Анх ээж болоход ямар байдаг вэ?

Анх ээж болоод төрөх орон дээр охиноо энгэртээ тэврэх тэр агшин юутай ч зүйрлэмгүй сайхан мэдрэмж. Бүх биеэс минь хайр ундрахыг мэдрэхийн зэрэгцээ энгэр цээжинд минь наалдан өөрөө мөөмөө идэх гэж тэмүүлж байгаа бяцхан үрээ хараад өөрөөрөө хамгийн их бахархаж билээ. Энэ мэдрэмжийг ээж болсон хүн бүр мэдэрдэг байх.

Дөнгөж эхийн хэвлийгээс төрсөн хэрнээ зөн совингоороо мөөмөө хөхөх гэж хичээж байгаа үрээ хараад эх үрийн холбоо ямар гайхамшигтай ид шидийн зүйл болохыг тэрхэн агшинд бодож амжсанаа санадаг юм.

Шинэхэн орчинд дөнгөж төрөөд дуу хадаан уйлж байсан үр минь ангир уургаа амлаад эхийнхээ цээжинд тайвширч унтав. Тэр өдрөөс эхлээд ээж гэх эрхэм алдрын зэрэгцээ миний гэх ертөнц бүхэлдээ өөрчлөгдөв. Дөнгөж төрсөн бие минь тэнхэрч амжаагүй бололтой сүү гэх зүйл үгүй хөхөө шахах бүрт багахан цэхэр уураг гарах төдий байлаа.

Үүнтэй зэрэгцэн хүүхэд минь төрчихөөд байхад хөхөнд минь яагаад сүү орохгүй байна аа. Хүүхэд минь мөөмөө идэх гээд уйлвал би яана аа. Хүүхдээ өлсгөөд хөхөөрөө цатгаж чадахгүй юм биш биз дээ гэх түмэн бодол хөвөрнө. Яг л санаснаар боллоо эхний шөнө охин минь үе үе сэрж мөөмөө идэхийг хичээнэ. Тэр бүрт ээж нь мөн л хичээж хөхөө байдгаараа шахаж, аль болох ахиухан уураг хөхүүлэхийг хичээнэ. Сүүлдээ уураг ч үгүй боллоо.

Охин минь энэ орчлонд мэндлээд анхны шөнөө өнгөрүүлэх гэж байгаатай зэрэгцэн би ч мөн адил ээж болоод анхны оройг өнгөрүүлэх гэж байна. Бүхэл бүтэн нэгэн бяцхан ертөнц миний тэвэрт хүн болохоор хичээж энгэрт минь шургална. Төрсний дараах өрөөнд надтай зэрэгцэн гурав дахь удаагаа төрсөн “архаг” ээж хүүхэдтэйгээ амар тайван унтаж байгаа харагдана. Хүүхэд нь хааяа нэг уйлах боловч сүүгээ ханатлаа хөхсөн бололтой удалгүй эх үр хоёр хоёулаа тайван амарч байгаа харагдана.

Охин минь энэ орчлонд мэндлээд анхны шөнөө өнгөрүүлэх гэж байгаатай зэрэгцэн би ч мөн адил ээж болоод анхны оройг өнгөрүүлэх гэж байна.

Хааяа нэг үзэгдэх асрагч нар хөхөө сайн хөхүүл, удахгүй сүү орно гэхээс өөр зүйл хэн хэн нь хэлсэнгүй. Дөрвөн килограм төрсөн мантгар охин минь ангир уургандаа цадахгүй байгаа бололтой байн байн сэрээд нэг л тайван биш байгаа нь сэтгэлийг минь улам зовооно. Дэргэд амар тайван унтаж байгаа эх үрийг сэрээчих вий гэсэндээ үрээ энгэртээ тэврээд уртаас урт эмнэлгийн хонгилоор алхлаа. Хүүхдээ тайвшруулах гэж бүүвэйллээ, даарч байгаа болов уу гээд халадаараа хучиж тэвэрлээ, сандал дээр суугаад мөөмөө өгөх гэж дахин дахин оролдов. Тусыг эс олов. Арга бараад “Асрагч нар” гэх хаягтай өрөөний үүдээр шагайлаа. Хэн ч байсангүй.

Эмнэлэг тэр чигтээ нам гүм, үе үе уйлагнах охины минь дуу,  хөлөө чирэн алхлах шаахайны минь чимээнээс өөр зүйлгүй ажин түжин нам гүм. Хааяа нэг хонгилын мухрын гэрэл асаж унтран сүүмэгнэн харагдана. Ингэж байгаад охин минь мөөмөө голчих вий дээ. Эсвэл би сүү муутай ээж юм болов уу. Уг нь ээж эмээ маань өтгөн сайхан сүүтэй байсан гэж ярьдагсан гэхчилэн охиноо тайвшруулахыг хичээхийн зэрэгцээ элдвийг өөртэйгээ ярилцана.

Хонгилын цаанаас гэрэл гэдэг шиг тээр цаанаас эмнэлгийн хувцастай хүн ирж харагдав. Охин бид хоёрыг хараад “за яасан унтахгүй байна уу” гэхэд нь авралын од харсан мэт нүдэндээ нулимс цийлэгнүүлэн “Охин минь өлсөөд байх шиг байна. Сүү ордоггүй” хэмээн итгэл муутай хариулав.

Намайг хараад өрөвдсөн үү, эсвэл над шиг анхлан төрөгч ээжүүдэд ийм зүйл үргэлж тохиолддог болохоор тэр үү нэг их тоосон шинжгүй наашаа ороод ир хэмээн хажуугийн өрөөнд дагуулан оров.

– Алив хүүхдээ задал даа харъя.

– Өө, ийм мантайсан амьтан чинь тэгэлгүй яахав дээ. Хэдэн кг төрсөн бэ.

– 4 кг

– Тэгэлгүй яахав дээ. Бүр өлсчихсөн байна хэмээн гэдсэн дээр нь дарж үзээд хэлэв.

Энэ үгийг сонсохтой зэрэгцэн “хүүхдээ өлсгөдөг муу ээж” гэж өөрийгөө бодон нүдний аяга нулимсаар дүүрээд ирэв.

Энэ үгийг сонсохтой зэрэгцэн “хүүхдээ өлсгөдөг муу ээж” гэж өөрийгөө бодон нүдний аяга нулимсаар дүүрээд ирэв. Том том нулимс бөмбөрч байхыг харсан эгч:

– Хөхөө гарга даа, харъя

– Ийм сайхан хөхтэй байж юундаа уйлдаг юм. Хөхний толгой нь ч сайхан гарчихсан юм байна, гээд том халбага авч ирээд хөхийг минь чанга гэгч шахав. Бүр гол таслах нь уу гэлтэй хөхийг минь дөрвөн хураагаараа хэд хэд чанга шахав.

– Тээр ийм сайхан өтгөн сүү гарч байна. Хар даа, сүү гарч байна шүү дээ. Үүнд чинь уйлж унжих хэрэг огт байхгүй. Чи хүүхдээ хангалттай сайхан цатгах юм байна. Одоо гэрийнхэндээ нэг удаагийн хуурай сүү захиад хүүхдээ угжаад хоёулаа тайван сайхан унтаад ав. Босоод ирэхэд чинь асгартал сайхан сүү орчихсон байна. Эсвэл наагуур чинь ээжүүдэд байгаа даа, асуу гэлээ.

“Чи хүүхдээ хангалттай цатгаж чадна”, “Ийм сайхан хөхтэй юм чинь зүгээрээ, алзахгүй”, “Тайван сайхан унтаад ав”, “Асгартал сүү орно”, “Эв эрүүл, сайхан хүүхэд байна” гэх үгсийг сонсоод айдсаар дүүрэн байсан сэтгэл минь цэлмэж, нар гийх мэт болов. Магадгүй ийм үгс л дөнгөж төрсөн шинэхэн ээж бүрт хэрэгтэй байдаг байх. Даанч төрсөн ээж бүр тэр эгчтэй тааралдаж, эдгээр сайхан үгсийг сонсож чадахгүй.

“Чи хүүхдээ хангалттай цатгаж чадна”, “Ийм сайхан хөхтэй юм чинь зүгээрээ, алзахгүй”, “Тайван сайхан унтаад ав”, “Асгартал сүү орно”, “Эв эрүүл, сайхан хүүхэд байна” гэх үгсийг сонсоод айдсаар дүүрэн байсан сэтгэл минь цэлмэж, нар гийх мэт болов. Магадгүй ийм үгс л дөнгөж төрсөн шинэхэн ээж бүрт хэрэгтэй байдаг байх.

Эсвэл өдөр бүр иймэрхүү нөхцөлд байгаа ээжүүдийг харсаар байгаад эмнэлгийн ажилчид нэг их тоохоо больсон байдаг байх. Тэр эгч намайг баярлаж байгааг харсан ч нэг их анзаарахгүй, шинэхэн ээжүүд ингэдэг л юм дөө гээд бодоод өнгөрсөн байх. Гэтэл эдгээр үгс л сэтгэл санааг минь өргөж, сүү ороход нөлөөлсөн болов уу гэж боддог.

Тэндээс гараад өрөөндөө очоод охиноо хөхүүлэхэд үнэхээр хөхнөөс минь багахан ч гэсэн цагаан сүү дусалж байлаа. Урт урт амьсгаа аваад цээжээ суллах бүрт хөх минь час час хийн улам их сүү орж байгаа нь мэдэгдэв. Охин минь овоо нэг гол орсон бололтой. Мөөмөө хэд сайн сорж аваад бөх гэгч нь тайван унтлаа. Би хөхөө дахин нэг сааж үзэв. Үнэхээр сүү гарч байлаа. Тэрхэн зуур саах тусам улам их сүү ордог гэх ээжийн үгийг санав. Хөхөө саах бүртээ “сүү гарч байна, сүү гарч байна” хэмээн баярлан хэн нэгэнд хэлмээр санагдав. Тэсэлгүй хажуугийн орон дээр хэвтэж байгаа нойрмог эмэгтэйд хэлж орхив. Миний хэлэхийг сонсоод нүдээ нухлан “Өө тэгсэн үү, ашгүй дээ” гэж хэлээд инээмсэглэв.

Та ч сайхан сүүтэй юм аа. Хүүхэд чинь мөөмөө идээд л хөөрхөн унтаад байх юм. Анхны төрөлт дээр бас л чам шиг сүү орохгүй нэлээн юм болсон. Одоо ч мартчихаж дээ. Тэгж байгаад л сүү орчихдог юм гэв…Гэтэл тэгж байгаад л гэх хугацаа нь надад маш удаан санагдаж билээ.

Хөхөнд минь сүү орсон хэдий ч ээж охин хоёр хөхөө хөхөх гэж хэсэгтээ л юм болсон. Охин минь нэг л эвээ олохгүй. Эсвэл би хүүхдээ эвгүй тэврээд байх шиг. Эвээ олох гэж ээж үр хоёр нэгэн цул болж бие биенээ ойлгох гэж хэсэгтээ л удсан санагдана.

Эмнэлгээс гараад удаагүй, хүүхдээ хөхүүлэх гээд эвээ олох гэж хичээж байхад хэн нэгэн дэргэдээс “яасан ч эвгүй хөхүүлдэг юм дээ”, “Чиний хөх чинь ямар хаашаа янзын юм бэ” гэх хэнд ч тус болохгүй хайхрамжгүй үгс сэтгэл эмзэглүүлж, тэр бүрт нь “би муу”, “би бусдаас өөр”, “би сүү муутай” гэх мэт үгсийг өөртөө тусгаж авдаг юм билээ. Иймэрхүү үгсийг эхэндээ сонсоод сэтгэл эмзэглэдэг байсан ч сүүлдээ чихнийхээ хажуугаар өнгөрөөж байх хэрэгтэйг ойлгосон.

Учир нь арван сар биедээ тээж төрүүлсэн үрийг минь надаас илүү ойлгож, мэдрэх хүн гэж үгүй. Би л хүүхдээ хамгийн сайнаараа асарч, хамгаалж чадна. Би хүүхдийнхээ хувьд бүх ертөнц нь. Би хүүхдээ асарч хамгаалахын зэрэгцээ өөрийгөө ч бас хайрлана. Эдгээр бодлыг анх ээж болсон дариудаа ойлгосон юм биш ээ. Угаасаа дөнгөж төрсөн эх хүнд үр хүүхэд минь л эрүүл саруул, тайван байгаасай хэмээн өөрийгөө бодох сөхөө ч байдаггүй юм билээ. Харин одоо өдрөөс өдөрт сэргэлэн цовоо өсөн том болж байгаа охиноо хараад эдгээр үгсийг таван жилийн өмнө дөнгөж төрөөд удаагүй байгаа өөртөө хэлмээр санагдсан юм. Тиймээс дөнгөж амаржсан ээж та ч бас өөртөө итгэл дүүрэн байгаарай.  Та хамгийн сайн ЭЭЖ шүү.

Би хүүхдээ асарч хамгаалахын зэрэгцээ өөрийгөө ч бас хайрлана.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022