“Төрсний дараах эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” Mompowerment ээжүүдийн цахим уулзалт боллоо 

Төрсний дараа ээжүүдэд хамгийн их тулгамддаг асуудал юу вэ, гэсэн санал асуулгад ихэнх ээжүүд “Төрсний дараах эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” гэсэн сэдвийг онцолсон юм. Тиймээс Hellobaby дээрх сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Эрдэнэтуяатай хамтран ээжүүдийн цахим уулзалтыг зохион байгууллаа.  

Уулзалтыг цахим орчинд, хаалттай группт зохион байгуулсан бөгөөд оролцогчид өөрт тохиолдож буй төрсний дараах эрүүл мэндийн асуудлуудын талаар ярилцаж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө мэдээлэл авлаа. Цахим уулзалтын үеэрх асуулт болон хариултыг тоймлон хүргэж байна. 

Төрсний дараах 24 цагт юу болдог вэ?

–        Төрөлт гурван үе шаттай явагддаг. Хүүхэд төрөх,  ихэс гарах, төрөлт дуусах үе гэж хувааж болно. Төрөлт дууссан үеэс эхлэн эхийн умай агших үйл явц эхэлдэг. Умайн хананд ихэс байрладаг. ихэс салахад маш олон судаснууд тасарч умайн хананд үлддэг. Энэ үед умай агшиж, цус алдах эрсдэлээс өөрийгөө хамгаалж байдаг.

–        Төрсний дараа умай маш хурдтай агших үйл явцад ордог. Умайн агшилтыг дэмжихийн тулд ээжүүд хүүхдээ сайн хөхүүлэх хэрэгтэй. Хүүхдээ хөхүүлэхэд хайрын даавар буюу окситоцин даавар ихээр ялгардаг бөгөөд энэ нь умай агшихад сайн нөлөө үзүүлдэг.

–        Төрсний дараа хөхний толгойгоо имрэх нь өнчин тархинаас окситоцин дааврыг ялгаруулахад сайн нөлөөтэй. Ингэснээр умай хурдан агших үйл явцыг дэмжиж өгдөг.

Төрөлтийн хожуу үеийн хордлого

–          Даралт ихсэх, хавагнах, шээсээр уураг алдах шинж тэмдгүүд нь төрөлтийн хожуу үеийн хордлоготой холбоотой. Хүүхдээ төрүүлсний дараа эдгээр шинж тэмдгүүд 6 долоо хоногийн дараа аажмаар арилах бөгөөд хаван буурдаг.

–        Төрөхийн өмнө болон дараа артерийн даралт ихсэх эрсдэл байдаг. Даралт ихсэх гэдэг нь тусдаа эмгэг өвчин. Тиймээс даралтаа тогтмол хянах шаардлагатай бөгөөд хэвийн хэмжээнд биш байвал мэргэжлийн эмчид цаг алдалгүй үзүүлж өөртөө тохирсон эмчилгээг хийлгэх шаардлагатай.

Хярзангийн оёдол

–        Үтрээний хэсэг буюу шээсний сүвнээс үтрээ хүртэлх хэсэг, мөн арын хярзан буюу шулуун гэдэсний амсар хэсгээс үтрээний арын ирмэг хүртэлх хэсгийг хярзан гэнэ. Төрөх үе болон төрсний дараа хярзан урагдах, оёдол задрах шалтгаан нь ихэвчлэн үрэвслээс үүсэлтэй байдаг. Үтрээний үрэвслээс үүдэн хярзангийн оёдол задрах өндөр эрсдэлтэй байдаг.

–        Үрэвсэлгүй, эрүүл хүний хярзангийн оёдол гурван сарын дараа эдгэх бөгөөд оёдлын утас өөрөө хайлж эдгэрдэг.

–        Хярзангийн оёдол задрах шалтгаан нь тухайн хэсгийн арьс, булчин, эд маш их үрэвсэлтэй байгааг илтгэнэ. Иймд төрөхөөс өмнө мазокийн шинжилгээ өгч, шаардлагатай бол эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Биений юм ирэхгүй байх нь хэвийн үү?

–        Ихэвчлэн сүү сайтай ээжүүдийн биеийн юм хожуу ирдэг. Өнчин тархинаас ялгардаг пролактин даавар сүү ялгаруулахад нөлөөлдөг бөгөөд энэ нь өндгөвчний хэвийн үйл ажиллагааг хангадаг дааврыг  дарангуйлдаг. Сүү татрах эсвэл ээж ядрах үед аяндаа биеийн  юм ирдэг.

–        Төрсний дараа биеийн юм ирэхгүй байж байгаад гэнэт жирэмсэн болох тохиолдол байдаг. Хэрэв сүү сайтай байвал ээж төлөвлөөгүй жирэмсэн болох вий гэж айх шаардлагагүй. Энэ үед бие махбод өөрөө жирэмснээс хамгаалах зохицуулалтаа хийж байдаг. Хэрэв жирэмснээс хамгаалах шаардлагатай гэж үзвэл үтрээний эход харуулсны дараа эмчтэйгээ ярилцсаны үндсэн дээр өөрт тохирох хамгаалах аргуудаас сонгон хэрэглээрэй.

Төрсний дараа багажаар цэвэрлүүлсэн тохиолдолд дараагийн төрөлтөд эрсдэл үүсэх үү?

–        Төрсний дараа ихэсийн хэсэг умайн  хананд үлдсэн учраас үүнийг багажаар салгах ажилбар хийгддэг. Ингэснээр умайн агшилтыг идэвхжүүлж, цус алдалтыг тогтоосон гэсэн үг. Энэ тохиолдолд дараагийн удаа жирэмслэлтэд ямар нэг сөрөг нөлөө байхгүй. Гэхдээ биеийн юм ирсний дараа мэргэжлийн эмчид хандаж өөр тохирох эмчилгээ, зөвлөгөөг авах хэрэгтэй.

Умайн хүзүүний улайлт, шарх

–        Төрөх насны эмэгтэйчүүд эсийн шинжилгээ өгснөөр умайн хүзүүний улайлт, шарх байгаа эсэхийг мэдэх боломжтой. Эсийн шинжилгээ өгснөөр өөрт учирч болох эрсдэлүүдээс сэргийлж болно.

Төрөх дөхсөн ээжүүдэд өгөх зөвлөгөө

–        36 долоо хоногоос эхлээд умайн хүзүү нээгдэж эхэлдэг. Энэ үеэс эхлэн умайг гадны бохир орчноос хамгаалж байдаг салиа гадагшилдаг. Салиа гарна гэдэг нь хаалттай байсан умайн хүзүү бага багаар нээгдэж байна гэсэн үг. Үүнийг зарим тохиолдолд хуурамч базлалт гэж нэрлэдэг. Төрөх ээжүүд хуурамч өвдөлт, жинхэнэ базлалт аль нь болохыг ялгах нь чухал юм.

–        36 долоо хоног хүрэхээс өмнө ээж өөртөө болон хүүхдэдээ хэрэгтэй бүхий л зүйлсийг аль болох эрт бэлдсэн байх нь чухал.

–        Хүүхэд тээж төрүүлэх үед умай хэд дахин томордог. Томорсон умай доод хөндийн вений судсыг дардаг. Үүний улмаас хөлийн бүх судасны өргөсөл бий болж хаван үүсэх эрсдэл нэмэгддэг.

 –        Хавантай ээжүүд голчлон зүүн хажуу талаараа харж хэвтэхийг хичээгээрэй. Учир нь доод хөндийн вений судал хүний баруун талаар байрладаг. Ингэснээр хөлийн хаван илэрхий буурна. Мэдээж энэ үедээ даралтаа тогтмол хянах хэрэгтэй. Хожуу үеийн хордлогоос шалтгаалан даралт ихсэх эрсдэлтэйг санаарай.  

 –        Зүүн гар бадайрна гэдэг нь дотрын эмч буюу зүрх судасны эмгэг байх магадлалтай тул мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатайг илтгэдэг.

Хярзангийн урагдалгүй төрөх боломжтой юу?

–        Төрөх зам үрэвсэлгүй үед урагдалгүй төрөх боломжтой. Тиймээс төрөхийн өмнө хяналтын эмчээсээ зөвлөгөө авч тохирох эмчилгээ, лаа бичүүлж авахыг зөвлөж байна. Энэ нь хүүхдийн төрөх замыг цэвэрлэж, урагдалгүй төрөхөд бэлтгэж байна гэсэн үг.

Төрсний дараах гам

–        Төрсний дараа өөрийгөө маш сайн бөөцийлөөрэй. Даарч болохгүй. Чихээрээ салхи авч болохгүй. Гэртээ байхдаа ч бас малгайгаа тайлах хэрэггүй. Хүйтэн зүйлд гар хүрч болохгүй гэх мэт уламжлалт гам барих аргуудыг мөрдлөг болгох нь чухал.

–        Төрсний дараа шаардлагатай үедээ гэр бүлийнхнээсээ туслалцаа хүсэж байгаарай. Өөрийгөө хайрлаж гамаа сайн барих нь хүүхдээ асрахаас ч илүү чухал гэдгийг санаарай. Учир нь эрүүл ээж хүүхдээ сайн асарч, халамжилж чадна. Гам алдсанаар ээжид насан туршийн биеийн эмгэг үүсэх эх үүсвэр болдог гэдгийг санаарай.  

Цагаан мах эргэх

–        Вений судасны үрэвсэлтэй ээжүүдэд төрсний дараа энэ эмгэг илэрдэг. Үүнээс сэргийлж аарцаг ёроолын булчин чангалах дасгал хийх хэрэгтэй.

Төрсний дараа хэзээ бүрэн эдгэрч тэнхрэх вэ?

–        Хярзангийн оёдол 7-10 хоногийн дараа эдгэрэх бөгөөд энэ үед оёдлоо угааж цэвэрлэж болно.

–        Кесар хагалгааны гадна шарх 7-10 хоногийн дараа эдгэрэх бөгөөд энэ үед бактерийн эсрэг савангаар угааж цэвэрлэж болно.

–        Төрсний дараа зургаан долоо хоногийн хугацаанд ээжийн бие хэвийн байдалдаа эргэн ордог. Ойролцоогоор 45 хоногийн дараа буюу шарх бүрэн эдгэрсний дараа бэлгийн харилцаанд орох боломжтой. Мөн өөрөөрөө төрсөн бол дасгал хөдөлгөөнийг энэ үеэс хийх боломжтой.

–        Төрснөөс хойш нэг сарын дараа үтрээний эход заавал харуулах хэрэгтэй. 

Аарцаг ёроолын булчин

–        Төрсний дараа төрөх зам буюу үтрээний атираа нугалаа багасах буюу үтрээний цагариг булчин сулрах эрсдэлтэй байдаг. Төрөх бүрд булчингийн сулрал үүсдэг. Үүнээс сэргийлж аарцаг ёроолын булчинг чангалах дасгал тогтмол хийж хэвшээрэй.

Амин дэм

Төрөхийн өмнө ууж байсан амин дэмүүдээ төрсний дараа ч үргэлжлүүлэн ууж болно. Ээж та өөрийгөө хайрлан төрсний дараа дор хаяж зургаан сар нэмэлт амин дэм уугаарай.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022