0-2 насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжлөөс хамааран ирээдүйд хүй олны дунд хэрхэн амьдрах нь тодорхойлогддог

Хүүхэд төрсөн цаг, хором, мөчөөс эхлэн хорвоо ерөнцтэй өөрийн бүхий л мэдрэхүйн өндөр түвшинд танилцаж аливаа зүйлийг соргогоор хүлээн авч, өөртөө тусган авдаг. Тиймээс ч мэргэжилтнүүд хүүхдийн амьдралын эхний 1000 хоног бол хамгийн чухал өдрүүд хэмээн онцолдог. 

Хүүхдийн хөгжлийн үе шатууд

Хүүхдийн хөгжлийн үе шатыг дараах ерөнхий дөрвөн ангилалд хуваан үзэж болно. Үүнд:

  • Нийгэмшихүй,
  • Хэл яриа, харилцаа
  • Танин мэдэхүй
  • Хөдөлгөөн, биеийн хөгжил

Дээрх дөрвөн ангилал тус бүр дэх хүүхдийн хөгжлийн ур чадварууд тухайн хүүхдийн сараас хамааран өөр өөр байна. Таны хүүхэд хөгжлийнхөө хувьд хэвийн эсвэл хоцрогдолтой эсэхийг ерөнхий үзүүлэлтээр гар утсан дээрээсээ хялбараар хянах боломжтой. Ингэхийн тулд та Hellobaby аппликейшн дээрх “Таны  хүүхдийн хөгжлийн үе шат” хэсгээс сар бүр өөрийн тэмдэглэлээ оруулан хүүхдийнхээ хөгжлийн үе шатуудыг хянаж үзээрэй.

Эцэг эх та хүүхдийнхээ амьдралын эхний 1000 хоног буюу хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж эхлэх цагаас хойш 2 нас хүртэлх хугацаанд онцгойлон анхаарах хэрэгтэй. Учир нь энэ үед хүүхдийн хөгжлийн үе шатуудын бүх эх суурь тавигдаж ирээдүйд ямар зан араншин, ертөнцийг үзэх үзэл, бие бялдарын хөгжил, өөрийгөө илэрхийлэх чадвар, бусадтай харилцах харилцаа зэрэг нь тодорхойлогдож байдаг. 

0-2 насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжил

Энэхүү нийтлэлдээ бид 0-2 насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийн талаар илүү дэлгэрүүлэн тайлбарлах болно. 

1 хүртэлх насны хүүхдийн зан төрхийн онцлог: 

Хүүхэд ядрах, бие тавгүйрхэх үедээ уурлах, цохих, өшиглөх, хашгирах, хазах, уйлах зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Хэн нэг нь уйлах юмуу сэтгэлийн тавгүй байдал гаргавал хүүхэд шууд уйлна. Хүүхдийн гаргаж буй ааш авир нь ихэнхдээ түүний тухайн үеийн сэтгэл санааны байдалтай холбоотой. Ааш авир гаргасан үедээ хүүхэд бусдын дэмжлэгтэйгээр тайвширна. 

Хүүхэд өөрийгөө танихуй: 

  • Нэрээр нь дуудахад анхаарч харна
  • Өөрийгөө толинд хараад танина 
  • Бусдын тайвшруулж байгааг ойлгож тайтгарна. 

Та хүүхдэдээ хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ?:

Хүүхэдтэйгээ хамтдаа “Чиний нэр хэн бэ” тоглоомыг тоглоорой. 

  • Хүүхдэд ойр байгаагаа мэдрүүлж түүнд харагдахгүйгээр 4-5 алхмын зайд очоод нэрээр нь дуудна.
  • Хүүхэд нэрээ сонсож, нэр дуудсан хүнийг эрж хайна.
  • Хүүхэд хүнийг хайж олоод баярлана. 
  • Хүүхэд өөрөө нуугдаж тоглох оролдлогыг хийнэ. 

Хүүхдийг нэрээ сайн тогтоотол энэхүү тоглоомыг олон давтаж тоглоорой. Тоглох тусам нэрээ мэдэж, хөгжиж, баясана. Энэ тоглоом нь хүүхдийг тайвшруулж , хамтдаа цагийг зугаатай өнгөрөөж болох тухай мэдрэмжийг төрүүлэх болно. 

Хүүхэд бусдын тухай хэрхэн төсөөлөлтэй болох вэ? 

  • Ойр дотны хүмүүсийн дуу хоолойг танина
  • Олон хүний дотроос ойр дотны хүмүүсээ ялгаж танина 

Таны хүүхдэдээ үзүүлэх дэмжлэг 

Та өдөр бүр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлээрэй: 

  • Хүүхдийнхээ дэргэд бусадтай найрсаг, нөхөрсөг харьцана. 
  • Хүүхдэд танихгүй хүнийг ажиглах, яриаг нь сонсох боломжийг бүрдүүлнэ.
  • Хүүхдийг бусадтай тоглох, ярих, бусдын тоглоом, үйлд оролцохыг дэмжинэ. 
  • Хүүхдээс үзүүлж буй харилцааны зөв илрэлүүдийг урамшуулна. Жишээ нь “баяртай, баярлалаа” гэх мэт үгсийг хэлэхэд сургах, хэлсэн тохиолдолд сайшаах. 

2 хүртэлх насны хүүхдийн зан төрхийн онцлог: 

Энэ насанд хүүхдийн баярлах, гомдох, уурлах цухалдах, уйлах зэрэг тогтворгүй зан нь үргэлжилсээр байна. Энэ нь хүүхдийн хэрэгцээгээ илэрхийлж байгаа дохио төдийгүй тэд бусдын анхаарлын дунд байхыг ямагт хүсэж байдгийг илрэл юм.  Гэр бүлийн амьдралд гарсан өөрчлөлт ( ээж, аавын хэн нэг нь байхгүй үед, өөр байранд нүүх, ор дэр солигдох гэх мэт) хүүхдийн зан төрхөд нөлөөлөх хүчин зүйл болно. 

Энэ үед хүүхэд хамгийн түрүүнд өөрөө бие дааж хийх, авахыг оролдоно. Хүүхдийн бие даах хүсэл эрмэлзлийг нь насанд хүрэгчид “чи чадахгүй, боль, битгий” гэсэн хориг тавьдаг. Энэ нь тэднийг зөрүүдлэх, дуугаа хураах, тоомжиргүй хандах зэрэг байдалд хүргэнэ. 

Хүүхэд өөрийгөө яаж таних вэ?

  • Өөрийн нэрийг хэлнэ 
  • Бие даан хийсэн үйлдэлдээ баярлана 
  • Бие даан үйлдэл хийхийг оролдоно. 
  • Өөрийн буруу үйлдэлдээ гэмшинэ.

Таны хүүхдэдээ үзүүлэх дэмжлэг 

  • Та хүүхдийнхээ бодол санаа, хүслийг нь асууж, сонсож байх. Жишээ нь: Чи юу идэж уумаар байна? 
  • Насанд хүрэгчид хүүхдийн бие дааж хийх үйлийг нь дэмжих үүднээс “үгүй”, “болохгүй”, “боль” гэсэн хориглосон үгсийг хэрэглэхгүй байх. Харин хүүхдийн аливаа үйлдэлд тэвчээртэй хандаж чиглүүлнэ. 
  • Та хүүхэдтэгээ тоглох цаг гаргаарай. Тоглохдоо хүүхдийн дуртай тоглоом, наадгай, чихмэл тоглоом, хуруун хүүхэлдэйг ашиглан амьтад болон хүүхдүүд хоорондоо хэрхэн харилцаж, хэрэгцээгээ илэрхийлж буйг биечлэн үзүүлнэ. 
  • Хүүхэд өөрийнхөөрөө зүтгэсэн үед тайван хүлээцтэй хандаж тайвшруулна. 
  • Хүүхдийнхээ мэдрэмжийг хуваалцаж түүний төлөө санаа тавина. Жишээ нь: Өмдөндөө шээсэн тохиолдолд хүүхэдтэйгээ зөөлөн дуугаар дахин шээж болохгүйг тайлбарлаад тайвшруулна. 

Хүүхэд бусдын тухай хэрхэн төсөөлөлтэй болох вэ? 

  • Ойр дотны хүмүүсийг холбогдох нэрээр дуудна 
  • Хүмүүс өөрт нь эерэг сөргөөр хандаж байгааг ялгана 
  • Хүмүүсийн сайхан, муухай ааштай байгааг мэдэрнэ.

Таны хүүхдэдээ үзүүлэх дэмжлэг 

  • Та хүүхдэдээ хориглосон үг хэллэгийг байнга хэрэглэхээс зайлсхийгээрэй 
  • Хүүхэдтэйгээ ярихдаа анхаарлыг нь татаж дотно ярилцаарай. 
  • Бусдын ааш авирын тухай богино үлгэр, өгүүллэгийг сонирхолтойгоор уншиж, ярьж өгнө. Таны уншиж буй зүйлийн агуулга хүүхдэд ойлгомжтой, сургамжтай байхад анхаарна. 
  • Үлгэр, зохиолд гарч буй дүрийн сэтгэл хөдлөлийн талаар тодруулж ярилцана. 

0-2 насны хүүхэдтэй эцэг эхчүүд дээрх аргыг хэрэгжүүлснээр таны хүүхэд өөрийн болон хүмүүсийн зан байдал, сэтгэл хөдлөлийг мэдэрч, өөрийнхөө талаар өөдрөг сэтгэгдэлтэй, өөртөө итгэлтэй болоход тус болохоос гадна дараах нийгэмшихүйн чадваруудыг эзэмших суурь нь зөв тавигдах болно. 

  • Өөрийгөө мэдрэх, илэрхийлэх 
  • Өөртөө үйлчлэх, оролцоотой байх 
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө зохистой илэрхийлэх 
  • Асуудлыг өөрийн хэмжээнд шийдвэрлэх 
  • Бусдыг мэдэрч ойлгох 
  • Насанд хүрэгчидтэй харилцах 
  • Үеийн хүүхдүүдтэй харилцах 
  • Бусад хүүхэд (өөрөөсөө насаар ах, дүү)-тэй харилцах 
  • Орчны өөрчлөлтөд дасах 
  • Хүмүүсийн хоорондох ялгаатай байдлыг ойлгох, хүндэтгэлтэй хандах 
  • Оролдлоготой, санаачилгатай, тууштай байх 
  • Дүрэм журмыг ойлгох, мөрдөх 

Та хүүхдээ тогтож анхааралтай ажиглаад үзээрэй. Хүүхэд харсан, мэдэрсэн, сонссон зүйлээ маш мэдрэг, болгоомжтойгоор хүлээн авч түүнийгээ хэрэгжүүлэхийг дахин дахин оролддог. Улмаар тэрхүү дадал хэвшлүүд нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, амьдралыг үзэх үзэл, бусадтай харилцах харилцаа зэрэг нийгэмшихүйн олон хүчин зүйлд нөлөөлөх суурь болдог.

Хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийн үе шат нь ээж, аав таны зайшгүй анхаарах ёстой чухал сэдэв юм. Хүүхдийн хөгжлийг хэрхэн тоглох, суралцах, ярих хөдлөх, үйлдэл хийж байгаагаас нь харж, мэдэх боломжтой. Хэрэв таны хүүхэд Hellobaby аппликейшн дээрх хөгжлийн үе шатны шалгах хуудастаа 2 ба түүнээс дээш хоцрогдолтой гэсэн үзүүлэлттэй гарч байвал зайлшгүй мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авахыг сануулж байна. Хөгжлийн үе шатыг тогтмол хянаж ажигласнаар та хүүхдээ бодитоор үнэлж, хэрэв аль нэг чадвар нь хоцорч байвал хөгжлийг нь ахиулахын тулд хэрхэн дэмжих, тус болох, ямар арга хэмжээ авах талаар бодолцоорой. Мөн аливаа эмгэгээс урьдчилан сэргийлж, эрт арга хэмжээ авахад тань Hellobaby апп дээрх “Таны хүүхдийн хөгжлийн үе шат” цэс тус болно. 

Hellobaby aппликейшнийг энд дарж татна уу. 

Эх сурвалж: 

  1. Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага, Хүүхдийг Ивээх Сан, 2020
  2. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын зөвлөмж, НҮБ-ын Хүүхдийн сан, 2011
  3. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж, БСШУСЯ, 2019 
  4. https://thornwell.org/childhood-development-center/ 
  5. https://www.scholastic.com 

Сэтгэгдэл бичих