Та ямар төрлийн эмээ вэ?

Амьдрал дээр эмээ нарын олон төрөл бий. Уламжлалт, зарчимч, завгүй, өмгөөлөгч, цоглог гэх мэт олон төрлийн эмээ бий… Аль нь ч байсан эцсийн дүндээ эмээ нар ач зээ нарынхаа төлөө үр хүүхдүүдээсээ илүү санаа зовниж, хайр халамжаа харамгүй түгээдэг хүмүүс билээ. Та аль төрлийн эмээ вэ?

Уламжлалыг дээдлэгч эмээ

Үсээ будахаас илүүтэй буурал хэвээр нь байлгаж, биедээ эвтэйхэн дээл, хувцас өмсөөд, хааяа нэг хайлмаг хайлж үр хүүхдүүдээ дайлах дуртай эмээ нар энэ төрөлд багтана. Уламжлалт эмээ нар өөр үүрэгт ажилгүй л бол хүүхэд харахаас хэзээ ч цааргалдаггүй. Ач, зээ нараа асарч халамжлах нь тэдний үндсэн үүрэг хэмээн боддог гэлтэй хэзээний л үргэлж найрсаг угтдаг. Гэхдээ тэд хүүхдэд живх өмсүүлж, элдэв төрлийн ногоо, хүнсний нэмэлт өгөхийг хэзээ ч сайшаадаггүй. Тэд ихэнхдээ уламжлалт хоол хүнс бэлтгэж, живхний оронд даавуу хэрэглэхийг илүүд үзнэ. Элдэв зүйлд мөнгө зарах нь уламжлалт эмээ нарын хувьд үрэлгэн зангийн илэрхийлэл гэж боддог.  

ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ: Бидний үед та нарыг ингэж л өсгөсөн. Тэглээ гээд муудсан зүйл үгүй гэж тэд ихэнхдээ сургаалаа айлдахдаа хэлдэг. Уламжлалт эмээ нар заримдаа хэтэрхий туульшрамтгай мэт боловч үг бүр нь амьдралын үнэн туршлага байдаг. Тиймээс хэлж буй үг, үйлдлээс нь хэрэгтэй зүйлээ тусгаж аваад авах гээхийн ухаанаар хандаарай. Тэдний үр хүүхдүүдээ гэсэн үнэн сэтгэлийг ойлгож, талархах нь л уламжлалыг дээдлэгч эмээ нарыг хамгийн ихээр баярлуулдаг.

Зарчимч эмээ

Зарчимч эмээ нар ихэнхдээ л хайр нь дотроо хал нь гаднаа байдаг. Зарчимч эмээ нараар халамжлуулж өссөн хүүхэд аливаад маш эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалт сайтай хүүхэд болж төлөвшдөг. Заримдаа тэд аливаа зүйлийг хэт дэгсдүүлэх гээд байдаг боловч үүний гол шалтгаан нь үр хүүхдүүдийнхээ төлөө санаа зовнисондоо л байдаг. Тэрээр тавьсан шаардлага, зарчимдаа хүрэхийн тулд өөрийгөө ч их зовоодог. Зарчимч эмээ нар бүх зүйл ном ёсны дагуу байхыг шаарддаг. Тухайлбал гэр орон эмх цэгцтэй, аяга шаазан гял цал, хүүхдийн хоолыг яг цаг цагаар нь өгөх, цагтаа яваад цагтаа ирэх гэх мэт заримдаа амьдралд үргэлж байж боломгүй мэт шаардлагуудыг үр хүүхдүүдээсээ шаарддаг.

ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ: Байсан юмыг байранд нь байлга. Эхэлсэн бол дуусга!

 Зарчимч эмээ нарын шаардлага заримдаа  бусадтай үл ойлголцох шалтгаан болдог. Арга ч үгүй шүү дээ, амьдралынхаа туршид тэд  өөртөө тэр л шаардлагуудыг тавьж хичээсээр ирсэн. Мөн зарчимч эмээ нар хүүхэд хүмүүжлийн шинэ арга, дугуйлан секцийн талаар мэдлэг мэдээлэл сайтай байдаг.  Тиймээс зарчимч эмээ нарт хааяа ч гэсэн өөртөө амралт өгч, өнөөдрийг хүртэл үр хүүхдүүдийнхээ төлөө хийсэн бүхэн нь хангалттай их үнэ цэнтэй гэдгийг сануулж, талархаж байх нь чухал.

Завгүй эмээ

Тэд ихэнхдээ л завгүй байдаг. Цаг бол алт гэж үздэг завгүй эмээ нар тэтгэвэртээ гарсан ч ажлаа үргэлжлүүлэн хийж, аль эсвэл хувийн бизнесээ гялалзтал амжуулж явдаг. Тэд ач зээ нараа харж хүүхдүүддээ тус болохоос илүүтэй шаардлагатай үед нь санхүүгийн дэмжлэг эсвэл өөр хэрэгцээт байдлаар дэм болохыг илүүд үздэг. Завгүй эмээ нар хааяа нэг ач зээ нараа асарч хандах хэдий ч аав ээжийг нь хэзээ ирэхийг яг таг асууж, үргэлжлүүлэн өөрийнхөө төлөвлөсөн ажлаа хэлж тулгадаг заншилтай. Гэхдээ тэд ач, зээ нартайгаа хамт байх цагийг хамгийн үр дүнтэй, зугаатай, дурсамжтай өнгөрүүлж чаддаг. 

ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ: За би ажлаа хараадахъя. Амжих нь уу яах нь вэ? Дөхүүлж байгаад л хэлье.

Тэд хүүхдүүдээ хараад гэртээ байхын оронд цагийг ашиглан хамтдаа гадагш гарч хүнтэй уулзах, бичиг баримт хөөцөлдөх, дэлгүүр хэсэх гэх мэт ямар нэг ажлаа хамт амжуулчихсан явах нь бий. Завгүй эмээ нарыг хааяа ч боловч ажлаас нь хөндийрүүлж хамтдаа өдрийн зоог барих, алжаал тайлах газар очих зэргээр шинэлэг орчинд хамт цагийг өнгөрүүлэх нь тэдний сэтгэлийг хамгийн ихээр баярлуулдаг.

Өмгөөлөгч эмээ

Өмгөөлөгч эмээ нар өрөвч зөөлөн сэтгэлтэй. Үр ач нараа аав ээжээс нь илүү өмгөөлж хамгаалан бурууг хэзээ ч багачуудад өгдөггүй. Хүүхэд аливаа буруу зүйл хийх нь тэдний муугийнх биш харин эцэг эхийн үлгэр дуурайллын нөлөө гэж голыг нь олж хэлдэг. Угтаа бол энэ үнэн юм. Тэд олон жилийн туршлагаар хүүхэд толины тусгал мэт эцэг эхийнхээ хийсэн үйлдэл, хэлсэн үгийг дуурайдаг гэдгийг мэддэг. Тиймдээ ч аливаа асуудал үүсэхэд  ач зээ нараа  улаан цээжээрээ хамгаалдаг. Харин дараа нь тэдэндээ халааснаасаа амттан гаргаж өгөөд учирлаж ойлгуулахаа хэзээ ч мартдаггүй.

Заримдаа өмгөөлөгч эмээ нар ач зээгээ хэтрүүлэн бүхнээс хамгаалдаг. Хүүхэд минь даарчих вий гээд бөндийтөл зузаална. Хаа явсан газар нь дагаж явж, замд тээглэсэн бүхнийг холдуулж өгнө. Өмнүүр нь орж бүх юмыг хийж өгнө. Ингэж байхдаа хүүхдийнхээ бие даах эрмэлзлийг үгүй хийж, эрсдэл авах зориггүй болгох талтай. 

ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ: За яах вэ жаахан амьтныг загнаад. Чи өөрийгөө л хичээж үз. Хүүш, тэр хүүхэд уналаа, яана аа гараа түлчих вий… гэх мэт 

Өмгөөлөгч эмээтэй хүүхдүүд аливаад өрөвч, нинжин сайхан сэтгэлтэй болж төлөвшдөг. Өрөвч эмээ нар үр хүүхдүүдийнхээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд сэтгэл ханан аз жаргалтай болдог.

Цоглог эмээ

Цоглог эмээ нар ихэнхдээ эрч хүчтэй, баяр хөөртэй байдаг. Учир нь тэд амьдралын утга учир бол аз жаргал, баяр хөөр гэдгийг олон жилийн туршлагаараа мэддэг. Тэд өдийг хүртэл амьдралд нь ямар ч бэрхшээл, нугачаа тохиолдож байгаагүй болов уу гэлтэй нүд нь хүүхэд шиг үргэлж гэрэлтэн, гал цогтой явдаг. Үр ач нараа асран халамжлахдаа тэд хамтдаа хананд бөмбөг ойлгон тоглож, манга эргэж, магадгүй хамтдаа дээс тоглон үсэрч чадах тийм л цоглог хүмүүс. Тэд хүүхдийг болон өөрийгөө хэрхэн хөгжөөхөө мэддэг болохоор цоглог эмээгийн дэргэд өссөн хүүхэд баяр хөөртэй, өөртөө итгэлтэй, цовоо сэргэлэн болж төлөвшдөг. Цоглог эмээ нар ихэвчлэн олуулаа бужигналдах дуртай бөгөөд үр хүүхдүүдтэйгээ хамт инээж хөгжилдөх нь тэднийг баярлуулдаг.

ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ: Алив гадаа гарцгаая! Энэ чийгтэй байшинд юугаа хийх вэ. 

Цоглог эмээ нар заримдаа хөгжилтэй байхаа хэтрүүлээд хүүхдэд хүмүүжил, тодорхой дэг, цагийн хуваарь байх ёстойг умартдаг. Шүдний эмчид очих, даалгавар хийлгүүлэх, дугуйланг таслуулахгүй байх гэх мэт хариуцлагатай ажилдаа тааруу. Тэгсэн ч цоглог эмээ нар инээж хөгжилдөж явахад аливаа зүйл аандаа бүтнэ гэж хэлэх дуртай. 

Ганган эмээ

Ганган эмээгийн үс, хумс, уруул будаггүй байна гэж хэзээ ч үгүй. Хүзүүний алчуур, бээлий, ганган цүнх бол тэдний бэлгэ тэмдэг. Намхан ултай гуталны оронд өөртөө тохирсон өсгийт өмсөхийг илүүд үзнэ. Эмэгтэй хүн ямар ч үед гоё ганган байх хэрэгтэй гэж сургамжилна. Тэр чинээгээрээ хувцасны шүүгээ, гэр орноо эмх цэгцтэй, гоё сайхан байлгахыг хичээдэг. Үр хүүхдүүддээ ч тийм шаардлага тавьдаг. Ганган эмээ нүүрэндээ энгэсэг түрхэнгээ ач зээтэйгээ элдвийг хуучлан ярих дуртай. Тэд бяцхан охидын уруулыг нэг удаа будаад өгөхөд буруудах зүйл байхгүй хэмээн өөртөө хэлээд хүслээ гүйцэлдүүлэн бяцхан охинтойгоо хамт толинд харан хөгжилдөх дуртай. 

ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ: Миний хүүхдүүд ийм хөөрхөн царайлаг шүү, Цэвэрхэн цэгцтэй байцгаа! Хүүхэд яагаад муухай халтайлгачихсан юм бэ. Миний хүүхдэд аятайхан хувцас хунар аваад өгч бай л даа! 

Ганган эмээгийн дэргэд өссөн хүүхэд биеэ зөв авч явдаг, мэдрэмжтэй нэгэн болж өсдөг. Өдийг хүртэл тийм сайхнаараа биеэ авч яваа ганган эмээ нарыг магтан, үлгэр дуурайлал авахыг хичээдэгээ илэрхийлэх нь тэднийг баярлуулна.

Та ямар төрлийн эмээ вэ? Хэрэв таныг илэрхийлэх сонголт байхгүй бол өөрийнхөө баримталдаг зарчим, эмээ болсон түүх аль эсвэл сайхан дурсамжаасаа хуваалцаарай. Бидний эх үүсгэл болсон хайр энэрлийн дээд эмээ тандаа баярлалаа. 

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022