Нялх, бага насны хүүхэдтэй хосуудын бүтээлч болзооны санаа

Хэн нэгэнд хайраа илэрхийлнэ гэдэг зөвхөн шинэхэн хосуудад л хамаатай ойлголт биш ээ. Энэ бол нялх балчир хүүхэдтэй хосууд, он удаан жил хамт амьдарсан хүмүүсийн аль алиных нь хувьд чухал.  Хосууд бие биедээ хайраа илэрхийлж, түүнийгээ үйлдлээрээ мэдрүүлнэ гэдэг хамгийн сайхан зүйлсийн нэг байдаг. Ялангуяа нялх балчир насны хүүхэдтэй хосуудын хувьд харилцаагаа “усалж” хоёулхнаа байх, ярилцах цаг гаргах нь бие биеэ илүү таньж мэдэх, хамтын амьдралаа утга учиртай өнгөрүүлэхэд чухал нөлөөтэй. Тиймээс бид нялх балчир хүүхэдтэй хосуудад зориулсан хялбар хэр нь бүтээлч болзооны санаануудыг зөвлөж байна.

Гэртээ романтик оройн зоог барих

Гадуур оройн зоог барих гэхээр боломжгүй эсвэл хүүхэд харах хүнгүй байвал энэ аргыг хэрэгжүүлээрэй. Романтик орчин бүрдүүлэхэд тийм ч их зүйл шаардагдахгүй. Өөрийн хамгийн сайхан хийдэг хоолоо гараа гарган хийгээд онцгой зоогийн ширээ засахад л болчихно. Нэмэлтээр  лаа, ширээний бүтээлэг, нэмэлт декор зэргийг ашиглан орчноо бүтээлчээр өөрчлөөрэй. Нялх хүүхэдтэй учраас гадуур гарч хооллох боломжгүй ч гэсэн онцгой өдрийг зүгээр өнгөрөөмөөргүй байвал энэ санааг заавал хэрэгжүүлээрэй.

Гэрийн спа

Халуун ваннд хэвтэж, бүтэн биеийн иллэг хийлгэж, нүүрэндээ бигнүүр тавиулж байна гээд төсөөл дөө. Төсөөлөх төдийд л бие амарч, тайвширч байгааг мэдэрч байна уу? Энэ бүхнийг та гэртээ, хайртай хүндээ зориулан бэлдэхэд тийм ч их цаг зав, хөдөлмөр зарцуулахгүй. Ваннд халуун ус дүүргээд сарнайн дэлбээ хөвүүлэх, хөөстэй ванн бэлдэх, хундага дарс тулгах зэрэг энгийн хэр нь сэтгэл хөдөлгөм зүйлсээр санаагаа баяжуулаарай.

Романтик өглөөний цай

Хэрэв танай гэр бүлийн хувьд өглөөний цаг илүү тайван байдаг бол энэ үеийг ашиглан бүтээлч өглөөний цай бэлдэж хайртыг баярлуулж болох юм. Жишээ нь гүзээлзгэнэтэй шарвин, зүрхэн хэлбэртэй талхтай өндөг, дуртай цайтай нь хамт бэлдэж өгөх нь гайхалтай өглөөний эхлэл байх болно.  

Бие биедээ зориулан захидал бичээрэй

Хосууд бие биеэ мэддэг гэж боддог ч яг үнэндээ юунд баярлаж, талархдаг, яагаад түүндээ дурласан тухайгаа тийм ч нээлттэй ярилцаж чаддаггүй. Тэгвэл харилцаагаа илүү үнэ цэнтэй болгохын тулд сэтгэлийн үгтэй захидлаар дамжуулан бие биедээ сэтгэлээ илчилж болно. Ярихаас илүү бичих нь хүний бодол санааг бүрэн илэрхийлдэг болохоор энэ санаа хэн хэнд тань таалагдана гэдэгт итгэлтэй байна. Цаас үзэг аваад бие биедээ хосын захидал бичиж үнэ цэн бэлэглээрэй.

Зүрхэн хэлбэртэй шоколад

Зүрхэн хэлбэртэй бэлдэц аваад түүндээ шоколад хайлуулан бэлтгэж, хайртынхаа дуртай амттатнаар чимэглээрэй. Энэ нь уламжлалт санаа боловч хэзээ ч хуучрахгүй нандин блэг болох болно. Хэрэв та шоколад хайлуулах цаг зав багатай бол бэлэн зүрхэн хэлбэртэй шоколаднаас сонголтоо хийсэн ч болно.

Гэрлээ унтраагаад хамтдаа кино үзэх

Бага насны хүүхэдтэй учраас хайрттайгаа хамт кино театр яваагүй удсан нь лавтай. Тэгвэл дуртай амттан, попкорн зэргийг бэлдээд гэрлээ унтраан буйдан дээрээ тухлан суугаад гэртээ хамтдаа кино үзэж яагаад болохгүй гэж. Бага насны хүүхэдтэй хосуудын хувьд сексийн харилцаа өмнөхөөсөө идэвхгүй болох нь элбэг. Хэрэв та хоёр баримтат кинонд дуртай бол, мөн сексийн харилцаандаа шинэ  ахиц гаргахыг хүсэж байвал “Netflix” дээр эрэлттэй байгаа “SexLove&Goop” цувралыг үзэхийг санал болгож байна. Кино үзсэнийхээ дараа үзсэн зүйлсээ хамтдаа бүтээлчээр туршиж, хэрэгжүүлж болох юм.

Өмнө нь хийж үзээгүй хоолыг хамтдаа хийж үзэх

Бага насны хүүхэдтэй хосуудын хувьд хамтдаа хоол хийж бие биедээ туслах нь хэзээд сайхан санаа байдаг. Ялангуяа өмнө нь огт хийж байгаагүй хоолоо зааврын дагуу хамтдаа хийж турших нь хэн хэнд нь сонирхолтой байх болно. Туршил бүтэлгүйтсэн ч бай хоолоо бүтээлчээр таваглан зургийг нь авч хадгалаарай. Хүсвэл өөрийн сошиал хуудсаараа хуваалцсан ч болох юм.

Бие биеэсээ асуулт асуух 

Хосууд бие биеийхээ хүсэл мөрөөдөл, дуртай зүйл, дотно харилцааны нууцхан хүсэл гэх мэт асуултуудыг бие биеэсээ ээлжлэн асуугаарай. Иймэрхүү асуултууд цагийг зугаатай хэрнээ, бие биеэ илүү сайн ойлгодог болоход тус болдог. Хайртын чинь хэлсэн бүх хариултууд сэтгэлд чинь нийцэх албагүй бөгөөд байгаагаар нь хүлээн авч, сонсож ойлгохдоо гол анхаарлаа хандуулаарай. Хосуудын харилцааг зузаатгах 50 асуултыг энд дарж уншаарай. 

Хайрттайгаа гадуур болзох санаанууд

Хэрэв та хоёрт хүүхдээ хэн нэгэн найдвартай хүнд үлдээгээд гадуур болзох боломж олдсон бол дараах болзооны санаануудаас туршиж үзээрэй. Ресторан, кино театр гэх мэт хосууд гадуур гарахдаа хийдэг энгийн санаануудаас илүү өөр шинэлэг санааг хамтдаа хэрэгжүүлэхэд тань тус болох дараах санаануудыг зөвлөж байна.  

Хамтдаа бүжгийн нээлттэй хичээлд хамрагдаж үзэх 

Хосууд мөртлөө амьдралдаа нэг ч удаа жинхэнэ утгаар хамтдаа бүжиглэж үзээгүй гэвэл харамсалтай биш гэж үү? Хайрттайгаа хамт хоёр цагийг шинэ бүжиг сурангаа биеийн хэлэмжээр нэгнээ ойлгоход суралцаж болох юм.  Хосын бүжиг бүжиглэж байх үед аз жаргалын даавар ялгарч сэтгэл санааг өөдрөг болгох сайн талтайгаас гадна хосууд бие биеэ үгээрээ биш үйл хөдлөлөөрөө харцаараа нэгнээ ойлголцож сурахад эерэг нөлөөтэй гэж үздэг байна. Бүжгийн сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Social Dance in Mongolia хуудаснаас аваарай Мөн Дөлгөөн Дарьсүрэн багшийг дагаарай. 

Ногоон орчинд болзъё

Өвөл зунгүй ногооноороо байх тав тухтай хүлэмжид, фермерүүдийн өөрсдийн гараар тарьж ургуулсан эрүүл, органик хүнсний ногоогоор бэлтгэсэн амтат хоолыг зооглонгоо хайрттайгаа шинэ орчинд болзоорой. Хотоос холгүй бас эрүүл цэвэр агаартай учраас гэр бүлээрээ зорин очиж, хүсвэл тав тухтай өрөөнд хоноод явсан ч болно. Амьд цэцэгс, жимс ногоогоор хүрээлүүлсэн Farmhouse Retreat-ийн ногоон орчин танд тайвшрал, тэс өөр  мэдрэмжийг өгөх болно. 

Экстрийм аялал

Хэрэв та хоёр адал явдалд дурлагч бол Нохой чарганы аялал-д явахыг санал болгож байна. Хамтдаа морь унаж, нохой чарга хөллөн мөсөн дээгүүр зугаалах нь адал явдал хайгчдын хувьд жинхэнэ тохирох санаа байх болно. Аялалд гарахдаа нэгдсэн унаагаар буюу автобусаар явах боломжтой. Энэ үеэр хосууд хоорондоо тухтай ярилцах боломж бүрддэг шүү. Аялалд явахдаа мэдээж дулаан хувцаслаж, хувийн бэлтгэлээ сайн хангаарай. Мөн Extreme Mongolia хуудаснаас өөр өөр зүйлсийг туршиж адал явдалтай болзоо бүтээж болох юм. 

Үдшийг хоёулхнаа өнгөрүүлье 

Олон хүүхэдтэй гэр бүлийн хувьд хоёулхнаа өнгөрүүлэх цаг зав гаргах нь хосуудын амьдралд чухал нөлөөтэй. Хааяа ч болов хүүхдүүдээсээ түр зуур холдож, бие биетэйгээ тайван ярилцах цагийг аль болох ойр ойрхон гаргахыг хичээгээрэй. Хэрэв та тансаг, өөр орчин хайж байгаа бол Bayangol Hotel&Resort, тав тухыг илүүд үзэж байвал  Арга билиг ресорт -ийг сонирхоод үзээрэй. Хүүхдүүд мэдээж гэр бүлийн утга учир мөн ч гэлээ хайрттайгаа өнгөрүүлсэн утга учиртай цаг хугацаа ч бас үнэ цэнтэй билээ. 

Сэтгэгдэл бичих