Ганц бие ээж аавуудын болзооны 9 дүрэм

Салалт бол хүний амьдралд тохиолдох том шийдвэр, өөрчлөлтийн нэг. Энэ өөрчлөлтийн дараа дахин хэн нэгэнд итгэж, харилцаа үүсгэж эхэлнэ гэдэг ганц бие эцэг эхчүүдийн хувьд чухал шийдвэр байдаг. Хэдийгээр та хариуцлага хүлээсэн ганц бие аав/ээж ч гэлээ бүхнийг хүүхдийнхээ төлөө хэмээн өөрийгөө насанд хүрсэн хүний хувьд хайхрахгүй орхих нь тийм ч сайн зүйл биш. Болзоонд явах нь ганц бие ээж аавуудын хувьд бусад хүмүүстэй харьцуулахад илүү төвөгтэй асуудал мэт санагддаг. Үүнээс болоод өөрийгөө бусдаас тусгаарлах, шинэ харилцаа үүсгэхээс зайлсхийх эсвэл эсрэгээрээ үнэ цэнэгүй олон болзоонд явах гэх мэт үйлдэл ажиглагддаг. Хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурлаж, хайрлаж татагдана гэдэг энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл. Харин ганц бие ээж аавуудын хувьд болзоо бол шинэ адал явдал байхын зэрэгцээ ахисан түвшний харилцаа, ойлголцол, итгэл найдвар байдаг билээ.

Дүрэм 1-Хүлээ

Салалтын дараа та болон таны хүүхдүүдийн амьдрал, сэтгэл санааны хувьд өөрчлөлт гардаг. Өөр хэн нэгэнтэй уулзаж, болзох нь таны сэтгэл санааг өргөж болох ч сэтгэлийнхээ дутуу орон зайд өөр нэгнийг оруулахаасаа өмнө дахин бодолцож үзэх хэрэгтэй. Магадгүй тэрхүү орон зайг та өөрийн хийхийг хүсдэг сонирхол хобби, чөлөөт цагаараа хийж үзэхийг хүсдэг байсан зүйлээ хэрэгжүүлж болно. Энэ цаг хугацаа бол та юунд ч баригдалгүйгээр өөрийгөө сонсож, өөрийнхөө хүслээр амьдрах таатай цаг хугацаа байж болох юм. Магадгүй энэ үеэр тантай сонирхол нэгтэй өөр нэгэнтэй учирч болох юм. Өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож, дуртай зүйлдээ цаг гаргаж, тохиромжтой цаг ирэхийг хүлээх нь сохор болзооноос илүү дээр сонголт байж болох юм.

Дүрэм 2Өөрийн асуудалтайгаа нүүр тул

Харилцаанаас харилцаа үүсдэг. Салалт зөвхөн нэг хүчин зүйлээс хамаардаггүй. Асуудалд бодитой хандаж таны зүгээс ямар алдаа дутагдал гаргасан байж болохыг бодож өөртөө дүгнэлт хийгээрэй. Энэ нь таны дараагийн харилцаанд чухал нөлөөтэй. Өмнө нь тулгарч байсан асуудал өөр нэг шинэ харилцаанд ч дахин үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс энэ цаг хугацаанд та өөрийгөө илүү сонсож,  дотоод хүнтэйгээ ярилцахад цаг гаргаарай.

Дүрэм 3-Өөрийгөө чөлөөл

Ганц бие эцэг эхчүүдийн хувьд шинэ харилцаа, болзооны үеэр өөрийгөө буруутгах, дотроо гэмших хандлага ажиглагддаг. Хэрэв та нэгэнт өөрийгөө сонсож, өөр шинэ харилцаа үүсгэхэд сэтгэл зүрх тань бэлэн болсон гэж үзэж байвал гэмших мэдрэмжээ түр зуур ч атугай орхиж өөрийгөө чөлөөлж сураарай. Үр хүүхэд минь гэртээ намайг хүлээж байхад би энд хувийн жаргалаа хөөж явах гэж… гэх мэт бодол ганц бие ээж аавуудын хувьд гэмших мэдрэмжээр илрэх нь бий. Нөгөө талаас таалагдсан хүнтэйгээ хамт болзоонд явахыг хүсэх хүслээс үүдсэн дотоод зөрчил бий болж сэтгэл хөдлөл, улмаар шинэ харилцаанд тань ч сөргөөр нөлөөлөх магадлалтай. Үүний оронд та шинэ харилцаагаа услахын тулд үр хүүхдэдээ зарцуулах цагаасаа тодорхой хэмжээгээр зарцуулах хэрэгтэй болно гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрөөрэй. Энэ хүлээн зөвшөөрлийн дараа танд илүү хялбар, тухайн цаг мөчөө бодитоор мэдрэх боломж бүрддэг.

Дүрэм 4- Юу хүсэж байгаагаа мэдэр

Болзож эхлэхээсээ өмнө шинэ хамтрагчаасаа яг юу хүсэж байгаагаа мэдэхийг хичээгээрэй. Энэ бол хамгийн чухал зүйл. Та бол ганц бие хэр нь хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж буй хүн. Магадгүй зүгээр л цагийг зугаатай өнгөрүүлэх, сэтгэлээ сэргээх үүднээс хэн нэгэнтэй энгийн нэг кофе уух гэж болзож байна гэж бодож болох ч ганц бие эцэг эхчүүдийн хувьд цаг хугацаа, харилцааны эхлэл таны хувьд үнэ цэнтэй. Өөрөөр хэлбэл хэн нэгэнтэй болзож эхлэхээсээ өмнө тухайн хүн таны шалгуурт нийцэж байгаа эсэхийг нягтална гэсэн үг. Утгагүй сонсогдож болох ч үзэг цаас аваад жагсаалт  гаргаж үзэхэд илүүдэхгүй. Яг үнэндээ бид өөрсдийнхөө юу хүсэж байгааг мэддэг гэж боддог ч бичиж, тэмдэглээд харахад бас нэгэн өөр өнцөг харагдах нь лавтай. Бичиж тэмдэглэхдээ харилцаа, амьдралын хэмнэл, хүсэл тэмүүлэл тань юу болох хэрэв өөр нэгэнтэй хамтын амьдрал эхлүүлэхээр бол тэр хүнээсээ юу хүсэн хүлээж байгаагаа дэлгэрэнгүй бичээд үзээрэй.

Дүрэм 5- Хүүхдүүдтэйгээ ил тод бай

Хүүхдүүд тань хэн нэгэнтэй болзож байгааг мэдэх вий гэхээс санаа зовниж байна уу? Үүний оронд та хүүхдүүдтэйгээ нээлттэй харилцах нь илүү амар бас шударга байдал юм. Хэрэв шинэхэн болзоот хүн тань танд таалагдаж, харилцаагаа цаашид шинэ шатанд гаргахаар бодож байгаа бол хамгийн түрүүнд хүүхдэдээ энэ талаар зөв ойлголт өгөх нь чухал юм. Таны болзооны талаарх яриа хүүхдэд тань хачин жигтэй санагдах вий гэж санаа зовсондоо бүү нууцлаарай. Хүүхдүүд харин ч иймэрхүү асуудалд илүү нухацтай ханддаг. Бас ээж аав нь өөртэй нь санаа бодлоо хуваалцан харилцаж байгаад дуртай байдаг. Энэ талаар яриа өрнүүлэхдээ хүүхдийнхээ нас насны онцлогт тохируулан зөвөөр тайлбарлах нь чухал юм.

Дүрэм 6 Ээж/Аав гэдгээ урьдчилан мэдэгд

Та амьдралынхаа бүх түүхийг эхний болзооны үеэр хуваалцах шаардлагагүй ч ээж эсвэл аав хүн гэдгээ хэдий чинээ эрт мэдэгдэнэ, төдий чинээ сайн. Ялангуяа болзоот хүн тань ганц бие бол энэ талаар эн тэргүүнд хэлэх нь чухал. Эцэг эх байхын хувьд та хүүхдээ, хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодолцох нь хамгийн чухал бөгөөд үе үе утас руугаа харан юунд санаа зовж байгаа талаар таамаглал нөгөө хүндээ төрүүлэхгүй бол амар шүү дээ.

Дүрэм 7- Хүүхэдтэйгээ хэн нэгнийг танилцуулахдаа бодолтой байгаарай

Хэрэв болзоот хүнтэйгээ харилцааны илүү гүнзгий шат буюу ирээдүйн хамтын амьдралын талаар ул суурьтай бодож эхэлсэн бол хүүхэдтэйгээ хамтрагчаа танилцуулах нь зүйтэй. Гэхдээ юуны өмнө хэн хэн нь үүнд бэлэн байна уу гэдгийг бодолцоорой. Хэрэв энэ талаар та хоёр хараахан ярилцаагүй байгаа бол та хамтрагчдаа санаагаа хэлж болно. “Харилцаа бат бөх суурин дээр байгаа юм шиг, амлалт хүссэн, жинхэнэ хайр байгаа юм шиг санагдах хүртэл” хүлээх нь зөв гэж гэр бүл судлаачид үздэг. Эс тэгвээс бат бөх биш харилцаанаас үүдэн хүүхдэдээ буруу ойлголт төрүүлэх эрсдэлтэй байдаг. Өөр хэн нэгнийг онцгойлон танилцуулчхаад дараа нь өнөөх хүн нь гэнэт алга болох үед хүүхдийн сэтгэл зүй хямрах эрсдэлтэй.

Дүрэм 8- Тулгарч болох аливаа сорилтыг урьдчилан хэлээрэй

Та хүүхдүүддээ болзоот хүнээ танилцуулахаар төлөвлөж байгаа бол хүүхдүүдийнхээ дадал зуршил, зан чанаруудын талаар үнэнч шударгаар хэлэхээс бүү ай. Эцсийн эцэст хэрэв энэ хүн таны болон таны хүүхдүүдийн амьдралд цаашдаа байнгын байр суурь эзэлнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бол ирээдүйд та болон танай гэр бүлд учирч болох сорилтыг шударгаар хэлэх нь зөв. Тухайлбал хүүхдээ ням гариг бүр дамжаанд нь хүргэж өгдөг, хүүхдийн сурлагын хувьд асуудалтай байгаа, хүүхэд тань илүү их асаргаа шаарддаг гэх мэт цаашдын хамтын амьдралд хуваалцан хариуцлага үүрэх зүйлсийг урьдчилан мэдэгдээрэй.  

Дүрэм 9 –Үнэ цэнгүй болзоонд цаг бүү гарга

Уйдсандаа эсвэл сэтгэлээ сэргээх үүднээс таалагдаагүй хүнтэйгээ “Зүгээр л уулзаж байна” гэдэг шалтгаанаар болзох нь хүүхэдтэй, төлөвшсөн хүний хувьд тийм ч хүсүүштэй зүйл биш. Мэдээж анхны болзоогоор цаашдын харилцаагаа тодорхойлоход төвөгтэй ч өөрийн үнэ цэнэ, хүлээлтийн шугамаа мэддэг хүмүүс ийм зүйлд цаг хугацаагаа зарцуулах нь ховор. Таныг үл хүндэтгэсэн, болзооны цагаасаа үргэлж хоцордог, хамт байхдаа үргэлж утсаа оролддог, ямар нэг өөр зүйл рүү яардаг, шалтаг тоочдог гэх мэт харилцааны хайхрамжгүй үйлдлүүд нь ганц бие ээж/аав хүний хувьд бусдын өмнө хүлцэнгүй байх шалтгаан биш юм шүү.

Hellоbaby! Бүх ганц бие ээж аавууддаа их хайрыг ерөөе!

Сэтгэгдэл бичих