БИ ХҮҮХДИЙН ЗАН АВИР ЗАСАЛЧ БАГШ БАС ЭЭЖ

Энэ удаагийн #MomExpert буландаа Токио хотын ABA төвийн зан авир засалч багш Э.Лхамзаяагийн зөвлөгөөг танилцуулж байна. Тэрээр Япон улсад зан авир, танин мэдэхүйн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төвд ажиллаж байсан туршлагатай бөгөөд одоо “Хэл засалч” мэргэжлээр мастерт суралцахаар бэлтгэж байна.

Энэ бол миний бага насны хүүхэдтэй ээж аавуудад өгөх зөвлөгөө

Танд заримдаа хүүхэдтэйгээ хэрхэн харилцах аргаа олохгүй, бухимдах үе гардаг уу? Хүүхэд тань зөрүүдлэн уйлж, тэвчээрийг тань барж байгаа бол та хүүхэдтэйгээ харилцах арга барилаа өөрчлөөд үзээрэй. Ихэнх аав ээжүүд ийм бэрхшээлтэй нүүр тулдаг бөгөөд хамгийн гол нь таны хүүхэд л зөвхөн тийм авир гаргаж байгаа юм биш гэдгийг санаарай. Эцэг эхчүүд бид багахан хичээл зүтгэл гаргаж, хүүхдээ хөгжилтэй, гэрэл гэгээтэй өсгөн хүмүүжүүлэхэд хүүхдүүд аливаа зүйлийг маш хурдан тусгаж авч, ойлгож, засардаг шүү. Хүүхэдтэйгээ харилцахад тань хэрэг болох энгийн зөвлөгөөг хуваалцаж байна. 

Хүүхдээ байгаагаар нь хүлээж авах

Хүүхэд аливаа зүйлсийн учир шалтгааныг төдийлөн сайн ойлгодоггүй учир аашилж, зөрүүдэлдэг гэдгийг мэдсээр байж эцэг эхчүүд бид хүүхдээ асуудлыг улам хүндрүүлдэг. Миний хүүхэд л ааштай, зөрүүд байна хэмээн бодож энэ бүгдийг шууд зогсоох арга хэмжээ авдаг. Аргаа барахдаа хүүхэд рүүгээ хашгичих, гар хүрэх зэргээр асуудлыг шийдэж болно гэж боддог. Ямар ч тохиолдолд хүүхдэд хэзээ ч гар хүрч болохгүй. Энэ бол асуудлыг шийдэх зөв арга зам биш гэдгийг санаарай. Зүгээр л хүүхдээ байгаагаар нь хүлээн авч, ойлгож ярилцахыг хичээх нь хамгийн зөв алхам юм шүү. 

Хүүхдийнхээ онцлогийг ойлгож мэдрэх

Та хүүхдийнхээ насны онцлог, өөрчлөлт, ур чадвар, хөгжлийн талаарх мэдээллийг уншиж, судлаад үзээрэй. Хүүхдийн тархи маш хурдтай хөгжиж байдаг тул нас насны хувьд өөр өөр зан авирын онцлог ажиглагдах нь бий. Хүүхдээ өөр бусадтай харьцуулах нь тийм ч оновчтой санаа биш. Та хүсвэл хүүхэд бүрийн нас насны онцлогийн талаарх мэдээ мэдээллийг хаанаас ч олж унших боломжтой үед амьдарч байгаа маань бидний давуу тал юм.  Энэ талаарх мэдээллийг Hellobaby аппликейшнээс ч авах боломжтой. Мөн миний хөтөлдөг Мишээх ээж хуудсаар зочлоод үзээрэй. 

Тэмдэглэл хөтлөх

Та долоо хоногт нэг удаа хүүхдийнхээ талаар бодож тунгаан тэмдэглэл бичээрэй. Хүүхэд тань юу сурсан, хаашаа явсан, ямар мэдрэмжээ хэрхэн илэрхийлсэн гэх мэтээр бичиж тэмдэглээрэй. Мөн та өөрөө хүүхэдтэйгээ хэрхэн цагийг өнгөрүүлсэн тухай бичиж болно. Дараа нь энэ тэмдэглэлээ харахад хэрхэн хүүхэд тань өөрчлөгдөн, өсөн торниж буйг та анзаарах болно.

Өөрөө хийх боломж олго 

Аливаа зүйлийг хүүхэд өөрөө оролдож, туршиж үзэж байж сурдаг. Зарим эцэг эхчүүд унана, бэртэнэ хэмээн хэт болгоомжилж хүүхдийг өөрөөрөө хөгжих боломжийг нь хаадаг гэдгээ өөрсдөө ч мэддэггүй. Хүүхэд тань асгаж цутгаад ч хамаагүй өөрөө хоол идэх, буруу зөв ч хамаагүй хувцасаа өөрөө өмсөх боломжийг нь түүнд олгоорой. Хүүхэд аливаа үйлдлийг хэд хэдэн удаа оролдлого хийж үзсэний эцэст маш сайн хийж чаддаг болно гэдгийг санаарай. 

Гэр бүлийн цагтай болоорой

Мэдээж гэр бүл дотор эмээ өвөө, хамаатан саднууд багтана. Бид халдварт өвчний энэ цаг үед олон хүнтэй газар байх нь эрсдэлтэй ч хүүхдэд тань өөр бусадтай харилцах нийгмийн харилцаа хэрэгтэй гэдгийг санаарай. Та сардаа нэг удаа ч болов цаг гарган нэгнийдээ зочилж, хамтдаа цагийг өнгөрүүлээрэй. Энэ уулзалтаас хүүхэд тань бусадтай харилцах арга барил, бусдын царайны хувирал, хөдөлгөөнийг сонирхох, таних гэх мэт зүйлст илүү татагдахыг нь анзаараарай. 

Сургалтанд хамрагдах 

Ихэнх ээж аавууд хүүхэд юугаа мэдэхэв гэж боддог ч хүүхдийн хамгийн чухал үе нь 0-3 нас юм. Энэ үед хүүхэдтэйгээ харьцах арга барилаа олоод авчихвал хожим харамсахааргүй болно гэдгийг хэлмээр байна. Хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар зөвлөгөө мэдээллийг цаг гарган уншиж, ойлгох нь энгийн боловч маш их үр дүн өгдөг. Хүсвэл та мэргэжлийн сэтгэл зүйч, хүүхдийг хөгжүүлэх сургалтын төвүүдэд хандаж зөвлөгөө мэдээлэл авч болно. Заавал асуудал гарсны дараа энэ талаар судлах, сургалтанд хамрагдах ёсгүй шүү дээ.

Хэнтэй ч битгий харьцуул

Хэн нэгэн биднийг өөр нэгэнтэй харьцуулаад байвал тийм ч сайхан санагдахгүй байх. Хүүхдээ ч бас хэн нэгэнтэй битгий харьцуулаарай. Хүүхэд бүрийн хөгжлийн явц, зан авир, өндөр, жин, аливааг сурах оролдлого өөр өөр гэдгийг санаарай. 

Сайн ярилцах

Та хүүхэдтэйгээ сайн ярилцдаг уу. Ихэнх хүмүүс тийм гэж хэлдэг. Гэхдээ бид хүүхэдтэйгээ ярилцахдаа зөв оновчтой ярилцах хэрэгтэй байдаг. Жишээ нь хүүхэд тань ямар нэгэн зүйл авах гээд хашгирч уйлах үед та загнах, боль гэхээс урьдчилаад юу гэж хэлдэг вэ? Ийм нөхцөлд та хүүхдэдээ хандан “Миний охин, хүү үүнийг авмаар байсан юм уу? Энэ  удаад авч чадсангүйд уур нь хүрч байгааг ойлгож байна” гээд тэвэрч тайвшруулах гээд үзээрэй. Хүүхэд балчир ч гэсэн маш сайн мэдэрч, сонсож, харж, ойлгож байдаг юм шүү.

Мэдээж ярихдаа хүүхдийнхээ нүд рүү хараад адилхан түвшинд суугаад ярилцаарай.

Биеийн хөгжил 

Дээр хэлсэнчлэн хүүхдийнхээ онцлогийг таньж мэдсэний дараа тухайн сул байгаа хөгжлийг нь гэртээ хөгжүүлэх гэж хичээгээрэй. Биеийн хөгжил, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга, бусадтай харилцах, дургүйцлээ илэрхийлэх чадвар гэх мэт. Бид нэг зүйлд л санаа зовоод бусдыг нь орхигдуулах талтай байдаг шүү. 

Ээнэгшилт

Хүүхэдтэйгээ ээнэгшиж, сэтгэл хөдлөлийн хувьд холбоо тогтоох нь хүүхдийн цаашдын амьдралд төдийгүй ээж хүүхэд хоёрын хоорондын харилцаанд сайнаар нөлөөлөх болно. Зөвхөн харилцаа гэлтгүй сэтгэл зүй, өөртөө итгэлтэй байх байдал, бусадтай харилцах харилцаа, мөн бие махбодийн хувьд ч гэсэн энэ нь эерэгээр нөлөөлдөг. 

Эцэст нь хамгийн чухал нь энийг уншиж байгаа ЭЭЖ та өөртөө ЦАГ ГАРГАЖ, ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ цагийг заавал гаргаж байгаарай. Та өөрийгөө хайрлахгүй бол өөр хэн таны дотоод чанар, зүрх сэтгэлийг тань хайрлах вэ. Өөртөө цаг заавал гаргаж байгаад хүүхэдтэйгээ ажиллаж, харьцаж эхлээрэй. Та уур бухимдалтай байвал хүүхэд тань ч гэсэн таны мэдрэмжийг мэдэрч ууртай байх тал бий шүү.

Цар тахлын нөлөөгөөр боловсролын байгууллагын үйл ажиллагаа хумигдаж цэцэрлэг, ясли хязгаарлагдмал байдлаар ажиллаж байгаа нь хүүхдийн боловсрол хөгжилд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж байна. Хэрэв та хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар Э.Лхамзаяа багшаас тусгайлсан зөвлөгөө авахыг хүсвэл Мишээх ээж хуудаст хандаарай. 

2 Comments

  • Avatar
    Posted 1 сар 3, 2022 1:54 pm 0Likes
    Нийтэлсэн: Зочин

    Bayrlalaa shan zuwulguu bna. Ajiliin amjilt

  • Avatar
    Posted 1 сар 4, 2022 10:45 pm 0Likes
    Нийтэлсэн: Jenny

    Bayarllaa. Mundag badsh Eej bn.

Jenny-д хариулт үлдээх Хариулт болиулах

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022