэмнэлд орсон бол дараа нь бүүвэйлэхийг нь болиулах нь амар шүү
  • Хүүхдээ битгий байнга аваад бай, битгий байнга бүүвэйлээд тэврээд бай гэдэг зүйлсийг ээжүүд бид харамгүй сонсдог. Хүүхэд хэвлийд байхдаа үргэлж хөдөлгөөнд байдаг учир хүүхдийн бүүвэйлэх нь тухайн мэдрэмжийг сануулж, тайвруулдаг. Мэдээж нэг ой дөхөж байгаа хүүхдийг байнга бүүвэйлээд унтуулах нь хэцүү учир энэхүү зөвлөмжийг бага сартай, нярай хүүхдүүдэд түлхүү өгч байгаа юм шүү.

10. Хүүхэддээ иллэг хийж өгөх

  • Хүүхдийн тайван унтуулахад иллэг хийх нь сайн нөлөөтэй. Иллэг нь мелатонин даавар сайн ялгаруулахад тусалдаг.  Мөн иллэг хийснээр бага сартай хүүхдийн гэдэсний дүүрэнгийн асуудлыг нь шийдвэрлэх боломжтой. Ингэхдээ зориулалтын массажны тос, эффирын тосоор мөн шар тосоор иллэг хийж болно.
  • Хүүхэд тань том болсон ч иллэг хийж өгч болно. Ялангуяа нуруу болон хөл, шилбийг нь тосолж, иллэг хийж өгөх нь тайван унтахад тус болдог.

Та хүүхдийн нойрны арга зүйч Э.Номинзулын Хүүхдээ унтуулах 15 энгийн зөвлөмж-ийг подкаст хэлбэрээр сонсохыг хүсвэл энд дараарай.

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022