Би хөдөлмөрийн зах зээлд эргэн ирлээ! Намайг дэмжээд өгөөч 

Ихэнх ээжүүдийн хувьд жирэмсний амралтын дараа хамт олонтойгоо эргэн нэгдэх нь томхон сорилт байдаг. Гэтэл олонх байгууллага дээр тийнхүү эргэн ирж байгаа ээжүүдэд зориулсан дасан зохицох, мэдээллийн зөрүүг арилгах албан ёсны хөтөлбөр байдаггүй нь харамсалтай. Энэхүү шилжилтийн хугацааг хурдан даван туулж чадвал байгууллагадаа ч, тухайн ээжид ч хэрэгтэй. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд ажил үүргээ хариуцлагатай биелүүлэхийн зэрэгцээ өдөрт 2-3 удаа чинэрсэн хөхөө саах, эсвэл өдрийн цагаар хүүхдээ хөхүүлэх зэрэг илүү их хүчин чармайлтыг гаргах шаардлагатай болдог. Үүний зэрэгцээ ажлын үйл ажиллагаа, арга барил, орчин, нөхцөл байдал, хамтран ажиллагсдын чиг үүрэгт өөрчлөлт орсон байдаг нь ажилдаа эргэн орж буй ээжүүдийг багагүй барьц алдуулдаг. Тэгвэл хамт олонтойгоо эргэн нэгдэж буй ээжийг хэрхэн дэмжиж болох талаар дараах зөвлөмжүүдийг санал болгож байна. 

Мэдээллээр хангах

Хүүхэд төрүүлсний дараа дор хаяж 1-2 жилийг эмэгтэйчүүд биеэ тэнхрүүлж, хүүхдээ асрахад зарцуулж гэртээ өнгөрүүлэх шаардлагатай . Энэ хугацаанд ажилтан маш их мэдээллээс хоцорсон байдаг тул ажилдаа эргэн орохоос нь өмнө зохих мэдээллээр хангах, өөрчлөлт орсон үйл ажиллагааны чиглэл, шинэ ажилтнуудтайгаа танилцуулах зэргээр харилцаа холбоог бэхжүүлэхэд нь туслаарай.

Зайнаас ажиллах боломж олгох

Хэрэв боломжтой бол ажилдаа эргэн орох гэж буй ээжийг хэсэг хугацаанд зайнаас буюу онлайнаар ажиллах зөвшөөрлийг олгох нь маш үр дүнтэй байдаг хэмээн олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь зайнаас ажиллах нь шинэхэн ээжийг гэртээ байх хугацаандаа одоогийн ажлын үйл явцыг ойлгох, үүрэг хариуцлагын хувьд чухал хүн гэдгээ мэдрэхэд нь тус дөхөм болдог. Мөн эхний ээлжинд зайнаас ажиллах нь хамт олонтойгоо харилцаа холбоотой байж эргэн нэгдэх нөгөө талаас хүүхдээ асрангаа ажлын арга барилдаа дасахад бэлтгэл болдог.

Уян хатан хандах

Хүүхэд өвдөх, асран халамжлах, гэр орны ажлын зэрэгцээ, төрсний дараах бие махбод болон сэтгэл санааны өөрчлөлт  зэрэг нь төрөөд удаагүй ээжүүдэд түгээмэл тохиолддог асуудал гэдгийг ажил олгогчид ойлгож аль болох уян хатан хандах хэрэгтэй. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд ажлын уян хатан нөхцөл байдлыг олгох нь хатуу чанга ажиллах горимтой байснаас илүү их үр дүнг авчирдаг. Мэдээж шүү дээ! Ачаалал их, стресстэй хүнээс ур чадвар, үр дүн, амжилт бүтээлийг хүлээх хэрэггүй юм. Тиймээс ажилтныхаа ур чадварт итгэж байгаа бол та багахан эрх чөлөөг олгоод ажиглаад үзээрэй.

Ажилласан цагаар биш бүтээмжээр хөдөлмөрийг нь үнэлэх

“Нийгэм эмэгтэйчүүдийг хүүхэдгүй мэт ажиллаж, ажилгүй мэт хүүхдээ харахыг шаарддаг” гэсэн харамсалтай боловч үнэн үг байдаг. Санхүүгийн нөхцөл байдлын хувьд ажилдаа эргэн орох шаардлага байгаа ч хүүхэд асран халамжлах зохистой тогтолцоо бүрдүүлээгүй нь манай нийгмийн томоохон асуудал юм. Сугалаа сугалж цэцэрлэгт хамрагдах гэх мэт боловсролын байгууллагын хүрэлцээ муу байдаг нь бага насны хүүхэдтэй гэр бүлийн хувьд томоохон асуудал байдаг. Арай гэж цэцэрлэгт хүүхдээ орууллаа гэхэд хүүхдээ өгөх, авах цаг нь ажлын цагтай давхацдаг гэх мэт хоорондоо авцалдаагүй, зохицуулалтын нөлөөнд залуу гэр бүлүүд хамгийн их өртдөг. Тиймээс бага насны хүүхэдтэй ажилтандаа тодорхой өдрүүдэд зайнаас ажиллах боломжийг олгох, ажилласан цагаар биш бүтээмжээр нь хөдөлмөрийг үнэлэх зэрэг нь ажилтнууддаа олгож буй үнэ цэнтэй шийдвэр байх болно.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль дээрх хөхөөр хооллолтыг дэмжих өрөө

Хүүхдээ хөхөөр хооллохыг дэмжих

Дэлхийн хөгжингүй орнууд ажлын байран дээр хөх саах, хүүхдээ хөхөөр хооллох зориулалтын өрөө гарган тохижуулах тухай хууль тогтоомжийг баталсан байдаг. Эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэлж байгаа ч хүүхдээ хөхөөр хооллохоо зогсоох шаардлагагүй бөгөөд тэглээ гээд ариун цэврийн өрөөнд мөн хөхөө саах ёсгүй юм. Өнгөц харахад хөхөө саахад зориулсан өрөө гаргах нь тийм ч шаардлагагүй мэт санагдаж болох ч өргөн утгаараа энэ нь хүүхдийн эрүүл мэнд, дархлаа эрхтэн тогтолцоонд чухал нөлөөтэй бөгөөд ажилтнууддаа хүүхдээ хөхөөр хооллох боломжийг олгож байгаа чухал ач холбогдолтой юм. Мөн үүнээс гадна өдөрт тодорхой цагт хүүхдээ хөхүүлэх боломжийг олгож болох юм.

Тав тухтай ажлын байраар хангах

Тав тухтай орчинд ажлын бүтээмж илүү их гардаг. Бага насны хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд шөнийн нойр бага хэр нь өдрийн ачаалал их байдаг тул ажилдаа ирээд тав тухыг мэдрэх нь чухал байдаг. Ажлын байрны тав тух нь чадварлаг ажилтнуудаа урт удаан хугацаагаар тогтоон барихад чухал нөлөө үзүүлдэг болохыг хүний нөөцдөө анхаарал хандуулдаг байгууллагууд мэддэг бөгөөд урт хугацаандаа чадварлаг, үнэ цэнтэй хамт олныг бүрдүүлж чаддаг байна.

Байгууллагын хамгийн чухал оролцогч тал болох ажилтнуудынхаа гэр бүл, хүүхэд төвтэй байдлыг дэмждэг, гэр бүлийн асаргаа, халамжийн үүргийг ойлгодог байгууллагууд бол эерэг өөрчлөлтийн түүчээлэгчид бөгөөд тэдгээр байгууллагууд зөвхөн ажил олгогч төдийгүй, нийгэмдээ чухал хувь нэмэр оруулагчид юм. 

475 Comments

Henrydioff-д хариулт үлдээх Хариулт болиулах

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022