Омикрон вирусийн шинж тэмдэг хүүхдэд хэрхэн илрэх вэ?

Сүүлийн өдрүүдэд дэлхий даяар Омикрон хувилбарын халдварын тархалтын тоо хурдацтай нэмэгдэж байна.

Ковидын түргэвчилсэн тест болон PCR шинжилгээгээр халдвар авснаа илрүүлж болох хэдий ч аль төрлийн л вирусээр өвчилснөө мэдэх боломжгүй байгаа юм. Энэ нь зөвхөн шинж тэмдгээс хамаарч аль хувилбараар өвчилснөө ялгаж таних шаардлагатай болно гэсэн үг юм.

Хүүхдэд хүнд хэлбэрийн өвчлөл харьцангуй бага байна

Хүүхдэд Ковидын хүнд өвчлөл харьцангуй бага хэвээр байна. Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академийн (AAP) мэдээлснээр, хүүхдийн Ковидын тохиолдол одоогийн байдлаар эрс нэмэгдэж байна. Энэ нь 2021 оны 12-р сарын эхээр ажиглагдсан тохиолдлын тооноос бараг хоёр дахин их нэмэгдэж 12-р сарын сүүлээр 325,000 шинэ тохиолдол нэмэгдсэн байна. Хүүхдүүдийн дунд Ковидийн улмаас хүндээр өвчлөх нь ховор байгаа бөгөөд нийт тохиолдлын 0.1-1.6 хувийг эзэлж байгаа юм.

Хүүхдэд илрэх Омикроны нийтлэг шинж тэмдэг

  • Хоолой өвдөх, сэрвэгэнэх
  • Хамар битүүрэх
  • Хуурай ханиалгах
  • Бие шархирч
  • Бие хөндүүрлэж өвдөх. Ялангуяа нуруу, хүзүүгээр өвдөх
  • Бага зэрэг халуурах

Омикроны шинж тэмдэг нь ихэвчлэн хоолой өвдөж, нус гоожих, ханиалгах хэлбэрээр илэрч байна. Вирусийн энэ давалгаанд өвчтөнүүдийн халууралт илүү хөнгөн байгаа бөгөөд маш цөөхөн өвчтөн амт, үнэр алдагдах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрч байна.  Дельта хувилбараас ялгаатай нь Омикрон нь ханиад томуутай төстэй байдлаар илэрч байна хэмээн Калифорни дахь хүүхдийн эмнэлгийн эмч Доктор Янг онцолж байна.

Дараах нэмэлт шинж тэмдгүүд Омикрон туссан хүүхдэд ажиглагдаж болно

  • Толгой өвдөх
  • Ядрах, бие сульдах
  • Дотор муухайрах, суулгах зэрэг ходоод гэдэс хямрах шинж тэмдэг

Омикрон хувилбарт бага ажиглагдаж буй шинж тэмдгүүд:

  • Амт, үнэр алдагдах
  • Амьсгал давчдах

Их Британийн мэргэжилтнүүд Омикрон нь уушгийг ноцтой гэмтээх шинж тэмдэг харьцангуй бага байгаа нь Дельта хувилбараас ялгагдах гол ялгаа байна гэжээ. Ихэнх тохиолдолд Дельтатай холбоотой амьсгал давчдах, хурдан, гүехэн амьсгалах нь Омикроны халдварын үед илэрдэггүй. Гэхдээ Омикрон халдвартай зарим хүмүүс, ялангуяа вакцинд хамрагдаагүй эсвэл урьд өмнө нь вирусийн халдвар аваагүй бол маш их өвдөж, эмнэлэгт хэвтэх шаардлагатай хэвээр байна.

Шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

Омикрон хувилбар нь шинж тэмдэг өртсөнөөс хойш 3-5 хоногийн дараа илүү хурдан илэрч эхэлдэг. Шинж тэмдгүүд нь таваас долоо хоног үргэлжилдэг бөгөөд гурав, дөрөв дэх өдөр нь шинж тэмдгийн хүндийн дээд үе юм. Долоо хоногийн дараа ихэнх хүмүүсийн бие сайжирч байгаа нь ажиглагджээ.

Омикроны халдвар илүү хөнгөн илэрдэг үү?

Судалгаанаас үзэхэд Омикрон вирус бусад хувилбаруудаас  илүү хөнгөн байж болох ба хүүхдүүдийн хувьд ч илүү хөнгөнөөр өвдөж байгааг тогтоожээ. Гэхдээ Омикрон хувилбар илүү хөнгөн боловч нэгэн зэрэг илүү олон халдвар тархаж буй эрсдэлтэй байгааг онцолжээ.

Омикрон нь маш хурдтай тархдаг. Хэрэв өрхийн нэг гишүүнээс вирусийн шинжилгээ эерэг гарсан бол бусад бүх гишүүд  халдвар авсан байх магадлал тун өндөр гэжээ. Халдвар авсан хүмүүсийг бага насны хүүхдээс тусгаарлан хол байлгах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн арга юм.

Омикрон вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Вакцин хийлгэж чадахгүй байгаа бага насны хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд аль болох олон хүнтэй газраар явахгүй байх нь яг одоо халдвараас сэргийлж чадах хамгийн найдвартай арга юм. Хэрэв хүүхэд тань 2-оос дээш настай бол амны хаалтыг тогтмол зүүлгэх нь үр дүнтэй. Мөн гараа зөв, тогтмол угаахаа бүү мартаарай.

Эх сурвалж: Mother.ly

Сэтгэгдэл бичих