Түрийвчээ удирдаж сурах сургалтаас би юу сурсан бэ?

Өрхийн санхүүгийн сургалт гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? Хэрэглээгээ танаж, хүслээ дарж амьдрах тухай бодол санаанд тань бууж байна уу? Надад ч бас сургалтад суухын өмнө ийм бодол төрснөө нуух юун. Харин сургалтын дараа энэ бодол минь тэс өөр болсон юм. 

Зарлага бол мөнгөний уурхай 

Ихэнх хүмүүс хэдэн төгрөгийн орлого олох вэ гэдэгтээ төвлөрч, дансандаа хэдэн төгрөг, хэзээ, хаанаас орж ирэхийг маш сайн бүртгэдэг. Харамсалтай нь зарлага гаргахдаа үүнтэй адил няхуур хянамгай хандаж чаддаг бил үү? Цалин орох өдрөө маш сайн мэддэг хэр нь орж ирсэн орлогоо юунд зарцуулж байгаагаа төдийлөн мэддэггүй. Нэг л мэдэхэд үрээд дуусдаг. Дараагийн цалин хүртлээ бүсээ чангалах хэрэг гардаг. Мэдээж эдийн засгийн хямрал, үнийн өсөлт зэрэг нийгмийн асуудлууд бидэнд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Бид орлогоо бүртгэхдээ маш хянамгай ханддаг шигээ зарлага гаргахдаа ч мөн адил няхуур хандах хэрэгтэй. 

Нэг өдрийн зардал 380 мянга!

Сургалтад суугаад хамгийн түрүүнд зардлын тэмдэглэлээ хөтлөх нь маш чухал гэдгийг ойлгосон юм. Тэмдэглэл хөтлөхгүй бол хүн хэдэн төгрөг юунд үрж, зарцуулж байгаагаа мэддэггүй юм билээ. Миний хувьд сургалтад суусан өдрөөс эхлэн зардлын тэмдэглэлээ бичиж үзэв. Амралтын өдөр таарсныг ч хэлэх үү. Хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх, хүнсээ цуглуулах гэх мэт энгийн өдрүүдээс илүү зардал гарч байгааг мэдэж байсан ч тэмдэглэлээ хараад бүр шокт оров. Зөвхөн нэг өдрийн зардлын дүн 380 мянган төгрөг! Өмнө нь өрхийн зарцуулалтаа ингэж нэг бүрчлэн бичиж байгаагүй би энэ дүнг хараад гайхаш барсан юм. Google sheet-д файл үүсгэн нөхөртөө ч бас хуваалцав. Тэгээд өдөр бүр зардлын тэмдэглэлээ хөтөлж нэг сард хэчнээн төгрөг, юунд, хэрхэн зарцуулж байгаагаа хянахаар шийдсэн юм. Хүн хэдэн төгрөг, юунд зарцуулж байгаагаа мэддэггүй учраас тэмдэглэл хөтлөх нь хамгийн зөв сонголт бөгөөд ингэснээр хаанаас ямар бараа бүтээгдэхүүн, хэдэн төгрөгийг юунд зарцуулдгаа мэдэхийн тулд юуны түрүүнд тэмдэглэл хөтлөх бол маш чухал юм.

Мөнгөндөө захирагдаж биш мөнгөө захирч суръя! 

Дэлхийн чинээлэг тэр бумтнууд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийн 60-80 хувь нь санхүүгээ хэрхэн захиран зарцуулахаа төлөвлөдөг байна. Өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүс мөнгөндөө захирагдаж биш мөнгөө захирч амьдардаг гэсэн үг. Хүмүүсийн дийлэнх хэсэг нь өөрт байгаа мөнгөндөө баригдаж, надад илүү их мөнгө байсан бол үүнээс ихийг би хийж чадна гэж боддог. Гэтэл тийм биш. Учир нь таны орлого их, бага байхаас үл хамааран өөрт байгаа мөнгөө зөв захиран зарцуулахаас бүх зүйл эхэлнэ. Төлөвлөгөө ямар ч байж болох бөгөөд гол нь юу юунд хэзээ, хэдэн төгрөг зарцуулахаа нарийн төлөвлөх хэрэгтэй. Гутал авах гэж дэлгүүр яваад цүнх, малгай авчхаад ирдэг хүнийг эмэгтэй хүн гэнэ гэх мэт яриа байдаг. Яг үүнтэй адил хүн шаардлагагүй олон зүйлд мөнгөө үрдэг. Тиймээс яг одооноос эхэлж мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу мөнгөө зарцуулж сураарай. 

Өлсөхөөс хадгаламж эхэлдэггүй 

Санхүүгээ ухаалаг зарцуулна гэдэг нь өөрийн хүслээ хязгаарлана гэсэн үг биш. Харин сонголтоо илүү “амттай” болгож худалдан авалтын зан төлөвөө өөрчлөх тухай юм. Жишээ нь чи өдөр бүр ажил руугаа явахдаа кофе авч уудаг гэж бодъё. Тэгвэл өдөр бүр үйлчлүүлдэг газраараа орж латте авахын оронд арай боломжийн үнээр өөр газраас кофе худалдан авч болох юм. Эсвэл зарим өдрүүдэд гэртээ кофе чанаад халуун аягандаа хийгээд гарсан ч болно. Харин хэмнэлт гаргасан өдрийнхөө мөнгийг өөр нэг зорилтот хуримтлалдаа хийнэ гэх мэтээр өөрийнхөө худалдан авалтын зан төлөвөөс хамааран багахан өөрчлөлт хийхэд ямар том хэмнэлт гарч болохыг анзаарах болно. Ихэнх хүмүүс зардлаа бүртгэж эхэлсний дараа хүссэн хүсээгүй төлөвлөлт гаргаж, худалдан авалтын зан төлөвөө хянаж улмаар өөртөө боломжийг бий болгож эхэлдэг байна. Тиймээс хүслээ хязгаарлах биш өөр нэг зорилгоо биелүүлэх “амттай” боломж гэж хараарай. 

“Zero money day”-тэй болоорой

Та өмнө нь юм гаргадаггүй өдөр гэж сонсож байсан уу? Тэгвэл zero money day бол юм гаргадаггүй өдөр юм. Та долоо хоногийн аль нэг өдрийг ямар ч зарлага гаргадаггүй өдөртэй болоорой. Сонсоход хэцүү мэт санагдавч өөртөө ийм зорилт тавьсан өдөр харин ч үнэхээр сэтгэл амар мэдрэмжийг авсан шүү. Хүн өдөрт 3000 гаруй шийдвэр гаргахын тулд тархи ажиллаж байдаг гэсэн судалгаа бий. Долоо хоногийн нэг өдөр ажилдаа явахдаа гэртээ хоолоо бэлдээд авч явах, алхах, ямар нэг худалдан авалт хийхгүй байх шийдвэр нь сонголтын эргэлзээг нэг мөр болгочих давуу талтай. 

А цэгээс Б цэгт хэрхэн хүрэхээ тодорхойл 

Төсөв гаргаж төлөвлөхгүй бол зорилго хэзээ ч биелэхгүй. Сайхан аялмаар байвч мөнгө байхгүй, байртай болъё гэхээр урьдчилгаа байхгүй гэж бодож байна уу? Тэгвэл боломжийг өөртөө бий болго. Одоогийн санхүүгийн нөхцөл байдал чинь тийм сайн биш байсан ч хамаагүй. Зорилгуудаа богино, дунд, урт хугацааны зорилго хэмээн ангилж, тэрхүү зорилгууддаа хүрэх хугацаагаа бодитоор тодорхойлоорой. Үүний дараа зорилгодоо хүрэхийн тулд сөөм сөөмөөр ч хамаагүй урагшил. Дуслыг хураавал далай.  

Зүгээр л эхэл! 

Зорилгоо биелүүлэхийг хүсэж байвал одооноос эхлэн хийж чадах зүйлээ шууд эхэл. Хэрэв аялмаар байвал өнөөдөр аяллын дансандаа 1000 төгрөг хий. Танилынхаа аяллын сториг инстаграмаас харж атаархлаа гээд аялах зорилго чинь мөрөөдөл хэвээрээ л байх болно. Хүсэл, мөрөөдлийнхөө төлөө ямар ч алхам хийхгүй бол тэр мөрөөдөл хэвээрээ л үлдэх болно. 

Ариг гамтай хэрэглээ, чанартай худалдан авалтыг эрхэмлээрэй 

Юуны түрүүнд эмх цэгцтэй байхад суралцаарай. Эд юмсад өөрийн гэсэн байх ёстой газар, орон байрыг бий болгож өгснөөр гэр дотор тань хаана юу байгаа тодорхой болдог. Эмх замбараагүй байдлаас үүдэж бид шаардлагагүй худалдан авалт ихээр хийдэг. Учир нь хаана юу байгааг мэдэхгүй учраас тэр шүү дээ. Тиймээс шүүгээ сав, хөргөгч, хувцасны шүүгээгээ эмх цэгцтэй байхад суралцаарай. Бүх зүйл эмх цэгцэндээ орсны дараа юу чухал, юу чухал биш гэдэг тодорхой болдог. Хувцасны тухайд чанаргүй олон зүйл худалдан авахаас илүү мөнгөө цуглуулж байгаад чанартай худалдан авалт хийж түүнийгээ ариг гамтай ашиглаж хэрэглэнэ гэдэг бол өөрийгөө бас эх дэлхийгээ хайрлах хайр юм. Харин хүнсний бүтээгдэхүүний хувьд хэрэглээндээ таарсан худалдан авалт хийхээс гадна хадгалалтын зөв горимоос суралцахыг хичээгээрэй. 

Та санхүүгийн сахилга батаа дээшлүүлэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэж байвал энэ сарын MOMPOWERMENT уулзалт буюу 2022 оны 4 сарын 16-нд зохион байгуулах Санхүүгийн дэглэм сургалтад хамрагдаарай. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл бичих