Хүүхдийн хөгжил, боловсролыг Монголд нэг түвшин ахиулах юмсан гэж хүсдэг

Г.Буян-Арвижих: “Little Kickers” олон улсын франчайзыг Монголд албан ёсоор хэрэгжүүлж байгаа Кидс Сока ХХК-ийн гүйцэтгэх захирал

Дэлхийн 33 оронд хэрэгжиж буй сургуулийн өмнөх насныханд зориулсан хөл бөмбөгийн франчайзинг хөтөлбөр гэхээр маш сонирхолтой санагдаж байна. Энэ хөтөлбөрийг анх яагаад Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирэх болсон бэ? Таны ажил мэргэжилтэй холбоотой юу?

Манай байгууллага “Little Kickers” олон улсын хөтөлбөрийг 2018 оноос хойш Монголд албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь хөл бөмбөгийг бүр анхан шатнаас нь бага насны хүүхдүүдэд заадаг. Ерөнхийдөө хөл бөмбөгийн спортоор дамжуулан хүүхдэд биеийн болон нийгэмшихүйн хөгжлийг хөгжилтэй тоглоомын аргаар олгодог юм. Миний хувьд багаасаа хөл бөмбөг тоглох дуртай байсан, үүнийхээ дагуу олон улсын хөл бөмбөгийн холбооны нийтийн хөл бөмбөгийн дасгалжуулах зэрэгтэй. Өөрөөр хэлбэл 6-12 насны хүүхдүүдэд дэлхийн хаана ч очсон дасгалжуулах эрхтэй гэсэн үг л дээ.

Little Kickers -ийг Монголд оруулж ирснээр өөрийн сонирхол буюу хөлбөмбөгөөр дамжуулаад ирээдүй хойч үеийнхээ боловсролд хувь нэмэр оруулах боломжтой болж байгаадаа их сэтгэл хангалуун байгаа. Миний ард надтай ижил хүсэл сонирхолтой бүхэл бүтэн баг байна.

Little Kickers хөтөлбөрийн онцлог болон давуу тал нь юу вэ? Энэ хөтөлбөрийг эцэг эхчүүд хүүхдэдээ яагаад сонгон суралцуулах хэрэгтэй вэ

Манай хөтөлбөрийг сонирхоод ирсэн ихэнх хүмүүс шууд л хүүхэд нь хөл бөмбөг тоглох юм байна гэсэн ойлголттой ирдэг. Хүүхдүүдийг хамгийн их нэгтгэдэг зүйл бол хөгжилдөх, тоглох үйл явц байдаг. Тиймээс энэ хөтөлбөрөөрөө дамжуулаад бага насны хүүхдийн биеийн хөгжлийн дасгал хөдөлгөөн, өнгө тоо ялгах гэх мэт танин мэдэхүй мөн харилцааны болон нийгэмшихүйн чадамжуудыг тоглоомын аргаар цогц байдлаар олгодог.

Анх 2002 онд Англи улсад энэхүү хөтөлбөр үүсгэн байгуулагдсан. Тухайн үед бага насны хүүхдүүд буюу нийгмийн харилцаанд орж эхлэх алтан үе дээрээ явж буй 1,5-3 насны хүүхдүүдэд зориулсан хөгжилтэй сургалт, хөтөлбөр байхгүйг үүсгэн байгуулагч эмэгтэй Кристин Кэлли анзаарч өөрийн найзуудын хамтаар хөгжүүлэлтээ хийж эхэлсэн байдаг. Хөтөлбөрийн гол зорилго нь PLAY NOT PUSH гэсэн агуулгыг баримталдаг. Энэ нь хүүхдийг хүчлэхгүйгээр дарамт шахалтгүй орчинд мөн чадамжаас нь илүү зүйл шаардахгүйгээр хөлбөмбөгийн спортоор дамжуулан сонирхолтой, танин мэдэхүйн олон талт ойлголтуудыг өгөхийг зорьдог. Мөн  MORE THAN JUST FOOTBALL буюу хөлбөмбөгөөс ч илүү үнэ цэнийг бий болгоно гэсэн зорилгоор хөтөлбөрөө хэрэгжүүлдэг.

Энэ агуулга нь 1,5 – 3 настай хүүхдүүдэд илүүтэй ажиглагддаг. Зөвхөн хөлбөмбөг гэхээс илүүтэй багштайгаа ойлголцож сурах, бусад хүүхдүүдтэй хамтран тоглох, хуваалцах гэх мэт нийгмийн харилцааны ур чадваруудыг хөгжилтэй тоглоомын аргаар эзэмшдэг.

Хөтөлбөрийн бас нэгэн онцлог нь суралцагч хүүхдүүдэд тусгай тэмдэгт олгодог. Нэг тэмдэгтийн хичээлийг 3 сарын хугацаанд ордог бөгөөд энэ хугацаанд амжилттай суралцсан хүүхдүүдэд тусгай тэмдэгт буюу badge гардуулдаг юм. Эдгээр тэмдэгтүүд нь “анхаарал төвлөрүүлэх ба сонсох чадвар”, “багаар тоглох” гэх мэт чадваруудад төвлөрөн тусгай арга зүйгээр боловсруулсан 12 төрлийн хөтөлбөр байна. Энэхүү тэмдэгтийн арга зүй нь франчайзын эрх бүхийн дэлхийн аль ч улс оронд ижил стандарт, ижил арга барилаар явагддаг тул Монгол хүүхдүүд дэлхийн хөтөлбөрийг эх орондоо авах боломжтой болж байгаа юм. 

Яагаад заавал хөлбөмбөгийн спорт хүүхдийн хөгжил, боловсролд чухал нөлөөтэй вэ?

Насны хувьд энэхүү хөтөлбөр нь бүр 1,5 наснаас эхэлдэг. Яагаад ийм эрт наснаас эхэлдэг вэ гэхээр хүүхэд хэлд ороход хамгийн их нөлөөлдөг зүйл бол хүүхдийн биеийн хөгжил буюу булчингийн хөгжил юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд эрт буюу амархан хэлд ороход эерэг нөлөө үзүүлдэг. Мөн олон жилийн туршлагаар батлагдсан яг хүүхдэд зориулсан хөтөлбөрийн дагуу мэргэжлийн багш нартай харилцах үед хүүхдийн нийгмийн харилцаанд оролцох хүсэл эрмэлзэл нь өдөөгдөж эхэлдэг.

Үүний дараа 2,5-3,5 нас бол хүүхдийн биеийн хөгжил эрчимтэй явагддаг үе. Харин 3,5-5 насны ангид хүүхдийн нийгмийн харилцаанд суурилсан хөтөлбөрүүд хэрэгждэг. 3-6 насанд хүүхэд ирээдүйд ямар хүн болох нь тодорхойлогдож энэ үедээ хүмүүжлийн үндсэн сууриа тавьдаг. Тиймээс манайх сургалтын хөтөлбөрөөрөө дамжуулаад багийн тоглолтод суралцах, бусдыг удирдан манлайлах, дагуулах ур чадваруудыг эзэмшүүлэхийг зорьдог. Цаашлаад 5-7 насанд бол цэвэр хөлбөмбөгийн спортод бэлдэх, үндсэн ойлголт суурь хичээлүүд болох дүрэм, тактикийн сургалтыг заадаг.

Сургалтын явцыг ажиглахад хүүхдүүд маш аз жаргалтай харагдаж байна. Эцэг эхчүүд хичээлийн үеэр хүүхдээ дэмжих, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх долоо хоногт нэг удаа тохиох алтан цаг хугацаа шиг харагдаж байна.

Өнөөгийн завгүй нийгэмд бид ажлын өдрүүдэд хүүхдэдээ төдийлөн хангалттай цаг гаргаж чаддаггүй. Тэгвэл долоо хоногийн нэг өдөр буюу амралтын өдрийн аль нэгэнд нь 45 минутыг ногоон талбайд цагийг хамтдаа өнгөрүүлэх нь хүүхэд, эцэг эхчүүдийн хувьд аль алинд нь үнэхээр аз жаргалтай байгаа нь харагддаг.

Хүүхэд бүр өөр учраас хичээлийн хувьд зарим хүүхэд аль хэдийн манай хөтөлбөрийн нэг хэсэг байсан юм шиг шууд дасаад хамтдаа тоглоод эхэлдэг. Зарим хүүхэд хэсэг хугацааны дараа буюу 3-4 хичээлийн дараа өөрөө тоглоомдоо оролцоод эхэлдэг. Үүнд эцэг эхийн хамтын хичээл зүтгэл чухал нөлөөтэй байдаг шүү гэж бид зөвлөдөг. Харин энэ үеийг давсны дараа хүүхдэд харилцааны болоод биеийн хөгжил, эвслийн маш том өөрчлөлтүүд ажиглагддаг.

Хүүхдүүдийн тоглох үйл явцыг анзаараад харахад хоорондоо өрсөлдөх биш хамтран нэг баг болж хөгжилдөж байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь хөтөлбөрийн онцлогтой холбоотой юу?

Тиймээ. Нас насны ангиллаас хамаараад хөтөлбөр өөр өөр байдаг. Жишээ нь 1,5-5 нас хүртэл хүүхдийн нийгэмших чадвар буюу багаар тоглох ур чадвар, бусдыгаа хүндлэх, хүлээцтэй байх, найзуудтайгаа бөмбөгөө хуваалцах гэх мэт чадваруудад төвлөрдөг. Харин 5-8 насны анги бол тэр чигтээ өрсөлдөөн байдаг. Энэхүү хөтөлбөрийг эзэмшихээс өмнө хүүхдүүд өрсөлдөөн гэдгийг өөрөөр ойлгодог байсан бол сургалтад хамрагдсаны дараа хүүхэд өрсөлдөөнд маш хүлээцтэй хандаж, ялж ялагдаж сурдаг.

Зуны цагт гадаа талбайд тоглож байна. Цаг агаарын нөхцөл байдал болон өвлийн цагт хичээлээ хаана ордог вэ?

Монголын хувьд гадаа талбайд тоглох боломж үсрээд л 5 сар байдаг. Бусад саруудад зааланд хичээл ордог. Little Kickers хөтөлбөрийн давуу тал нь заавал стандарт талбай шаарддаггүй. Жишээ нь Англид хэрэгжиж буй хөтөлбөрийн хувьд сүм, гадаа талбай гэх мэт төрөл бүрийн газруудад зохион байгуулдаг. Хамгийн гол нь сургалтын үйл ажиллагааны аюулгүй байдлаа хангаад тоглох талбайдаа хүүхдийн тоогоо тааруулаад хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой байдгаараа онцлог. Манай хөтөлбөрийн хувьд цэцэрлэг, сургууль гэх мэт хүүхэд хөгжлийн байгууллагуудтай хамтран анги танхимд нь сургалтаа орох гэх мэтээр төрөл бүрээр зохион байгуулж болдог.

Одоогоор хэдэн салбартай үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ чанартай цаг зарцуулах энэ төрлийн сургалтын хөтөлбөрийг илүү олон болоосой гэж хүсэж байгаа байх. Цаашид хаана салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа вэ?

Яг одоо гурван салбартайгаар сургалтаа зохион байгуулж байна. Нарны хороолол, Яармаг, Khan Hills хотхонд үйл ажиллагаа явуулж байна. Мөн зуны хөтөлбөрүүд Bella Vista хотхон, Хүмүүн олон улсын сургууль, Амила цэцэрлэгийн гурван салбартай хамтарч үйл ажиллагаа явуулж байна. Албан ёсны дөрөв дэх салбараа хотын зүүн хэсэгт нээх төлөвлөгөөтэй байна. Зуны хувьд хүүхэд хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хотхон, зуслангийн газруудад хамтарч ажиллахад бүрэн нээлттэй байдаг.

Сургалтын үйл ажиллагааг чиглүүлж буй багш дасгалжуулагч нарын хувьд хэрхэн бэлтгэгдсэн байдаг вэ?

Дасгалжуулагчийг сонгож авах хоёр үндсэн хэсэг байдаг. Эхнийх нь танхимын буюу онолын сургалт. Энэ сургалтыг бид Канад улсаас онлайнаар авч багш нартаа хичээлийг ордог. Сургалтад суусны дараа багш нар шалгалт өгдөг. Жолооны сургалтад суугаад дүрэм болон дромын шалгалт өгдөгтэй яг л ижил гэсэн үг. Практик сургалтыг гуравдагч дасгалжуулагч чиглүүлээд багш нарт зааварчилгаа өгдөг. Үүнд хүүхэд болон эцэг эхчүүдтэй хэрхэн харилцаж байна, мэргэжлийн байдлаа хадгалж чадаж байна уу гэх мэтээр 1-10 оноогоор үнэлдэг. Дасгалжуулагчийн курс дууссаны дараа шалгалт өгөөд оноогоо албан ёсоор авч чадсан хүмүүс хөтөлбөрт багшлах эрхээ авдаг.

Үүний зэрэгцээ манай багш нар боловсрол болон спортын хосолмол ур чадварыг эзэмшсэн хүмүүс байдаг. Бага насны хүүхэдтэй харилцах дасгалжуулагч гэдэг утгаар бид эерэг харилцаа хандлагыг хамгийн түрүүнд чухалчилж багш нараа сонгодог. Өөрөөр хэлбэл little Kickers хөтөлбөрийн үндсэн зорилго, гол санааг ойлгодог багш нартай хамтарч ажилладаг гэсэн үг.

Төлбөрийн хувьд ямар байдаг вэ?

 Төлбөрийн хувьд нэг сарын 120 мянган төгрөг байдаг. Бид сард хэдэн төгрөгөөр кофе уудаг билээ гээд харьцуулаад бодохоор хүүхдэдээ өгч буй үнэ цэний хувьд маш боломжийн төлбөр гэж боддог.

Олон улсын хөтөлбөрийг Монголдоо хэрэгжүүлэхэд хамгийн их тулгамддаг саад бэрхшээл юу байдаг вэ?

Мэдээж олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхийн тулд ур чадвар бүхий баг бүрдүүлэхэд их сорилттой тулгарсан. Дасгалжуулагчид маань ур чадвартай байхаас гадна хүүхдэд хайртай, манай хөтөлбөрийн үнэт зүйлийг ойлгодог байх хэрэгтэй шүү дээ. Мөн, анхандаа суралцагчид маань хичээлдээ хоцорч ирэх гээд байх хандлагатай байдаг байсан ч хичээл нь үргэлж цагтаа эхлээд байхаар хоцрох нь буруу зүйл юм гэдгийг ойлгоод аав ээжийгээ шавдуулж хичээлдээ эрт ирдэг болсон гэх мэт бэрхшээлээсээ эргээд бяцхан давуу талуудыг олж авч байх жишээтэй. Үүнээс гадна манай эцэг эхчүүд төлбөрөө франчайзын системээс нэхэмжлэл ирэх тогтсон өдрөө төлөөд явдаг соёлд суралцсан нь бидэнд маш баярлууштай байгаа. Netflix-ийн төлбөрөө сар бүрийн 15-нд төлдөг гэдэг шиг, тогтчихсон өдөртэй болсон байдаг.

Хүүхдийн хөгжил боловсролын чиглэлээр ажиллаж буй хүний хувьд та эцэг эхчүүдэд хандан зөвлөгөө өгөхгүй юу?

7 хоногт нэг удаа 45 минутын хичээлд ирэхдээ эцэг эхчүүд маань хүүхдээ илүү сайн таньж мэддэг. Тухайлбал, таны хүүхэд манлайлагч байна уу, зарчимч байна уу, тактикч байна уу, шартай байна уу гэх мэт зан чанар,  нөгөө талаас үеийнхэнтэйгээ хэр нийгэмшиж байна, бусад хүнтэй яаж харьцаж байна гэх мэт төлөвшлийнх нь түвшинг ажиглах боломж олддог. Цаашдаа эндээс ажигласан давуу талуудыг нь дэмжиж хөгжүүлээд, харин сул талыг нь балчираас нь засаад явах нь маш зөв гэж бодож байгаа. Маш бага насанд нь ордог тул манай хичээлээс сурсан мэдлэг, чадвар, соёл зэрэг нь хүүхдүүдтэй насан туршид нь хамт байх юм. Нэмж хэлэхэд, спортоор хичээллэх нь тухайн хүүхдээс болон эргэн тойрных нь хүмүүсээс хичээл зүтгэл шаарддаг.  Иймд хүүхдүүд, эцэг эхчүүддээ тууштай байгаарай гэж зөвлөмөөр байна.

Ярилцсанд баярлалаа.

Танд ч бас баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022