Миний төрөлтийн түүх: БИЧЭЭЧ ЭЭЖ-ийн Япон улсад төрсөн туршлага

Ярилцлагынхаа буланд бид хүүхдийн зөв хооллолтын талаар мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэдэг “Бичээч ээж” хуудсын админ, 2 хүүхдийн ээж Энхчимэгийг урьж оролцууллаа. Тэрээр саяхан Япон улсын Фукуока хотын улсын эмнэлэгт амаржсан бөгөөд Япон улсын төрөх эмнэлгийн үйлчилгээ асаргааны талаар ярилцлаа.

 Сайн байна уу? Ярилцлагын урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

Сайн байна уу. Ярилцлагадаа урьсанд баярлалаа. Намайг Энхчимэг гэдэг. Фэйсбүүк, Инстаграм дээр “Бичээч ээж” нэрээр хуудас хөтөлдөг. Хоёр хүүхдийн ээж. Би олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Монголд мэргэжлээрээ ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад удалгүй Японд ирсэн. Энд ирээд цахим хуудсаа нээгээд, ээжийн ажлын талаар олон нийтэд хуваалцах болсон. Би том хүүгээ Монголд улсын эмнэлэгт кесар хагалгаагаар төрүүлж байсан. Бага хүүгээ Япон улсад Фукуоко хотод мөн адил улсын эмнэлэгт кесар хагалгаагаар төрүүлсэн.

 Японд төрөх эмнэлгийн үйлчилгээний талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу.

Энд төрөхөд хамгийн сайхан нь эмнэлгийн үйлчилгээ байсан. Жирэмсний хяналтаас эхлээд амаржих хүртэлх бүх үйлчилгээ хүнийхээ төлөө гэсэн хүнд сурталгүй, чирэгдэл төвөггүй үйлчилгээ үзүүлж байсан. Ер нь бусдаас гарч болохооргүй гоц гойд зүйл биш ч гэлээ хүн бүхэн хэрэгжүүлж болохоор сайхан үйлчилгээг үзүүлдэг санагдсан.

Монголд үүнийг хэрэгжүүлэхэд тийм ч хэцүү биш, хялбархан шийдэж болох юм байна шүү дээ гэж бодогдсон зүйл бий юу?

Монголтой харьцуулахад орчин нөхцөл, хангамж сайтайгаас гадна ажиллах хүчин боломжийн байдаг учраас үйлчилгээгээ бүрэн дүүрэн үзүүлж чаддаг юм байна гэж бодогдсон. Мөн ажилтнуудынх нь харилцаа хандлага үнэхээр сайхан санагдсан.

Японы төрөх эмнэлгийн хоолны талаарх сэтгэгдэл. Энэ чиглэлээр мэдээлэл бэлтгэж хүргэдэг болохоор илүү сонирхож анзаарсан байх?

Хамгийн их таалагдсан зүйл нь эмнэлгийн хоолны үйлчилгээ байсан. Өмнө нь Японд төрж байсан ээжүүдээс эмнэлгийн хоол нь амттай сүү сайн оруулдаг гэж зөндөө сонсож байсан. Тиймээс нэлээн хүлээлттэй байсан. Гаднаас эргэлтийн хоол гэж гэрээс авахгүй яг л эмнэлгийн хоолоор үйлчилдэг. Тэр нь төрсний дараа ээжүүдэд зориулсан өдрийнхөө илчлэг, шим тэжээлийг нь тооцоолсон хоол өгдөг юм билээ. Долоо хоногоор цэс гаргачихсан байдаг. Анх хоолоо авчхаад яаана аа идэж болох байгаа, сүү орох болов уу, хүүхдэд харшил өгөх вий гэх зэргээр бодож байсан. Тэгсэн яг цагаар хооллоод олон төрлийн амттай хоол идээд сүү маш сайн орсон.

Эмч болох эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлага, үйлчилгээ маш сайхан байсан гэж хэлсэн. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу.

Харилцааны хувьд Япончууд угаасаа дэлхийд дээгүүрт ордог учраас ярих юм байхгүй бүгд л маш сайхан харилцаатай хүмүүс байдаг. Төрөх эмнэлэгт байхдаа аргадуулж, эрхэлсээр байгаад л маш сайхан төрсөн. Эмч сувилагчдаа загнуулах болов уу, гадаад гээд гадуурхагдах болов уу гэсэн зүйл огт байгаагүй. Өрөөнд орж ирэх бүртээ хаалга тогшоод зөвшөөрөл авч орж ирдэг гэх жишээний. Энэ хүн Япон хүн биш юм чинь тэгсгээд л ойлгуулчихья гэсэн зүйл байхгүй яг таг бүх зүйлийг ойлгуулах гэж тайлбарлан хичээж байгаа нь үнэхээр бахархмаар сайхан санагдсан. Би өөрөө Япон хэл сайн мэдэхгүй. Ойр зуурын л ярьдаг. Тийм болохоор анхнаасаа англи хэлээр эмч, сувилагчтайгаа харилцана гээд биччихсэн байсан. Гэхдээ зарим сувилагч нар нь англи хэл ойлгохгүй байсан. Тэгсэн ч гэсэн эмчлүүлэгчдээ бүрэн дүүрэн ойлголт мэдээллээ өгнө гэж хичээгээд орчуулгын аппликейшн ашиглаад, биеийн хэлэмжээр ч хамаагүй ойлгуулах гэж хичээж байгаа нь маш сайхан санагдсан. Эмч сувилагчийн харилцаа хандлага бол ярих зүйл байхгүй үнэхээр сайхан санагдсан. Шинэ хүнээ хүлээж авсны дараа хүнээр асруулж, хүндлэгдэх хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

Төрсний дараа ээжийн эрүүл мэндэд эмнэлгээс хэрхэн анхаарч үйлчилгээ тусламж үзүүлж байсан бэ?

Төрсний дараа үйлчилгээ бол яг л хувийн сувилагч аваад асруулж байгаа юм шиг л сайхан үйлчилгээ, тусламж авсан. Хагалгаагаар төрсөн болохоор төрсний дараа 7 хоног эмнэлэгт байсан. Хагалгаагаар төрсөн ээжийг эхний гурван өдөрт 2 цаг тутам эргэж тойрч биеийг нь тогтмол хянадаг юм билээ. Хагалгааны дараа хэвтэрт байхад хоолны дараа эхний өдөр зөвхөн ус уудаг. тэр болгонд сувилагч ирээд ус, цай дөхүүлээд өгдөг. Хэвтэрт байх хугацаанд халуун алчуураар биеийг маань арчаад, хувцас солиод өгдөг. Тэр ч бүү хэл шүдээ угаагаарай гээд ус сав хүртэл авчирч өгөөд өөрсдөө цэвэрлээд яваад өгдөг. Хэвтрээс боссоны дараа анх удаа алхаж үзэхэд сувилагч дагаад байнга хамт байдаг. Ариун цэврийн өрөө ороход хүртэл хамт явж тусалдаг. Тэгээд би сүүлдээ санаа зовоод би өөрөө алхаж чадаж байна аа гэж хэлсний дараа дагаж явахаа больсон.

Тэнхрээд алхаж чадаж байвал усанд ор гэдэг юм билээ. Монголд бол гам барих ёстой усанд орж болохгүй гэдэг шүү дээ. Энд болохоор усанд ороорой л гэдэг юм билээ. Усанд орчхоод гараад ирсний дараа халуун тосоор биед иллэг хийж өгсөн. Энэ нь хамгийн сайхан үйлчилгээ байсан. Оёдолдоо таталдаа бөхийсөөр байгаад нуруу татчихсан, хуян хөөрчихсөн байсан. Тэр үед иллэг хийлгэхэд маш гоё байсан. Баярласандаа бараг уйлах гэж байсан. Яаж ингэж хүнийг, тэр тусмаа дөнгөж төрсөн ээжийг ингэж сайхан халамжилж үйлчилгээ үзүүлэхээ үнэхээр сайн мэддэг юм байна аа л гэж бодогдсон. Мөн ядраад байна гэх юм бол хүүхдээ сайн хөхүүлчхээд хүүхдээ сувилагчдаа өгөөд амарч болдог юм билээ. Энэ хооронд ээжүүд маш сайхан амарч тэнхэрч чаддаг юм билээ.

Эмнэлгийн хоолонд голцуу ямар хүнс ихээр байсан бэ? Монголчууд төрсний дараа шар будаатай цай эсвэл гурилан бүтээгдэхүүн зэргийг идэхээр сүү ордог гэсэн хэвшмэл ойлголттой байдаг шүү дээ. Японд онцгойлон үүнийг хэрэглэвэл сүү сайн ордог гэсэн зүйл байдаг юм болов уу?

Онцгойлон тэгж өгсөн хүнс байгаагүй. Би яг тодорхой нарийн мэдээгүй ч байж магадгүй. Ямартай ч миний ажигласнаар хурц амтгүй, давс болон өөх тос багатай хоол хүнс өгч байсан. Хоолнууд нь мах, шөл,үр тариа буюу будаа, хачир ногоо гэсэн иж бүрдэлтэй байсан.

Монголд ядаж үүнийг хэрэгжүүлээсэй. Энэ зүйлийг маш хялбараар шийдэж болох юм шүү дээ гэж асуувал хамгийн түрүүнд юу санаанд тань орж байна вэ? Жишээ нь Монголд ээжүүд төрсний дараа хүүхэдтэйгээ нэг орон дээр унтдаг. Энэ бол эх хүүхдэд аль алинд нь маш эрсдэлтэй. Японд бол мэдээж тэс өөр байдаг байх.

Яг тийм, хүүхдийг нь тусад нь унтуулах, мөн түүнийгээ түрж яваад эмчийн үзлэг зэрэгтээ орж болдог байхаар шийдээд өгвөл зүгээр санагдсан. Ялангуяа оёдолтой болон кесар хагалгаагаар төрсөн ээжүүдэд тийм түрдэг хүүхдийн ор байвал их л дэм болох болов уу. Мөн хагалгаагаар төрсөн ээжүүдэд мэс заслын дараах хэвтэрт нь зориулаад дээш доош болдог орнууд тавиад өгвөл их дэмтэй юм билээ. Хагалгаа хийлгээд маргааш нь шууд босож явна гэдэг чинь бас л чанга байдаг. Тийм үед өндөр орон дээр хэвтээд босох, суугаад босох гэдэг үнэхээр хэцүү байсан. Хүн ирээд татаад юм уу түшээд босгохгүй болохоор ядаж орыг нь эвтэйхэн байхаар шийдээд өгвөл төрсөн ээжүүдэд их тухтай байх болов уу.

Жирэмсэн болохоос эхлээд төрөх хүртлээ нэг эмчийн хяналтад байдаг уу? Жишээ нь Солонгост ямар нэг хагалгаанд орох үед тухайн өвчтөнөө нэг л эмч дааж аваад биеийг нь тэнхэрч эмнэлгээс гарах хүртэл нь үйлчилдэг гэж сонсож байсан. Японд ямар байдаг вэ?

Жирэмсний хяналтад орохоос эхлэн төрөх хүртэл яг нэг эмч үзэж байсан. Хагалгаанд ороход харин өөр эмч төрүүлсэн. Гэхдээ эмчлүүлэгчийн мэдээллийг маш сайн солилцсон байдаг юм билээ. Төрсний дараа хяналт хийх гэж ирсэн сувилагч бүр миний антибиотикийн харшилтайг мэдэж байсан гэхээр эмчлүүлэгчийнхээ түүхтэй сайн танилцсан байдаг юм шиг санагдсан.

Эмнэлгийн үйлчилгээ төлбөртэй байдаг уу? Эсвэл эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй байдаг уу?

Тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Хот болон мужаараа өөр өөр төлбөр гардаг гэж сонсож байсан. Гэхдээ төрж буй ээжид улсаас 400,000 еэний тэтгэмж өгдөг. Үүнийгээ шууд эмнэлгийн төлбөрт суутгуулчихдаг. Тэгээд зөрүү мөнгөө бид өөрсдөө төлдөг. Өөрөөрөө болон кесар хагалгаагаар төрж байгаа нь бас өөр өөр төлбөртэй байдаг юм билээ. Үүн дээр нэмээд сонирхуулахад, хяналтад ороод төрөх хүртэл жирэмсэн эхийн бүх үзлэг, шинжилгээ төлбөргүй байдаг. Харин эрүүл мэндийн даатгалаа заавал төлсөн байх шаардлагатай.

Та Монголд болон Японд амаржиж үзсэн эх хүний хувьд юуг харьцуулан бодож, хэлмээр санагдсан зүйл байгаа юу?

Mанай монгол эмч, сувилагч нар ур чадварын хувьд мундаг гэж би боддог. Тэр сайн эмч сувилагчдын ачаар би өнөөдөр том хүүтэйгээ эрүүл саруул сайхан амьдарч байгаадаа маш их талархдаг. Харилцаа хандлагын хувьд хувь хүний л зан авир гардаг юм билээ. Монголд төрж байхад зарим эмч сувилагч нь “Миний охин” гээд найрсаг хандаж байсан бол, зарим эмч нь “чи яахаараа дутуу төрчихдөг юм” гэж загнаж байх жишээний байсан. Ажлын ачаалал ихтэй, ямар ч асуудалтай байсан төрсөн ээжүүдтэй найрсаг харилцаатай байгаасай л гэж хүсэж байна. Мөн Монголд төрсний дараах тасагт хүүхэдтэй, “хүүхэдгүй” бүх ээжүүдийг нэг өрөөнд оруулчихдаг нь үнэхээр хүнд санагдсан. Намайг төрж байхад, миний хүү шууд нярайн эрчимтэд хэвтээд, намайг төрсний тасагт хэвтүүлж байв. Тэнд бүх ээжүүд хүүхэдтэйгээ хэвтэж байхад би л ганцаараа байсан. Бусад ээжүүд над руу гайхсан, сонин харцаар хараад их эвгүй байсан л даа. Төрсөн ээжүүдийн сэтгэл зүйн асуудалд бас анхаардаг.

Дөнгөж төрсөн болон удахгүй амаржих ээжүүдэд хандаж хэлэх таны зөвлөмж?

Би тийм мундаг туршлагатай ээж биш ч өөрийнхөө хэрэгжүүлдэг ганц хоёр зүйлээс ээж нартаа хуваалцъя гэж бодлоо. Бага ч гэсэн дэм болж магадгүй. Бид анхнаасаа “ээж” болж төрөөгүй учраас мэдэхгүй, чадахгүй зүйлс зөндөө гарна. Тэр болгонд өөрийгөө буруутгаж эсвэл сэтгэл санаагаар унах хэрэггүй юм билээ. Хүүхдээ өсгөх явцдаа суралцаад, “ээжийн ажилдаа” мэргэшээд явдаг учраас бид бүгд хүүхдэдээ сайн ээж нь байж чадна. Ядраад, хэцүү санагдаад байвал гэр бүлийнхэндээ хэлээд өөрийгөө жаахан ч гэсэн амраагаад цаг гаргах хэрэгтэй. Хүүхэд өсгөх ганцхан ээжийн хийх ажил биш болохоор гэр бүлийн гишүүд бүгд л оролцож анхаарах ёстой шүү дээ. Яг одоо бол би бүхнийг өөрөө амжуулах гэж хичээхгүй байгаа. Хүүхдээ унтвал яг дагаад л унтаад, өөрийгөө амрааж байна. Ер нь том хүү дээрээ ч тэгдэг байсан. Хүүхдээ унтсан хойгуур бүр зайлшгүй л биш бол энийг хийж, тэрийг амжуулна гэдэггүй байв. Хүүхдийнхээ дараа өөрийгөө тавиад л…Гадуур дотуур гараад, гоо сайхан энээ тэрээ гээд явахгүй ч яг өөрийнхөө дуртай зүйлээ хийгээд кайф авчихдаг. Төрсний дараа гормоны өөрчлөлтөөс болоод сэтгэл санаа их савлагаатай байдаг даа… Ийм үед заавал хүний тусламж гэхгүй чихэвчээ зүүгээд хөгжим сонсоод бүжиглэчихдэг, дуртай юмаа идээд хорхойгоо дарчихдаг, тэмдэглэл хөтлөөд дотроо уудалчихдаг, хүн өгөхгүй байсан ч өөртөө цэцэг худалдаж аваад нүд сэтгэлээ сэргээчихдэг гэх мэт жижиг зүйлсээр өөрийгөө хайрлаж болдог шүү ээжүүд минь. Мөн өөрийгөө болон хүүхдээ бусадтай битгий харьцуулаарай. Харьцуулах тусам асуудлууд гарч ирээд л байдаг. Бид бүгдийн амьдралын хэв маяг, онцлог өөр өөр. Хамгийн сүүлд нь гэж хэлэхэд таны хүүхдийг та өөрөө л хамгийн сайн мэдэрч ойлгоно. Хүүхэд заавартайгаа биш ээжтэйгээ ирдэг гэдгийг мэдрээд сууж байгаа 2 хүүхдийн ээжээс…

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022