Та юмсыг хүүхдийнхээ өмнөөс хүүхдийн нүдээр харж байсан уу?

#MomExpert Х. Ариунсанаа зөвлөж байна.  

Монтессори Боловсролын Магистр, АНУ-ын PDA (Positive Discipline Association)-н сургагч багш, АНУ-ын АMI (Association Montessori International)-н 0-3 насны хүүхдийн багш

Хүүхдийн оюун ухаан, төлөвшил нь амьдарч буй орчноос хамааран эх суурь нь тавигдаж, хөгжиж байдаг. Хүүхэд амьдралынхаа эхний гурван жилийн хугацаанд сурч мэдсэн зүйл томчуудын хувьд 30 жилтэй тэнцэхээр их хөдөлмөр байдаг. Өөрөөр хэлбэл гурав хүртэлх настай хүүхэд аливаа зүлийг маш соргог хүлээн авдаг бөгөөд тэдгээр сурсан зүйлс нь нийт амьдралынхаа турш сурах зүйлийн 70 хувийг эзэлдэг байна. Хүүхдийн хөгжлийн үе шатыг нийт 4 айд хувааж болох бөгөөд тэдгээрийг тус бүрт нь тайлбарлая.  

Хүүхдийн хэл ярианы хөгжил

Хүүхэд хэлд орохын тулд маш их хүчин чармайлт гаргадаг. Орчин тойрныхоо янз бүрийн дуу чимээнээс хүүхэд хүний хэлэнд соронзон мэт татагдаж олон удаагийн хүчин чармайлтаар хэлд ордог. Эхлээд эгшиг, дараа нь гийгүүлэгч орсон авиа, дараа нь буруу үг, зөв үг хэлж сурах, бүтэн өгүүлбэрээр ярих гэх мэт олон шат давааг даван туулж хүүхэд хэлд ордог.

Гадаад хэлийг бид сурахад ямар их саад бэрхшээл туулдаг билээ. Үүнтэй яг адилхан хүчин чармайлтыг гаргаж байж хүүхэд хэлд ордог. Ингэхдээ шууд л хүссэн зүйлээ хэлж, ярьж чаддаггүй.  Хүүхэд эхэндээ маш сайн ойлгож байгаа хэрнээ түүнийгээ илэрхийлэх боломжгүй байдаг. Энэ үедээ уурлах, зөрүүдлэх, уцаарлаж эсэргүүцлээ илэрхийлдэг. Хүүхэд чинь хэдий сайн ярьж чадахгүй ч бүхнийг ойлгож байгаа гэдгийг санаарай. Уйлж зөрүүдлэх үед нь асуулт асууж, хүслийг нь сонсох замаар нөхцөл байдлыг даван туулаарай. 

Мөн та хүүхдэдээ хэр их ном уншиж өгдөг, хэр их ярилцдаг,  хэл ярианы баялаг орчинд хэрхэн өсгөснөөс хамаарч хүүхдийн хэл ярианы хөгжил өөр өөр байдаг. 

Нийгэмшихүйн хөгжил

Хүүхдийн суурь төлөвшил бага насанд нь тавигддаг. Хүүхэд өөрийн гэсэн дуу хоолойгоороо бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж сурах нь ирээдүйд олон чухал зүйлд нөлөө үзүүлдэг. Зарим хүүхдүүд үг дуу цөөтэй байдаг бол зарим хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх чадвар өндөр байдаг нь эцэг эх, ойр дотны хүмүүс тухайн хүүхэдтэй 0-3 насанд нь хэрхэн харилцаж байсантай холбоотой. Хүүхдээ дуулгавартай байлгах зорилгоор хэт барьсан, загнасан, захиргаадсан байдал нь ирээдүйд хүүхдийг өөртөө итгэх итгэлгүй болох шалтгаан болдог. 

Таны өнөөдрийн гаргаж буй тэвчээр, хүүхдээ хүмүүжүүлэх хүчин чармайлт ирээдүйд асар өндөр үр нөлөөтэй. Ямар ч тохиолдолд хүүхдэдээ гар хүрч, шийтгэх замаар асуудлыг шийдэж болохгүй. Хүн хоорондын харилцааны жишгийг хүүхэд анх төрсөн цагаас эхлэн мэдэрч, харж, сонсож өсдөг. Хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийг зөв тийш нь залснаар ирээдүйд хүүхдийнхээ хэн болохыг тодорхойлдог. Хүүхдээ зөрүүдлэн уйлахад нь алганы амт үзүүлэх үед асуудал шийдэгдсэн мэт санагдах боловч үнэн хэрэгтээ та ирээдүйд аливаа асуудлыг хүчирхийллийн замаар шийддэг хүүхдийг бэлдэж байна гэсэн үг. Хүүхдийн тархи бол яг л порлон шиг шингээгч оюун ухаан байдаг. Амьдралд асуудал тохиолдох, тэвчээр барагдах үе мэдээж олон. Тэр үедээ та уртаар санаа авч өөрийгөө тайвшруулахыг хичээх, тухайн нөхцөл байдлыг түр орхиж өөр өрөөнд орж тайвширсныхаа дараа хүүхэдтэйгээ ярилцахыг зөвлөж байна. 

Нөгөө талаас хүүхдэдээ ч бас  сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, гадагшлуулах боломжийг олгож түүнийг сонсож байгаарай. Хүүхэд тань сэтгэл хөдлөлөө, бухимдалаа гадагшлуулж байна гэдэг бол сайн. Хэрэв хүүхэд тань ямар ч сэтгэл хөдлөлгүй даруу төлөв, дөлгөөн байх нь тийм ч сайны дохио биш юм.

Биеийн хөгжил

Сүүлийн үед цахим хэрэглээ, дэлгэцийн хамаарлаас үүдэлтэй хүүхдийн гараараа аливааг мэдэрч, чимхлүүр тоглоом тоглох, юмсыг мэдрэх үйл явц багасч байна. Гэтэл хүүхдийн балчир насанд тархины хөгжил болон гарын хөгжил бие биенээсээ хамааралтай байдаг. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн гарын жижиг булчинг дэмжсэн үйлдэл хийх нь тархи, оюун ухааныг тэтгэж байдаг. Тиймээс хүүхдийн бие бялдарын хөгжлийг оюуны хөгжлөөс салгаж үзэж болохгүй. Энэ жишээг дөнгөж хөлд орох гэж буй хүүхдээс та анзаарч харах болно. Хөлд орох гэж буй хүүхэд өдөрт хичнээн олон удаа унасан ч дахин дахин босож алхаж сурах оролдлогоо үргэлжлүүлсээр байдаг. Үүнийг та хүн бүр л алхаж сурдаг гэдэг өнцөгөөс харах биш хүүхдийн гайхамшигт оюун ухаан, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүн гэдэг талаас нь ажиглаад үзээрэй. 

Танин мэдэхүйн хөгжил

Хүүхэд аливаа зүйлийг хүрэлцэх мэдрэхүйгэрээ танин мэдэж байдаг. Балчир хүүхдүүд аливаа зүйлийг амандаа хийгээд мэдэрч хүрч үзэх нь тухайн зүйлтэй танилцаж буй байдал юм. Хүүхэд аливаа зүйлийг гараараа барьж үзээд, мэдэрч байж таньж мэддэг. Олон зүйлийг бодитоор харж үзсэн хүүхэд аливаа зүйлийг үндсэн шинж чанараар нь хүлээж авах чадвартай байдаг. Үүнийг “боломжит цонхны үе” буюу мэдрэмтгий үе гэж нэрлэдэг. Энэ үед хүүхэд хэдий чинээ шинэ зүйл, орчинтой танилцана төдий чинээ танин мэдэхүйн үүд хаалга нь нээгдэж байдаг гэсэн үг. Орчны олон өдөөлтөөс хүүхэд алин дээр төвлөрөх вэ гэдгээ өөрөө сонгодог. Тиймээс хүүхдээ аль болох олон орчинд олон зүйлийг үзэж харуулж, танин мэдүүлэх нь чухал ач ач холбогдолтой байдаг.

Та хүүхсдийн өсөлт хөгжилтэй холбоотой дээрх 4 сэдвийн хүрээнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, аливааг хүүхдийнхээ нүдээр харж, ойлгож суралцахыг хүсвэл #Mompowerment ээжүүдийн уулзалт#2-т хүрэлцэн ирээрэй. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

Сэтгэгдэл бичих