Орчин үеийн өвөө эмээ нарт зориулсан А-Я

Ихэнх өвөө эмээ нар үр хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө ч умартдаг. Тиймээс бид энэхүү нийтлэлээрээ өвөө эмээ нарт зориулан аль болох олон талын сэдвийг хамруулан цогц хөтөч мэдээлэл бэлтгэхийг зорилоо. Та эдгээр зөвлөмжүүдийг уншаад алийг нь хэрэгжүүлдэг эсвэл хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухайгаа өөртөө дүгнэлт хийгээрэй.

A.    Амин дэмтэй хоол хүнс

Амин дэмтэй хоол хүнс бол эрүүл байхын үндэс. Ялангуяа улирал солигдох үед өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ бие эрүүл мэндэд онцгойлон анхаарах нь чухал.  Бидний үед элдэв юм идэхгүй бантан, гурилтай шөлөө идээд болоод л байсан гэх вий… Тухайн үед одоогийнх шиг арвин хүнсний сонголт байхгүй байсан учраас л тэр шүү дээ. Та одооноос эхлэн хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, амин дэмтэй хоол хүнсийг өөртөө болон үр ач нартаа сонгон хэрэглэхээс бүү татгалзаарай. Хэрэв таны ач зээ удахгүй бор хоолонд орох гэж байгаа бол хүүхдийн нэмэгдэл хоолыг эхлүүлэхтэй холбоотой мэдээллүүдийг энд дарж аваарай. Мөн та эрүүл хооллолтой холбоотой мэдээлэл авахыг хүсвэл энэ хуудсыг дагаарай.

Б. Бодол санаагаа чөлөөтэй илэрхийл

Аливаа ойлголцлын гол түлхүүр нь бодол санаагаа илэрхийлж, ойлголцох явдал юм. Та боломжтой үедээ үр хүүхдүүддээ тус болж, ач зээгээ асран халамжлах нь мэдээж юм. Мөн үүний зэрэгцээ та өөрөө юу хүсэж, төлөвлөж, бодож байгаагаа чөлөөтэй илэрхийлэх нь чухал. Өөрийн тань “аяга дүүрэн” болмогц та бусдынхыг дүүргэж чадна гэсэн энгийн дүрмийг ямагт санаж байгаарай.

В. Витамин нэмэлт амин дэм

Бид өдөр тутмынхаа энгийн хоол хүнсний хэрэглээнээс шаардлагатай витамин, эрдэс бодисуудыг авч чаддаггүй. Нас өндөр болохын хэрээр нэмэлт витамин, эрдэс бодисуудыг нөхөх хэрэгцээ шаардлага улам их бий болдог. Та өөрийнхөө эрүүл мэндэд үр хүүхдүүдийнхээ нэгэн адил анхаарч шаардлагатай витамин, амин дэмүүдийг тогтмол хэрэглээрэй.

Г. Гэр бүлийн асуудалд бүү оролцоорой

Хэдийгээр та энэ гэр бүлийн хүндтэй гишүүн ч гэлээ эхнэр нөхрийн хооронд үүссэн маргааны дундуур аль ч тохиолдолд орох хэрэггүй. Аливаа гэр бүлд их бага хэмжээгээр маргаан үүсэж л байдаг. Хосууд өөр хоорондоо учраа олох нь зөв. Хэн нэгнийх нь талд орох эсвэл буруутгах нь асуудлыг шийдэх биш улам даамжруулж мэдэх тул ямар ч тохиолдолд гэр бүлийн маргаанд бүү оролцоорой.

Д. Дасгал хөдөлгөөн

Идэвхтэй дасгал хөдөлгөөн бол эрүүл байхын үндэс. Дасгал хөдөлгөөн хийснээр стрессийн түвшин буурч, та бүтэн өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэх болно. Хүсвэл ач зээтэйгээ хамт салхилангаа хөнгөн алхалт хийсэн ч болох юм. Хэрэв та шөнө нойргүйдэлтэй тэмцдэг бол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь тус болж магадгүй юм. Хэрэв булчингаа хангалттай хөдөлгөхгүй, идэвхгүй амьдралын хэв маягтай байвал цусны урсгал удааширдаг. Ялангуяа хураагуур судас бол өөрийн гэсэн булчинлаг давхарга байдаггүй, зөвхөн орчны булчингийн агшилтын нөлөөн дор цусыг зүрх рүү хөөх үйлдэлтэй байдаг. Булчингаа ажиллуулахгүй байснаас цусны их бага эргэлтэд цусны урсгал удааширдаг. Улмаар зүрхний үйл ажиллагаа алдагдаж, улмаар даралт ихсэх, зүрхний цусан хангамж өвчин үүсэх үндсэн шалтгаан болдог. Ахмад настнууд яагаад дасгал хөдөлгөөн хийх ёстой талаар илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

Е. Ерөөлийн сайхан үг

Өөдрөг, сайн сайхан үгсийг хэлж үр хүүхдүүдээ ерөөж байгаарай. Монголчууд эртнээс үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ сургаал үг, зүйр цэцэн үг, ёгт үгээр төлөөлүүлэн хэлж аливааг өөрөөр нь ухаж ойлгуулдаг эртний сайхан уламжлалтай. Энэ уламжлалыг өвөө эмээ та үргэлжлүүлэн үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж, үгийн утгыг ухаж ойлгуулах, үгийн сайнаар сурган хүмүүжүүлэхэд суралцаарай.

Ё. Ёс суртахууны хэм хэмжээ

Мэндлэх, хүндлэх ёс, ах захтай байх тухай, бусадтай эв найртай, элэгсэг найрсаг, шулуун шударга, хариуцлага, ёс суртахуунтай байх тухай зөв үлгэр дуурайллыг эмээ өвөө нар  хүүхдүүдэд хамгийн сайнаар үлгэрлэн ойлгуулж чадна. Хүүхдээ юу ч хэлсэн өөгшүүлэн эрхлүүлж, өрөвдөж найр тавих нь тийм ч зөв биш шүү. Ёс суртахууны хэм хэмжээг мэддэг хүүхэд болгон төлөвшүүлэхэд эмээ өвөө таны үүрэг оролцоо чухал нөлөөтэй.

Ж. Журмыг дага

Та ач зээгийнхээ хувьд хайртай өвөө эмээ нь мөн ч гэлээ эцэг эх нь биш гэдгийг санаарай. Хүүхдүүдийн тань хувьд гэртээ баримталдаг тодорхой дүрэм журам байдаг бол үүнийг хүндэтгэх хэрэгтэй. Тухайлбал хүүхдүүд долоо хоногийн зөвхөн амралтын өдрөөр л амттан идэх хуваарьтай байдаг гэж бодъё. Энэ үед та журмыг зөрчин хүүхдүүдэд чихэр амттан авч ирж өгөөд “За яах вэ дээ, ганц удаа…” гэх мэтээр гэр бүлийн журмыг зөрчиж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл сайн өвөө эмээ болохын тулд тухайн гэр бүлийн тогтсон журмыг эвдэх шаардлагагүй.  

З. Зураг дурсамж бүтээнэ

Цаг хугацаа өнгөрөн одсон ч гэрэл зураг дурсамж болон үлддэг. Ач зээ, үр хүүхдүүдтэйгээ хамт мэргэжлийн гэрэл зургийн студийг зорин очиж дурсамж дүүрэн гэр бүлийн зураг авхуулаарай.

И. Инээд баясал эрүүл мэндэд тустай

Хүн хэр их инээмсэглэнэ төдий чинээ эрүүл, залуу байна. Бага насны хүүхэд өдөрт 300 удаа, насанд хүрсэн хүн аз жаргалтай үедээ 40 удаа, хэвийн үед 20 хүртэл удаа, 50-с дээш насны хүмүүс өдөрт 4 хүртэлх удаа инээдгийг АНУ-ын их сургуулийн доктор Ичаго Прити инээхийн ач тусын талаарх судалгаагаар анх тодорхойлжээ. Инээх үед хүний биенд аз жаргалын дааврууд ялгардаг бөгөөд биеийн булчингууд, мэдрэлийн эсүүд, зүрх, хоол боловсруулах эрхтэнд эергээр нөлөөлдөг байна. Тиймээс аль болох их инээмсэглэж  байгаарай. Инээмсэглэлийн ач тусын талаар илүү ихийг энд дарж уншаарай.

К. К амин дэм ясны сийрэгжилтээс сэргийлнэ

Витамин К нь нийтлэг бус амин дэм боловч хүний бие дэх цусны бүлэгнэлийг багасгаж, ясны сийрэгжилтийг сэргийлэх ашиг тустай. К амин дэм нь бууцай, яншуй, шош, хүрэн манжин, ногоон сонгино зэрэг ногоонуудад ихээр агуулагддаг. К болон Д аминдэмийг хавсарч ууснаар ясанд калцийг зөөвөрлөх ашиг тустай. Мөн К амин дэмийг зохист хэмжээгээр хэрэглэснээр артерийн судасны хатуурал болон алцгеймерийн өвчнөөс сэргийлдэг.

Л. Лууван хөгшрөлтийг удаашруулна

Та өдөр бүр 1 аяга луувангийн шүүс хэрэглэвэл нүдний торлог бүрхэвчинд сайн нөлөөтэй. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжихээс гадна лууванд агуулагддаг бета-каротины өндөр түвшин нь антиоксидант байдлаар биед үйлчилж, эд эсүүдийн хөгшрөлтийг удаашруулдаг. Мөн луувангийн шүүсэн дэх магни болон манган нь цусан дахь сахарын түвшинг тогтворжуулж, чихрийн шижингээс үүдэлтэй жин нэмэгдэлтийг бууруулдаг ач тустай. Лууван бол бага насныхан болон настнуудад хамгийн хэрэгтэй хүнсний ногоо юм.

М. Мэдээллийн боловсрол

Цахим сүлжээнд түгээгдсэн мэдээлэл бүхэн үнэн бодитой биш гэдгийг анхаарч, баталгаатай эх сурвалжуудаас мэдээлэл авдаг байх нь чухал. Олон нийтийн хандалт авах, төөрөгдүүлэх гэх мэт янз бүрийн зорилготой баталгаагүй эх сурвалж бүхий мэдээллийн сувгууд цахим орчинд олон бий. Ялангуяа хүнс, эрүүл мэндтэй холбоотой хуурамч, бадалгаагүй мэдээ мэдээлэлд итгэж өөр дээрээ болон гэр бүлдээ туршилт хийхгүй байх хэрэгтэй. Тухайлбал “шар будаагаар бөөрөө эмчлэх тухай” мэдээллийг уншиж хэрэгжүүлэхийн оронд хэрэв таны бөөр өвддөг бол юуны түрүүнд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авдаг байх нь чухал. Цахим орчинд түгээгдсэн бүхэн үнэн биш гэдгийг санаж, ямар эх сурвалжаас мэдээлэл авах вэ гэдэгтээ хянамгай хандаарай. Мөн та хүүхдүүддээ цахим аюулгүй байдлын талаарх мэдлэгийг зааж сургаарай. Цахим орчинд танихгүй хүнтэй холбоо тогтоохгүй байх, хэт хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байх нь ямар аюул дагуулж болохыг ойлгуулаарай. Хуурамч мэдээллийг нягтлах тухай танин мэдэхүйн мэдлэгээ ач зээтэйгээ хамт бататгах видеог энд дарж үзээрэй. 

Н. Ном уншихад цаг зарцуулаарай

Ном уншихын ач тусын талаар та хангалттай сайн мэднэ. Гэхдээ залуу насандаа та хангалттай ном уншиж чадаагүй бол одоо ч уншихад оройтоогүй. Өтөлсөн би одоо ном уншаад яах вэ гэж бодож байвал харин ч эсрэгээрээ. Ном унших нь танин мэдэхүйн ач холбогдолтойгоос гадна сэтгэл санааг тайвшруулж, стрессийн түвшинг бууруулдаг. Хүний тархи бол яг л булчинтай адил. Тархиа ажиллуулах тусам улам сэргэг болж ой тогтоолт, сэтгэн бодох чадвар нэмэгддэг. Мөн ном тогтмол унших нь тархины эд эсийг сэргээх эерэг нөлөөтэй ба зөнөх өвчин тусахаас 32% сэргийлдэг гэсэн судалгаа бий.

О. Олон нийтийн арга хэмжээнд оролцохоос бүү татгалзаарай

Найз нөхөд, хамт ажиллагсад чинь хааяа нэг мэнд мэдэн утас цохиж, уулзалт цуглаан зохион байгуулах тухай мэдээ дуулгахад та ихэвчлэн “Өө би эмээгийн/өвөөгийн ажил хийгээд завгүй” гэж хэлдэг юм биш биз? Үр хүүхдүүддээ өөрийн төлөвлөгөөгөө хэлж, өөртөө цаг зав гарган олон нийтийн арга хэмжээ, уулзалт цуглааныг хойшлуулахгүй оролцож байгаарай. Энэ нь танд өөрийн гэсэн хүрээлэлтэй байх, сэтгэл санааг өөдрөг байлгах, олны нэг гэдгээ мэдрэх зэрэг олон эерэг талтай. Хуучны сайхан дурсамжаа хуваалцаж хамт олон, найз нөхөдтэйгөө эргэн нэгдэж нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхээ бүү хойшлуулаарай. Мөн та өөрийн сонирхол хоббиг хөгжүүлэх олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол оролцож байгаарай. Тухайлбал нийтийн бүжиг, ахмадын иог, бясалгал,  шатар, даам, гар урлал сонирхогчдын клуб зэрэгт нэгдэж чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлж байгаарай. 

Ө. Өвдөхөөсөө урьтаж урьдчилсан сэргийл

Өвдөхөөсөө урьтаж урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь аливаа өвчнийг хүндрэхээс сэргийлнэ. Ялангуяа та хавар, намрын улиралд буюу улирал солигдох үеэр   жилдээ дор хаяж 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж өөрийн бие эрүүл мэндийнхээ төлөв байдлыг мэдэх нь аливаа учирч болох эрсдэл, өвчин эмгэгийн хүндрэхээс нь өмнө сэргийлэх боломжтой. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлдэг лабораторуудын талаарх мэдээллийг энд дарж үзээрэй.

С. Сувилал

Ахмад настнууд жилд 2 удаа амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлж, сувилалд амрах эрхтэй байдаг. Энэ эрхээ хойшлуулахгүйгээр эдэлж, амралт сувилалд хэвтэн эмчлүүлж байгаарай. Сувиллын тухайд нийслэлийн хэмжээнд 24, орон нутагт 34 рашаан сувилал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлдэг. Та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хуудаснаас гэрээт байгууллагуудын талаарх мэдээллийг авч хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын газраар үйлчлүүлэх эрхээ жил бүр заавал эдэлж байгаарай. Та энд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтээр ажилладаг байгууллагуудын талаарх мэдээлэл, холбоо барих утасны дугаарыг харах боломжтой.

Т. Тэтгэвэр

Тэтгэвэр бол таны залуу насны хөдөлмөрийн үр шим юм. Та тэтгэврээ өөртөө зориулж чадахгүй хэр нь үр хүүхдүүддээ харамгүй зарцуулдаг бол одооноос эхлэн өөртөө зориулж сураарай. Та яг одоо энэ сараас эхлэн тэтгэврийн мөнгөө хүссэнээрээ өөртөө баяртайгаар зарцуулж сураарай. Тухайлбал өөрт хэрэгтэй эм тариа, амин дэм, хөлд эвтэйхэн гутал хувцас гэх мэт авахыг хүссэн зүйл танд байж л таараа. Өөрийнхөө хүслийг хойш тавих биш эхлээд өөртөө тэтгэврээ зарцуулж байгаарай. 

У. Ухаалаг утсыг өөрт хэрэгтэйгээр ашиглаж сураарай

Орчин үед ухаалаг утсаар маш олон ажлыг амжуулах боломжтой болсон. Тухайлбал мэдээ мэдээлэл авах, бусадтай харилцах, мөнгөний гүйлгээ хийх, төлбөр тооцоо хийх, цахим худалдаа гэх мэт бидний өдөр тутам хийдэг зүйлсийг заавал гэрээс гарч, хаа нэг газар дугаарлаж, цаг алдах шаардлагагүйгээр ухаалаг утсаараа амжуулах боломжтой болсон. Та ч бас эдгээр боломжуудыг ашиглаж сураарай. Жишээ нь та банкны аппликейшн рүү нэвтрэхдээ хурууны хээгээ таниулчихвал нууц үгээ дахин дахин оруулах шаардлагагүй болно. Мөн гар утсаараа та хүссэн газартаа такси дуудаж хүргүүлж болно. Мөн төлбөр тооцоогоо ч гар утсаараа хийх боломжтой. Ингэхийн тулд та гар утсан дээрээ UBcab аппликейшнийг энд дараад суулгахад л хангалттай. 

Ү. Үлгэр

Үлгэр нь соёл, зан заншлаа танин мэдэх, уламжлан хөгжүүлэх болон хүмүүжил, түүх, хэлзүй зэрэг олон талын ач холбогдолтой. Эмээ өвөөгийн хуучилдаг үлгэр, туульс, домог яриа үр ач зээ нарт хамгийн сонин содон байх нь лавтай. Үлгэр сонсож өссөн хүүхэд ой тогтоолт, сэтгэн бодох чадвар сайтай, хэл ярианы баялагтай болж өсөхөөс гадна үлгэр өгүүлэгчийн тархины үйл ажиллагаа, ой тогтоолт сайжирдаг тул харилцан ашиг тустай юм. Дэлгэцийн хэт хамааралтай болсон энэ цаг үед та хүүхдэдээ үлгэр уншиж өгөх нь хүүхдүүдийнхээ хувьд төсөөлөх, сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлж буй үнэтэй хувь нэмэр юм. Үлгэр уншиж өгөхийн ач тусын талаар илүү дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.

Х. Хүмүүжлийн эерэг аргуудаас суралцаарай 

Танд хүүхэд хүмүүжлийн арвин их туршлага бий. Гэхдээ тэдгээр дунд оносон нь ч бий алдсан нь ч бий. Өмнө нь хүүхдүүдээ энэ арга барилаар өсгөлөө гээд муудсан юм алга л байна гэж та бодож магадгүй юм. Гэхдээ цаг хугацаа, нийгэм, хүмүүсийн амьдрах нөхцөл, харилцаа гээд бүх зүйл өмнөхөөсөө өөр түвшинд очсон гэдгийг анзаарч хараарай. Хүүхдийн эерэг хүмүүжил, харилцааны талаарх зөвлөгөө мэдээлэл цахим орчинд маш их бий. Тухайлбал хүүхэд хүмүүжлийн Монтессори арга барилын талаар зөвлөгөө мэдээллийг энэ хуудаснаас авах боломжтой. Эдгээр зөвлөгөө мэдээлэл таны хүүхэд хүмүүжүүлэх арга барилтай хэр тохирч байгааг мөн жишиж үзээрэй. Мөн Hello Baby-ийн Монтессори Эерэг хүмүүжлийн арга зүйч мэргэжилтэн, Боловсролын яамны зөвлөх Ariunsanaa Khayankhyarvaa-ийн орчуулан гаргасан Монтессори жаал номыг уншихыг зөвлөж байна. Энэ ном танд эмээ, өвөө, эцэг эх байх эрхэм үүргийн үнэ цэнийг мэдрүүлж, хүүхэдтэйгээ бие сэтгэлээрээ хамт байж, түүний гаргах буруу зан авир, тантрумыг хахуульдаж, сүрдүүлж эсвэл шийтгэх зэргээр аль нэг тийш зохицуулах бус харин хамтдаа тодорхой хэм хэмжээ тогтоож, хүүхдээ хөтлөн чиглүүлж, хөгжлийн үе шат бүрийг итгэл дүүрэн даван туулах арга ухааныг зааж өгөх болно.

Ч. Чихрийн хэрэглээгээ багасгаарай

Хүний биеийн энергийн гол эх үүсвэр түлш нь глюкоз буюу цусан дахь сахар юм. Үр тариа, цардуултай хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү, элсэн чихэр зэрэг нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнүүд нь хүний биед глюкоз болон хуваагдаж байдаг. Харамсалтай нь зах зээлд худалдаанд буй дийлэнх амттан, чихэр, жигнэмэг бол нийлмэл элсэн чихэр буюу химийн аргаар гаргаж авсан сахар орлуулагчтай бүтээгдэхүүнүүд байдаг. Чихрийн хэтийдсэн хэрэглээ нь хорт хавдрын эсийг үржүүлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс та өөртөө болон хүүхдүүддээ амттан сонгохдоо аль болох үйлдвэрийн аргаар боловсруулсан амттанаас татгалзаж жимс, үзэм, чавга зэрэг байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.

Ш. Шүдээ эмчлүүл

 Шүд амны хөндийн арчилгаа бол бүх насныхны хувьд чухал. “Хөгшин би яах вэ? Залуус та нар л шүдээ сайн арчил…” гэж хэлдэг юм биш биз? Хүүхэд бол таны тусгал. Өвөө эмээ, аав, ээж нь шүд амны хөндийн эрүүл мэнддээ анхаардаггүй хэр нь хүүхдэдээ мянган удаа энэ тухай яриад ч нэмэргүй юм. Шүд бол хоолыг бутлах, зажлах, жижиглэх хамгийн чухал үүрэгтэй. Хэрэв шүд үүргээ хэвийн гүйцэтгэж чадахгүй бол таны бусад бие эрхтэн тогтолцоо ч мөн адил хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй. Цаашилбал амны хөндийн эрүүл мэнд нь ерөнхий эрүүл мэндтэй шууд холбоотой. Амны хөндийн өвчлөл нь чихрийн шижин, зүрхний өвчин, цус харвалт зэрэг 60-аас дээш насныханд тохиолддог эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдлыг үүсгэж болдог гэдгийг санаж 6 сар тутамд тогтмол шүдний эмчийн үзлэгт хамрагдаарай.

Э. Эмнэлэгт үзүүлэхээ бүү хойшлуул

Хүүхдүүдийн ажил, хичээл сургууль чухал ч гэлээ таны эрүүл мэнд ч бас үүнээс илүү чухал. Би яах вэ. Та нар л болж байвал боллоо гэж өөрийгөө бүү хойшлуул. Эмчид үзүүлж, эмнэлэгт хандахыг хүсэж байвал цаг алдалгүй үзүүлж байгаарай. Болж өгвөл байнга очиж үзүүлдэг хяналтын эмчтэй болж биеэ тогтмол үзүүлж мэргэжлийн байгууллагын хяналтад ороорой.  Таны бие өвдөөгүй ч гэлээ улиралдаа нэг удаа эмнэлэгт очиж, асаргаа сувилгаа хийлгэж байгаарай.

Ю. Юу чухал бас чухал биш вэ?

Ихэнх эмээ өвөө нар бараг л бүх хүмүүсийн төлөө санаагаа чилээж, сэтгэл зовниж явдаг. Үр хүүхэд, хамаатан садан, хөрш айл, гадаадад байгаа ах дүү, найз нөхөд, тэдний ажил төрөл, сургууль, бие эрүүл мэнд гээд санаа зовох зүйл мундахгүй олон. Гэхдээ яг одоо та бүхнийг өөрчилж, бүгдэд тус хүргэж чадахгүй. Санаа зовнил бол аливаа асуудлын шийдэл биш юм. Тиймээс яг одоо юу чухал бас чухал биш вэ гэдгийг бодитоор дүгнэж, тус болж чадах зүйлдээ шийдэл, гаргалгаа олох нь илүү дээр. Эсрэгээрээ юу ч хийхгүй хэр нь хий санаа зовох нь таны стрессийн түвшинг нэмэгдүүлж, бие эрүүл мэндэд тань сөрөг нөлөөтэй.  Тиймээс та бүх зүйлд санаа зовох биш тус хүргэж чадах зүйлдээ санаа тавихдаа төвлөрөөрэй. 

Я. Яаж? хэмээн асуухаас бүү төвөгшөө

Хүн бүрт л мэдэхгүй чадахгүй зүйл олон бий. Тиймээс аливаа зүйлийг яаж, хэрхэн хийдэг тухай хэн нэгнээс асуухаас төвөгшөөх хэрэггүй. Ялангуяа шинэ техник технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед өвөө эмээ нар төдийгүй залууст ч мэдэхгүй зүйл олон бий. Шинээр авсан гэр ахуйн цахилгаан бараа, эд хэрэглэлийг хэрхэн ажиллуулж, ашигладаг талаар хүүхдүүдээсээ асуухаас бүү төвөгшөө. “Би мэдэхгүй ээ, та нар л үүнийгээ ашигла” гэж хойш суух хэрэггүй. Угаалгын машин, аяга угаагч, тоос сорогч зэрэг хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зүйлсийг боломжийнхоо хэрээр ажиллуулж, ашиглаж сураарай.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022