Өрхийн санхүүгийн А-Я

А. Ашиг

Ашиг орлого бол зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх зүйл биш. Чанартай худалдан авалт, боловсролдоо хөрөнгө оруулах, эрүүл чанартай хүнсний хэрэглээ, ухаалаг худалдан авалтын төлөвлөлт зэрэг нь бүгд өргөн утгаараа танд өгөх ашиг тус юм. Тиймээс ашиг гэдэг бол арвилан хэмнэлт биш санхүүгээ ухаалаг удирдах урт хугацааны дадал юм. 

Б. Бүртгэл

Бүх зүйл бүртгэл тооцоо хийхээс эхэлнэ. Хэрэв та зардлаа бүртгэхгүй бол юунд хэрхэн мөнгөө зарцуулж байгаагаа мэдэхгүй. Тиймээс өрхийн орлого, зарлагаа ягштал бүртгэж сураарай. Бүртгэл хөтөлсний дараа юунд, хэрхэн мөнгөө зарцуулж байгаагаа хянаж чаддаг болно. Орлого зарлагын бүртгэл хөтлөхдөө гар утасны аппликейшн, excel sheet ашиглах аль эсвэл цаас үзэг аваад хамгийн энгийнээр бүртгэл хөтөлсөн ч болно.

В. Вааран савны үлгэр

Энэ бол хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөх буюу вааран савны үлгэрт гардаг шиг хэн нэгнийг дуурайж санхүүдээ хямралд оруулахгүй байх тухай юм. Мэдээж одоогийн нөхцөл байдлаа сайжруулах нь чухал ч гэлээ тэрхүү шийдвэр нь урт хугацаандаа ашиггүй эсвэл өрхийн төсвийг тань хямралд оруулах уу гэдгийг бодолцож үзэхийг зөвлөж байна.

Г. Гурван сар

Та гурван сар өрхийн санхүүгийн орлого зарлагаа бүртгэхэд л маш их зүйлийг анзаарч бас суралцах болно. Өмнө нь та талх авахдаа үнийг нь харалгүй хаанаас ч хамаагүй авдаг байсан бол гурван сар бүртгэл хөтөлсний дараа аль дэлгүүрт юу хамгийн хямд бас эрүүл шинээрээ байдаг вэ гэдгийг мэддэг болно. Энэ бол жижиг мэт хэр нь урт хугацаандаа таныг ухаалаг худалдан авалтад сургах дадал болоход тустай.

Д. Даатгал

Даатгал бол ирээдүйд учирч болох аливаа эрсдэлийг шилжүүлэх, багасгахад чиглэдэг. Тиймээс даатгал хийлгэхийг зардал биш харин ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалах хамгаалалт гэж үзэхийг зөвлөж байна. Ялангуяа та болон танай гэр бүлийн гишүүд хүнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг бол гэнэтийн ослын даатгалыг зайлшгүй хийлгээрэй. Мөн хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол ихтэй, хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт доогуурт ордог манай орны нөхцөлд эрүүл мэндийн даатгал хийлгэх нь ирээдүйд учирч болох санхүүгийн эрсдэлээс таныг хамгаална. Эд хөрөнгийн даатгал буюу автомашин, орон сууцны даатгал зэргийг цаг тухай бүрд нь хийлгэх нь мөн чухал.  Иргэдийн санхүүгийн боловсрол дээшлэхийн хэрээр жил бүр даатгалд хамрагдагчдын тоо улам бүр өсөж даатгуулагчид эрсдэлд орох үедээ нөхөн төлбөр авах хувь хэмжээ нэмэгдсээр байна. Жишээ нь Монгол даатгал 2020 онд 7,6 тэр бум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бол энэ тоо 2021 онд 8,7 тэр бум болж өсжээ.

Ж. Жаргалтай бай гэхдээ хэмнэ

Аливаа зүйлийн тэнцвэрийг хадгалах нь хамгийн чухал. Хүмүүс ихэвчлэн санхүүгийн сахилга батад суралцана гэхээр өөрийн хүслээ хязгаарлаж бүх зардлаа хэмнэж, танах тухай боддог. Ингэж болох ч нэг л өдөр таны тэвчээр барагдана. Үүний оронд өөрийн хүсэл болон хязгаарын тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Жишээ нь та сар бүр цалин буух бүртээ дэлгүүр хэсэж худалдан авалт хийдэг байсан бол одооноос эхэлж улирал тутам нэг удаа дэлгүүр хэснэ гэх мэтээр өөрийн хуучин зуршилдаа өөрчлөлт оруулж болно. Энэ мэтчилэн танах боломжтой ч их зардал гаргаж байгаа зүйлээ багасгах замаар хэмнэлтийг эхлүүлээрэй.

З. Зээл

Хэрэв та ирээдүйд ашигтай, үнэ цэн нь өсөн нэмэгдэх худалдан авалт, хөрөнгө оруулалт болно гэдгийг мэдэж байвал зээл авахад буруудах зүйл байхгүй. Хамгийн гол нь тухайн зээлийн эргэн төлөлт болон, ирээдүйд өгөх ашиг, ач холбогдол нь танд үнэ цэнтэй байх нь чухал. Нөгөөтээгүүр хэрэв та өөрийгөө санхүүгийн сахилга баттай, тодорхой зорьсон зорилгодоо хүрэх төлөвлөгөөнийхөө дагуу хуримтлал цуглуулж чадна гэж бодож байвал зээл авахгүйгээр зорилгоо биелүүлэх сонголт бас байгаа гэдгийг санаарай. Зээлтэй хүмүүс нэг талаараа санхүүгийн сахилга батад суралцаж байдаг. Харин зээлээ хаанаас, хэдэн төгрөгний хүүтэй, ямар хугацаагаар, юунд зориулж, хэдий хэмжээгээр авахаа сайтар тооцоолох нь чухал юм.

И. Ирээдүйн зардал

Хүүхдийн сургалтын төлбөр, эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, аялал, томоохон худалдан авалт зэрэг ирээдүйд гарах зардлуудыг бид урьдчилан тооцох боломжтой байдаг. Гэвч ихэнх хүмүүс үүнд нэг их ач холбогдол өгөлгүй цагийг нь тулган гэнэтийн зардалд барьц алддаг. Иймээс ирээдүйд гарч болох тодорхой зардлуудад зориулж хуримтлал үүсгээрэй.

К. Койн авахаасаа өмнө эхлээд хуримтлалтай бол

Ихэнх хүмүүс зам товчлохыг хүсдэг. Үнэгүй хоол хулганы хавханд л байдаг гэдгийг эхлээд санаарай. Койн, хувьцаа, бонд авах зэрэг хөрөнгө оруулалтыг та сонирхож байвал эхлээд санхүүгийн сахилга батад суралц. Тодорхой хэмжээгээр хуримтлал үүсгэ. Энэ бол хэдхэн өдөр эсвэл сарын дотор бий болох зүйл биш. Үүний дараа алдсан ч таны амьдралд нэг их нөлөө үзүүлэхгүй үнийн дүнгээр хөрөнгө оруулалтын зах зээлд хөл тавьж болно.

М. Мөрөөдөл

Бидний мөрөөдөл зорилго бүхэн санхүүтэй холбогддог. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхийн тулд санхүүгийн чадамж болон зорилттойгоо нийцүүлснээр та хурдан хугацаанд өөрийн мөрөөдлөө биелүүлэх боломжтой болдог. Санхүүгийн тооцоолол, төлөвлөгөөгүй зорилго бол хий хоосон мөрөөдөл хэвээр үлддэг. Тиймээс мөрөөдлөө бодит болгохын тулд бич, төлөвлө, тооцоол. Тэгээд хэзээ биелүүлэх боломжтой гэдгээ тодорхойлж урагш зүтгэ.

Н. НӨАТ-ийн буцаан олголт

Таны амьдралд нэг их нөлөөлөхгүй орлогын боломжуудыг хуримтлал болгон хэвшүүл. Жишээ нь НӨАТ-ийн буцаан олголтоо үрэхгүй цуглуулсаар байгаад гар утас худалдан авсан бодит жишээ байна. Энэ бол санхүүгийн сахилга бат юм. Гэтэл ихэнх хүмүүс буцаан олголтыг өдөр тутамдаа хэрэглэдэг харилцах данстайгаа холбосон байдаг учраас нэг л мэдэхэд орлого орж, нэг л мэдэхэд үрээд дууссан байдаг.

О. Орлого бол орлого

Ихэнх хүмүүс орлого ихтэй болсон үедээ хуримтлал үүсгэнэ гэж боддог.  Яг үнэндээ орлого хэд байхаас үл хамааран та хуримтлал үүсгэх боломжтой. Учир нь хуримтлал үүсгэхэд заасан доод хэмжээ гэж байхгүй. Орлого бол орлого.

Ө. Өгөөж

Урт хугацаандаа өгөөж өгөх зүйлд хөрөнгө оруулалт хийхээс бүү татгалз. Гэхдээ хөрөнгө оруулалт хийхийн өмнө эхлээд санхүүгийн сахилга батад суралцсан байх нь чухал. Ихэнх хүмүүс сэлж сураагүй байж далайд гарахыг тэмүүлдэг. Үүнтэй ижил тогтмол хуримтлал үүсгэж санхүүгийн сахилга батад суралцаагүй байж хувьцаа, койн, бонд зэрэг хөрөнгө оруулдаг. Хэрэв та хөрөнгө оруулалт сонирхож байгаа бол нийт хуримтлалынхаа 10 хувь буюу алдагдалд орсон ч таны амьдрал нөлөө үзүүлэхээргүй шийдвэрийг гаргаарай.  Харамсалтай нь ихэнх хүмүүс урт хугацааны өгөөжийг тооцолгүй санхүүгийн савлагаан дунд сандарч алдагдал хүлээх шийдвэр гаргадаг.

С. Солонгоруул

Тиймээ энэ бол мэдээж орлогоо солонгоруулах тухай. Өөрөөр хэлбэл орлогын 2-3 эх сурвалжтай байх тухай юм. Мэдээж эхлээд өөрийн хийж буй ажилдаа тодорхой хэмжээгээр сайн туршлага хуримтлуулсан байх нь чухал. Тэгээд өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ ашиглах, эсвэл эртнээс бодож, төлөвлөж байсан шинэхэн бизнесээ эхлүүлэх гэх мэт ямар нэг хайрцагт баригдалгүй сэтгээрэй.

Т. Төлөвлөлт

Төлөвлөгөөтэй юм бүхэн биелүүлэхэд амар хялбар байдаг. Гэр бүлийн төсвийн хувьд ч энэ бол хамгийн чухал. Жишээ нь хэрэв та хүүхдээ ирээдүйд хувийн сургуульд сургана гэж бодож байвал одооноос судалж эхлэх хэрэгтэй. Судалгаагаа мэдээж санхүүгийн төлөвлөгөөтэйгөө уялдуулж сард хэдэн төгрөг, хэр хугацаагаар цуглуулах вэ гэх мэтчилэн эртнээс төлөвлөх нь чухал. Санхүүгийн төлөвлөлт бол ирээдүйд учирч болох санхүүгийн дарамтаас танай гэр бүлийг сэргийлнэ.

У. Ухаалаг худалдан авалт

Танай гэрийн өдөр тутмын хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ ямар үнэтэй болохыг та мэдэх үү? Ухаалаг худалдан авалт гэдэг бол байгаа мөнгөндөө тааруулж амьдрах тухай биш юм. Харин эсрэгээрээ юуг хаанаас худалдан аваад хэрхэн хэрэглээндээ нийцүүлэх тухай юм. Багахан тооцоо бодъё. Хэрэв танай гэр бүл өдөр бүр 3500 төгрөгөөр савлагаатай сүү авдаг гэж үзье. Тэгвэл 10 литр сүү 35000 төгрөг. Үүний оронд хүнсний захаас 10 литр сүүг 25000 төгрөгөөр авах боломжтой. Тэгээд ч зогсохгүй сүүгээ хөөрүүлж өрмийг нь авч өглөөний цайндаа идээд, тараг бүрэн хүүхдүүддээ өгч, үлдсэнээр нь цайгаа сүлж болно. Энэ бол ухаалаг худалдан авалтын жишээ юм. Харин сонголт таны гарт.

Ү. Үнэлгээ

Та яг одоогийн өөрийн болон гэр бүлийн санхүүгийн байдлаа бодитоор үнэлж үзсэн үү? Та огт ажил хийхгүйгээр хэр удаан хэрэгцээгээ хэвийн хангаж чадах вэ? Энэ талаар та бодож үзээгүй бол яг одоо бодитоор үнэлгээ хийгээд үзээрэй. Сар бүрийн зээлийн төлөлт, хэрэглээ, худалдан авалт гэх мэт бүхий л зардлаа тооцон өөрт байгаа хуримтлалын дүнтэйгээ харьцуулан үз. Хэрэв танд эрсдэлтэй үед хэрэглэх ямар нэг хуримтлал байхгүй бол яг одооноос эрсдэлийн сан үүсгэх хэрэгтэй гэдгээ ойлгосон байх гэж найдаж байна.

Х. Хуримтлал

Хуримтлал бол урт хугацааны санхүүгийн сахилга бат юм. Та ямар нэг зорилгын төлөө хуримтлал нээсэн бол тухайн хүрэх эцсийн цэг хүртлээ бага багаар тууштай урагшлах үйл явц юм. Ихэнх хүмүүс сэтгэл хөдлөлөөр хуримтлалын данс үүсгээд төд удалгүй цуцлах тохиолдол байдаг. Хуримтлал үүсгэх алхам эхлүүлж байгаа нь зөв ч гэлээ хүрэх цэг буюу зорилго тодорхой бус үед ихэвчлэн энэ үйлдэл давтагддаг. Тиймээс хуримтлал үүсгэж эхлэхдээ л юуны төлөө энэ хуримтлалыг үүсгэсэн бэ гэдгээ нарийн тодорхойлох нь чухал.

Ц. Цаас аваад 4 нуга

Зардалаа бичиж тэмдэглэхээ мартаад эсвэл хойшлуулсаар л байна уу? Тэгвэл яг одоо цаас аваад 4 нугал. Үүний дараа 8 нүд тэрхүү цаасан дээр үүссэн байх болно. Тэдгээр 8 нүдэнд өдөр өдрийн орлого зарлагаа нэг бүрчлэн бичиж тэмдэглэ. Буцааж нугалаад халаасандаа эсвэл цүнхэндээ хийчих. Долоо хоногийн дараа та өөрийн орлого зарлагын талаар анхан шатны мэдээллийг цуглуулсан байх болно. Энэ бол хувийн санхүүгийн найман нүдний арга.  

Ч. Чанар

Харамч хүн хоёр төлнө гэдэг үг байдаг. Чанар муутай олон зүйл авахын оронд чанартай цөөхөн зүйл худалдан авах төлөвт шилж. Чанартай зүйлийн үнэ өртөг тухайн үедээ хэт өндөр мэт санагдаж болох ч урт хугацаандаа загвар, эдэлгээ сайтай, санхүүд хэмнэлттэй болохыг та мэдрэх болно.

Ш. Шинэ хүнс

Дэлгүүр орохдоо нэг дор маш их хүнс аваад дараа нь түүнийгээ хэрэглэж амжихгүй муутгах тохиолдол гардаг уу? Хэрэв тийм бол та өөрийн олсон мөнгөө хогийн саванд хийж байгаагаас өөрцгүй юм. Мөн хоолны хэмжээгээ тохируулан хийж хаягдал гаргахгүй байх нь ч бас чухал. Үүний оронд яг хэрэглэх хэмжээгээрээ бага багаар хүнсээ цуглуулан байгаа зүйлээ тохируулан хэрэглэж сурах нь эдийн засаг болон эрүүл мэндэд тустай.

Э. Эрүүл мэнд эрхэм баян

Өвдсөнийхөө дараа биш өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ заавал хийлгэж байгаарай. Хөрөнгө мөнгө чухал ч гэлээ эрүүл мэнд эрхэм баян. Бид эрүүл байвал хүссэн бүхнээ хийж чадна. Тиймээс эрүүл мэндээ анхаарахад цаг зав, урьдчилан сэргийлэхэд мөнгө зарцуулахдаа бүү цааргалаарай. Маш их ажил хөдөлмөр хийгээд эцэст нь өвчин туссан байвал тэр мөнгөөр бид эрүүл мэндээ эргүүлэн авч чадахгүй.

Ю. Юу ч худалдан авахгүй өдөр

 Долоо хоногийн нэг өдрийг юу ч худалдан авдаггүй өдөр буюу “zero money day”-тэй болоорой. Энэ бол мөнгөө хэмнэх тухай биш хүн юу ч авахгүйгээр байгаа зүйлээрээ болгож болдог юм байна гэдгийг

Я. Яана аа! Хуримтлалдаа мөнгө хийж чадсангүй

Яг ингэж хэлдэг хүн бол санхүүгийн маш сайн сахилга баттай хүн юм. Бидний ихэнх нь зээлээ төлж чадахгүй бол санаа зовдог. Харин хүүхдийн хадгаламж, хуримтлалдаа мөнгө хийж чадахгүй бол яг үүнтэй адил санаа зовдог бил үү? Ирээдүйд учирч болох эрсдэлээс сэргийлж, яана аа! хуримтлалдаа мөнгө хийе гэж санаа зовдог хүн болцгооё. Ингэхийн тулд хуримтлалдаа мөнгө нэмдэг тогтсон өдөртэй болох үүнийг дадал болгож хэвшүүлэх нь танд туслах болно.

Сэтгэгдэл бичих