Хүүхдийн бие даах чадвар гэж юу вэ?

#MomExpert Х.Ариунсанаа зөвлөж байна.  

Монтессори Боловсролын Магистр, АНУ-ын PDA (Positive Discipline Association)-н сургагч багш, АНУ-ын АMI (Association Montessori International)-н 0-3 насны хүүхдийн багш

Монтессори арга зүйн үүднээс авч үзвэл хүний бие даах хөгжлийг 4 үе шатад хувааж үздэг бөгөөд амьдралын эхний 24 жилийг зургаа зургаан жилээр 4 үе шатанд хуваадаг. Үүнд:

  • 0-6 нас- Бие махбодын хувьд бие даах үе
  • 6-12 нас-Оюун ухааны хувьд бие даах үе
  • 12-18 нас- Нийгэмшихүйн бие даах үе
  • 18-24 нас- Оюун санаа ёс суртахууны хувьд бие даах үе

Аливаа зүйлийн суурь сайн тавигдсанаар дараа дараагийн үе шат илүү бат бөх орших үндэс байдаг. Үүнтэй адил хүүхдийн хөгжлийн суурь буюу 0-6 насны хөгжил сайн төлөвшсөнөөр цаашдын хөгжил боловсролын суурь зөв тавигдах боломжтой болдог. Тиймээс энэ удаад 0-6 насны хүүхдийн бие даах чадварыг илүү тайлбарлая.

0-6 насны бие даах чадвар гэж юу вэ?

Үүнийг дараах үндсэн үзүүлэлтээр тодорхойлно

  •       Хүүхэд бие даан хувцаслах чадвар
  •       Хүүхэд бие даан хооллох чадвар (хөхнөөс гарах, бор хоолонд орох)
  •     Хүүхэд бие даан унтах чадвар

Аливаа зүйлийг бие даан сурах гэдэг хүн төрөлхтний хувьд байнгын тэмүүлж байдаг үйл явц юм. Энэ бол хүнд өгөгдсөн байгалийн хүсэл эрмэлзэл байдаг. Тийм ч учраас хүүхэд “би өөрөө” гэж олон хэлдэг.

Хүүхэд “би өөрөө” гэж хэлэх нь зүгээр л зөрүүдэлж байгаа хэрэг биш юм. Энэ бол хүүхдийн өөрийн эрхгүй суралцах, бие даах үйл явцад татагдаж буй хүсэл эрмэлзэл байдаг. Бие даах хүүхдийн хүсэл эрмэлзлийг анзаараагүйн үүднээс эцэг эхчүүд хүүхдийнхээ урдуур орж аливаа зүйлийг хийх хүсэл эрмэлзлийг нь мохоох тохиолдол түгээмэл ажиглагддаг. Хүүхдийн бие даах хөгжлийн суурь тавигдах үе буюу 0-6 насанд дараах чадваруудыг эзэмшүүлэхэд эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Бие даан хувцаслах чадвар

Ээж аавууд хүүхдэдээ хувцсыг нь сонгохдоо гоё ганган, хөөрхөн харагдах гэхээсээ илүүтэй хүүхэд өөрөө бие даан хувцаслахад нь тохиромжтой байхыг бодолцох нь чухал.  Жишээ нь жижиг товчтой гэхээсээ илүү том товчтой, үдээстэй гутлын оронд оломтой гутал гэх мэтээр нэгдүгээр хүүхдийн бие даах чадварыг харгалзан үзэж сонголт хийж байгаарай. Мөн хүүхэд тань хөтөвчинд сууж сурч байх үед бариу биш өмд өмсүүлэх, мөлхөж сурч байх үед нь хөдөлгөөнд нь саад болохгүй хувцас сонгож өмсүүлэх зэргээр хүүхдийн бие даах чадварыг дэмжихэд бүхий л талаас нь анхаарах хэрэгтэй.

Хүүхэд аливаа үйлдлийг бие даан хийснийхээ дараа маш их урамшин баярлаж, цаашид өөр зүйлийг суралцах хүсэл тэмүүлэлд автдаг. Хувцас бол хүнийг дулаан байлгах, нар салхинаас биеийг хамгаалах гэх мэт анхан шатны хэрэгцээ шаардлагаар хэрэглэдэг зүйл боловч хүүхдийн хувьд энэ бол бие даах чадвараа хөгжүүлэх боломж байдаг. Хүүхэд цамцаа товчилж чадахгүй үедээ энэ жижигхэн товчтой учраас би өмсөж чадсангүй гэж боддоггүй. Харин би товч товчилж чадахгүй учраас л хувцсаа өмсөж чадахгүй юм байна. Дараагийн удаа хэн нэгний туслалцааг заавал авах хэрэгтэй гэсэн бодлыг суулгаж байдаг. Тиймээс аль болох хүүхдийн биед эвтэйхэн тухтай, бие даан хувцаслахад нь амар хялбар байхыг хамгийн түрүүнд бодолцож хувцасны сонголтыг хийх хэрэгтэй. 6 настай хүүхэд өөрөө бие даан хувцсаа өмсөх чадварт бүрэн суралцсан байх ёстой.  

Хүүхдийн бие даан хооллох чадвар

Хүүхэд хөхнөөс гарах үе бол хүүхэд хөгжлийн чухал үе шатуудын нэг байдаг. Энэ үед эцэг эхчүүд болгоомжтой, хүүхдэдээ энэрэнгүй хандах хэрэгтэй. Хүүхдийн хувьд хамгийн их хайрлаж, тайвшрал мэдэрдэг зүйлийг нь өөрөөс нь холдуулна гэдэг сэтгэл санааны хувьд хүнд үе юм. Үүнийг анзаарч ойлгохгүйгээр хүүхдээ хүчээр хөхнөөс гаргах буюу айлгаж, жигшээх аргыг хэрэглэх нь буруу юм. Зарим тохиолдолд ээжүүд хүүхдээ хөхнөөс гаргахдаа давс түрхэх, хар аалз зурах, сормуус наах гэх мэт янз бүрийн аргыг ашиглан хөхнөөс гаргасан тохиолдлууд байдаг ч энэ бол бусдад зөвлөх зөв арга биш юм. Та хүүхдийнхээ оронд өөрийгөө тавиад бодолцож үзээрэй. Үүний оронд хүүхдээ хөхүүлэх зайг холдуулах, шөнөдөө хөхүүлэхгүйгээр унтуулж сургах гэх мэт зөөлөн аргыг ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Монтессори арга зүйн үүднээс авч үзэхэд хүүхдийн хооллох байрлал хүртэл маш чухал.  Өмнө нь хүүхэд ээжийнхээ энгэрт наалдан мөөмөө иддэг байсан бол одоо хүүхдээ тусдаа жижиг ширээ сандалд суулган хооллож эхлэх нь түүнд бие даасан мэдрэмжийг төрүүлж, хөгжлийн шинэ үе ирж байгааг мэдрүүлэх дохио болж байдаг. Ширээнд сууж гэр бүлтэйгээ хамт хооллох нь хүүхдийн нийгэмших хөгжлийн эх үндэс болж байдаг.

Бие даан унтах, нойрсох чадвар

Амьдралын хэв маяг, гэр бүлийн нөхцөл байдал, орчноос хамааран хүн бүрийн унтах хэвшил өөр өөр байдаг. Хүүхэд унтахдаа заавал хөхөө хөхөж, эсвэл бүүвэйлүүлж унтдаг байх нь эргээд хүүхэд болон асран хамгаалагч аль алины хувьд бэрхшээлтэй байдаг. Тиймээс хүүхдээ аль болох бие даан өөрөө унтаж сурах хэвшилд сургах хэрэгтэй. Нойр гэдэг бол зөвхөн хувь хүний асуудал биш гэр бүлийн амьдралын хэмнэлд нөлөөлдөг чухал хүчин зүйл байдаг. Учир нь нойр муутай байх нь тухайн өдрийн гэр бүлийн уур амьсгал, бүтээмж, сэтгэл санааны байдал зэрэг бүх зүйлд нөлөөлдөг. Тиймээс анхнаас нь хүүхэд болон гэр бүлийн гишүүн бүр нойрны зөв хэмнэлтэй болох нь чухал юм.

Та хүүхдийнхээ хөгжил боловсролыг үнэлж, сар бүр хянахыг хүсэж байвал Hellobaby аппликейшн дээрх Таны хүүхдийн хөгжлийн үе шат хэсгийг тогтмол хөтлөхийг зөвлөж байна. 

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022