Бүтэн нойртой ээж болоход тань туслах хүүхдийн нойрны экспертийн зөвлөгөө

Хүүхдээ зөв нойрны хэмнэлтэй болгохын ач холбогдол 

Бага насны хүүхэдтэй ээж аав бүхэн дутуу нойртой байдаг, хүүхэд таван  нас хүрэх үед л бүтэн нойртой болдог эсвэл хүүхэд угаасаа л шөнө олон сэрдэг гэж ихэнх ээж аавууд боддог. Гэтэл орчин үед энэ хэвшмэл ойлголтыг эвдэж хүүхдээ эрүүл, зөв нойрны хэмнэлээр  асрахын зэрэгцээ өөрөө ч бүрэн нойртой өглөөг эрч хүчтэйгээр эхлэх ээж аавууд байдаг гэвэл та итгэх үү? Хүүхдээ зөв нойрны хэмнэлтэй болгохын ач холбогдлын талаар энэхүү нийтлэлээс уншаарай. 

Нойр ба хүүхдийн өсөлт хөгжил

Энэ бол зөвхөн хүүхдийн бие мах бодийн хувьд хамаатай ойлголт биш юм. Хүүхэд унтаж байхдаа тархи мэдрэлийн тогтолцоо нь маш хурдацтай хөгжиж байдаг. Тиймээс хүүхдээ хангалттай, зөв нойрны хэмнэлээр унтуулах хэрэгтэй. Зөв нойрны хэмнэлтэй хүүхэд унтаж сэрээд сэргэлэн цовоо байхаас гадна сэрүүн байх үедээ аливаа шинэ содон зүйлсийг сурахдаа сэргэг, сониуч, баяр хөөртэй байдаг. Хүүхдийн хөгжлийн үсрэлтийн үе гэж байдаг бөгөөд 1 ой 9 сар хүртлээ толгойгоо дааж сурах, эргэж хөрвөөх, шүд нь ургах, бор хоолонд орох, мөлхөх, хөлд орох,, хэлд орох гэх мэт 10 том хөгжлийн үе шатыг давдаг. Энэ үеүдэд хүүхдийн нойрны хэмнэл тодорхой хэмжээгээр алдагдаж болох ч нойрны зөв хэмнэлийн талаар ойлголт мэдлэгтэй болж түүнийгээ хэрэгжүүлсэн үед энэ бол тийм ч том асуудал биш юм. 

Нойрны зөв хэмнэл

Зөв нойрны хэмнэлийг хүүхдэдээ хэвшүүлэхийн тулд эхлээд хүүхдийн нас сарын онцлогоос хамаарсан хуваарийг ойлгож авах нь чухал. Жишээ нь таны хүүхэд 6 сартай бол өдрийн нийт унтах цаг 14-15 цаг байх бөгөөд өдрийн унталтын тоо 3-4, нэг удаа унтахдаа 30 минутаас 2 цаг хүртэлх хугацаагаар унтах нь хэвийн гэж үздэг. Харин сэрүүн байх хугацааны хувьд 90-120 минут, орой 7-8 цагийн үед унтаж шөнөдөө 10-12 цагийн нойр авснаар хангалттай бүрэн унтаж амарсан гэж үзэж болох нь ээ. Та доорх хүснэгтээс өөрийн хүүхдийн насны онцлогт тохирсон нойрны зөв хэмнэлийн талаар мэдээллийг харах боломжтой. 

Эх сурвалж: The Sleep corner

Энэхүү хүснэгтийн тумламжтайгаар та хүүхдээ унтуулах зөв хуваарийг баримтлах боломжтой болж байна гэсэн үг. Хэрэв та хүүхдээ зөв хуваарийн дагуу унтуулж сургаагүй бол одоо ч үүнийг хэрэгжүүлэхэд оройтоогүй. Хүүхэд аливаа зүйлийг маш амархан сурдаг бөгөөд эцэг эхчүүд бид өөрсдөө багахан хичээл зүтгэл гаргаад, хүүхдээ ажиглаж, нойр нь хүрч байгаа үед унтах бэлтгэлийг хангах нь чухал юм. Хүүхэд унтах үед нь буюу нойр хүрч байхад нь унтуулаагүйн улмаас хэт ядралтын дараагийн хэмнэлд шилжих буюу гэнэт сэргэг болж, хэт хөөрөлтэй болдог. Энэ үед хүүхдүүд унтах гээд ядарч байсан ч гэсэн унтаж чадахгүй байх төлөв рүү шилждэг. Тиймээс дээрх хуваарийн дагуу хүүхдээ унтуулж, сэрүүн үед нь хооллох, тоглох зэргээр хамтдаа цагийг өнгөрүүлээрэй. Хүүхдээ зөв нойрны хэмнэлтэй болгоход дээрх хуваариас гадна ямар нэг зүйлээс хамааралгүйгээр, өөрөөр нь унтуулж сургах, унтах зөв орон зай бүрдүүлэх зэргийг харгалзан үзэх нь чухал байдаг. Энэхүү хуваарь нь жишээ учир аль болох дөхүүлж хүүхдийнхээ зан ааш, сэрүүн байх чавдарт нь тохируулаарай. Заасан хугацаа жоохон хэлбэлзэх боломжтой байдаг шүү. Жишээ нь зарим 9 сартай хүүхдүүд 3 цаг сэрүүн байж чаддаг эсвэл зарим 4 сартай хүүхдүүд 1 цагаас илүү сэрүүн байж чаддаггүй ядарч эхэлдэг байж болно.

Гэр бүлийн гишүүдийн нойрны зөв хэмнэл

Нойргүй ээж аав ба бухимдалтай гэр бүл 

Бага насны хүүхэдтэй ээж аавуудын хувьд хүүхдээсээ хамааралтай нойрны хэмнэлд орсон байдаг. Хүүхэд нь хэт оройтож унтах эсвэл хэт эрт  сэрэх, өдөртөө хангалттай унтахгүй байх зэрэг нь гэр бүлийн гишүүдийн амьдралын хэмнэлд нөлөөлдөг. Нойр дутуу ээж аав мэдээж хангалттай амарч чадаагүйгээс үүдэн ядарч, сэтгэл санаа тавгүй сэтгэл санааны гутрал гэж оруулах уу? postpartum depression тухай, уур уцаартай болдог. Ууртай ээжийн нөлөөгөөр аав ууртай болж, ууртай аав ээжийн нөлөө гэр бүлийн бусад гишүүдэд ч таагүй уур амьсгалыг бий болгодог. 

Нойрны зөв хэмнэлтэй аз жаргалтай гэр бүл 

Угтаа бол хүүхэд өөрийн нас насны онцлогт тохирсон нойрны хэмнэл, унтах цагтай байдаг. Үүнийг мэддэг гэр бүлүүд өөрсдийн амьдралын хэмнэлээ бага зэрэг өөрчилж хүүхдийнхээ унтах цагт тохируулснаар энэ хэцүү мэт санагдах үеийг хялбархан даван туулж болно. Хүүхдийнхээ нойрны хэмнэлд тохируулан бусад ажлуудаа амжуулах нь хэцүү мэт санагдавч нөгөө талаараа гэр бүлийн гишүүдийг амьдралын болоод зөв нойрны хэмнэлтэй болоход эерэг нөлөө үзүүлдэг. Жишээ нь том хүн шөнийн 12-02 цагт гүн нойроо авч чадсан үед өглөө сэргэг эрч хүчтэй байдаг. Ингэхийн тулд та 11 цаг гэхэд өөрөө орондоо орж унтаж амрахад бэлэн болсон байх ёстой. Бага насны хүүхдүүд оройны 7-9  цагт унтах ёстой гэж үзвэл та хүүхдээ унтуулсныхаа дараа өөрөө унтах хүртлээ гэртээ амжуулах ёстой бусад зүйлсээ эсвэл өөртөө цаг гаргах боломжтой болдог.  Өөртөө болон хосууд хамтдаа хэдхэн цагийг ч болтугай өнгөрөөх нь сэтгэл санааны байдалд маш эерэгээр нөлөөлдөг.

Нойрны мөчлөгийг мэддэг ээж аав 

Бага сартай хүүхдүүд  1-2 удаа сэрж мөөмөө хөхөх, угж идэх зэрэг нь хэвийн бөгөөд энэ үед нь хүүхдээ бүрэн сэрээлгүйгээр өөрөөр нь буцаж унтуулах чухал байдаг. Хүний нойр гүн нойр, сэргэг нойр гэсэн 2 төрөлд хуваагддаг. 0-3 насанд хүүхдийн тархины хөгжил хурдацтай явагдаж байдаг тул хүүхэд сэргэг, гүн нойрыг аль алиныг нь бүрэн авах нь чухал. Хүүхдийн сэргэг нойр нийт унталтынх нь 50 хувийг эзэлдэг. Гүн нойр дотроо хэд хэдэн үетэй үргэлжилдэг ба хүүхэд ихэвчлэн нойрны мөчлөг хоорондоо сэрдэг. Зарим хүүхдүүд сэрсэн ч өөрөө буцаад унтахад суралцсан байдаг. Нойрны мөчлөг ба түүний үе хоорондын талаар мэддэг ээж аавууд  хүүхдээ уйлах төдийд нь тэвэрч, мөөмөө хөхүүлж, угжихыг хэвшил болгодоггүй. Үүний оронд хүүхдээ сонсож, ажиглаж, өөрөө унтаж сурах боломжийг олгодог. 

Хүүхдийн нойр ба гэр бүлийн амьдралын зөв хэмнэл 

“Хүүхэд эхний гурван сартай байх үедээ амар байдаг” гэж ихэнх хүмүүс ярьдаг. Энэ бол 0-3 сартай хүүхэд ихэнх цагийг буюу 15-18 цагийг унтаж өнгөрүүлдэг болохоор хүүхэд их анхаарал  асаргаа шаардахгүй амар байсан мэт санагддаг. Түүнчлэн нойрны хэмнэлийг ойлгоогүй ээж аавууд хүүхдээ унтсан хойгуур өөрсдөө  оройтож унтах, хүүхдээ өдрийн цагаар нэг удаадаа хэт олон цагаар унтуулах, хүүхдээ  оройтуулж эсвэл нойр нь хүрээгүй байхад унтуулах зэргээр алдаа гаргадаг. Хэрэв та хүүхдэдээ дээрх хуваарийн дагуу зөв нойрны хэмнэлийг дадуулж чадвал таны хүүхэд хэдэн сартай байхаас үл хамааран их бага хэмжээгээр өөртөө цаг гаргах, гэрийн ажлаа амжуулах зэргээр өөр бусад зүйлсийн хийх боломж гардаг. 

Үүнээс харахад хүүхдээ зөв нойрны хэмнэлтэй болгохын тулд ээж, аав болон хүүхэд асрахад оролцдог хүн бүрийн хувьд унтлагын хуваарийг нь мөрдөх, унтах зөв орон зай бүрдүүлж, хангалттай, чанартай нойр авахад нь хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Хүүхэд аливаа зүйлийг маш хурдан сурдаг тул нойрны хэмнэлдээ хялбархан ордог. 

Нойрны эрүүл ахуй 

Өдрийн турш хүүхдээ идэх, тоглох, унтах гэсэн дарааллын дагуу өнгөрүүлэхийг хичээгээрэй. Энэ нь зөв дараалал бөгөөд хүүхэд унтахдаа  ээж ааваас  хамааралгүй өөрөө унтаж чадаж байвал сайны дохио юм. Хэрэв унтахдаа заавал хөхөө хөхдөг, эсвэл угж иддэг, бүүвэйлүүлдэг гэх мэт хүнээс хамааралтай унтдаг бол томрох тусам хамаарлыг нь бага багаар багасгах хэрэгтэй. Ямар нэг зүйлээс хамааралтай унтсан хүүхэд нойрны үе дундаа түүнийгээ нэхэж, буцаж өөрөөрөө унтаж чаддаггүй. Тиймээс чанартай нойр авахын тулд юуны түрүүнд хүүхдээ идэх, тоглох, унтах гэсэн дарааллын дагуу өдрийн хэмнэлийг нь зохион байгуулаарай. Мөн унтах орон зай, унтах цагууд, сэрүүн байх хугацааг дээрх хүснэгтийн дагуу зөв тооцох, ингэснээр хүүхэд хангалттай, чанартай нойр авч өсөлт хөгжил нь хэвийн явагддаг бөгөөд үүнийг нойрны эрүүл ахуй гэж нэрлэдэг. 

Унтаж нойрсох гэдэг бол хүний өөрөө жамаараа хийдэг үйл явц гэж эцэг эхчүүд боддог. Гэтэл нялх, бага насны хүүхдүүдийн хувьд ямар нэгэн туслалцаагүй, өөрөө унтах гэдэг бол аливаа шинэ чадварыг суралцахтай адил шинэ сорилт юм. Тиймээс хүүхдээ зөв, чанартай нойрны дадал хэвшлээр унтуулж сургахад ээж аавын оролцоо чухал үүрэгтэй гэдгийг ойлгож багахан хичээл зүтгэл гаргахад хүүхдээ болон гэр бүлээрээ нойрны асуудалгүй болох боломжтой юм шүү. 

Хэрэв та хүүхдийн мэргэжлийн нойрны арга зүйч, Олон улсын хүүхдийн нойрны арга зүйчдийн холбооны гишүүн Э.Номинзулын сургалтыг авахыг хүсэж байвал Hellobaby аппликейшн дээрх Академи цэсээс 0-3 сартай, 3-6 сартай, 1-2 настай хүүхдийн нойрны тухай сургалтыг сонгон үзэх боломжтой.

Сэтгэгдэл бичих