Mompowerment 4 буюу “Санхүүгийн дэглэм” ээжүүдийн сургалт  боллоо

Hellobaby сар бүр ээжүүдийн уулзалтыг зохион байгуулж, тодорхой нэг сэдвийн хүрээнд мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгуулдаг билээ. Бид дөрөвдүгээр сарыг “Санхүүгийн дэглэм”-ийн сар болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн Mompowerment уулзалтаа “Райнос Инвестмент” ҮЦК-ийн дэд захирал Н.Цэвэгмидтэй хамтран зохион байгуулсан билээ. Энэ удаагийн уулзалтад нийт 35 ээж оролцож хувийн санхүүгийн дэглэмээ хэрхэн сайжруулж, одоогийн байгаа нөхцөл байдалдаа хэрхэн ахиц дэвшил гаргаж болох тухай туршлага судалсан юм.

Бид өөрийн бие организмаа эрүүл, хэвийн жинтэй байлгахын тулд зөв, чанартай хоолны дэглэм баримтлах шаардлагатай болдог. Үүнтэй адил санхүүгийн нөхцөл байдлаа эрсдэлгүй, хэвийн байлгахын тулд санхүүгийн дэглэм, сахилга бат хувь хүнд чухал нөлөөтэй. Ихэнх ээжүүдийн хувьд өрхийн санхүүгээ захиран зарцуулах буюу өдөр тутмын худалдан авалтад шийдвэр гаргах шаардлага тулгардаг. Тэгвэл өрхийн санхүү болон хувийн санхүүгийн дэглэмээ сайжруулахад эмэгтэйчүүд бидний үүрэг оролцоо чухал үүрэгтэй гэдгийг Н.Цэвэгмид захирал онцолж байлаа.

Сургалт “Би хэн бэ?”
 “Зардал бол хөрөнгө оруулалт”
 “Санхүүгийн сэтгэл хөдлөлөө удирдах нь”,
“Өрхийн зардлаа хэрхэн хэмнэх вэ”?
 “Дуслыг хураавал далай”, 
“Орлогоо солонгоруулах нь”, 
“Хуримтлалын бүтээгдэхүүн” зэрэг сэдвийн хүрээнд 3 цаг онол, практик хослуулан үргэлжилсэн юм.


Сургалтад оролцогчдын сэтгэгдэл

Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Зуун хувь хэрэгжүүлж чадахгүй байсан зүйлээ дахин сэргээе надад боломж байна гэдгээ ухаарсан. Өөртөө үнэнч байж эд зүйлсэд биш илүү дурсамж бүтээхэд санхүүгээ удирдах боломжийг харсан. Энэ сараас тасралтгүй хуримтлал хөрөнгө оруулалтыг хийх болно.


Маш гоё сургалтад суусандаа баяртай байна. Бидний амьдралын өдөр бүрд тулгардаг асуудлыг шийдэхэд тусаллаа. Сургалтад сууснаар мэддэг хэр нь хэрэгжүүлдэггүй олон мэдээллээ олж авлаа. Цаашид санхүүгээ сайн удирдан, хуримтлуулж ирээдүйн том хөрөнгө бий болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Маш гоё эвент зохион байгуулсанд баярлалаа.
А.Заяа 
Өгөөжтэй сайхан сургалт боллоо. Хэрэгжүүлдэг зүйл байсан ч цаашид илүү сайн хэвшил болгох хэрэгтэй мэдээлэл их авлаа. Жишээ нь цаашид өөрт тохирох өнгө болон арьсаа тодорхойлуулна гэж бодож байна. Энэ нь үнэхээр л эмэгтэйчүүд биднийг ухаалаг худалдан авалт, шийдвэр нөлөөлөх юм байна гэдгийг ойлгож авсан. Мөн амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид гэсэн номыг уншина гэж бодож байгаа. Тэгээд өөртөө тавьсан зорилгоо томруулж түүндээ хүрэх болно. Танай хамт олонд баярлалаа.

Хүн бүр зорилго, хүсэл мөрөөдөлтэй байдаг. Түүнийгээ бодит болгох боломжийг санхүүгийн дэглэм бидэнд олгодог. Зорилгоо төлөвлө, зур, бодитоор төсөөл тэгээд үйлдэл хийж эхлэ. Харин зорилго, мөрөөдөл бодол төдий байвал бид хэзээ ч түүнийгээ биелүүлж чадахгүй хэмээн Н.Цэвэгмид захирал сургалтын үеэр онцолж байлаа. 

Энэхүү анхан шатны сургалтад суусан ээжүүд маань цаашид “10 саяын хадгаламжтай 1000 ээж” аяны хаалттай группийн гишүүд болж, цаашид хөрөнгө оруулалт хийх аргуудыг суралцах юм. 

1 Сэтгэгдэл

  • Avatar
    Posted 4 сар 18, 2022 11:27 am 0Likes
    Нийтэлсэн: Лхагвадулам

    Энэ сургалтанд сууж өөрийнхөө дутагдалтай тал болох сэтгэлийн хөөрлөө дарж чаддаггүй байснаа мэдэж авсан. Үнэтэй мэдлэгээсээ зөвөлгөө өгч хойч үедээ өвлүүлэх зуршилтай болгож өгсөнд баярлалаа. Энэ мөчөөс ирээдүйн тэрбумтан эмээ болох зорилгоор жигүүрлэсэнд талархаж байна.
    Мөнгийг их, багадаа олох нь чухал биш
    Мөнгийг хэрхэн удирдах нь чухал гэдгийг ойлгосон.

Сэтгэгдэл бичих