Аялал зугаалгаар явахын өмнө аав ээжүүдийн заавал унших нийтлэл

Нялх, бага насны хүүхэдтэй гээд энэ жил аялал зугаалгаар явахаа хойшлуулж байгаа юм биш биз? Аяллын бэлтгэлээ сайн хийсэн байхад нялх хүүхэдтэй аялана гэдэг тийм ч бүтэшгүй зүйл биш. Аялал зугаалгын цаг ирж байгаатай холбогдуулан бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулан энэхүү зөвлөгөөг бэлтгэлээ. 

Аяллын төлөвлөгөө гаргаарай

Төлөвлөгөө гаргах нь таныг аяллын туршид тав тух алдуулахгүй байхад хамгийн чухал нөлөөтэй. Төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг бол хэднээс хэдний хооронд, хэдэн өдөр, ямар маршрутаар явахаа төлөвлөх. Үүнээс хамаарч аяллын бэлтгэлээ базаах тул төлөвлөгөөгөө заавал гаргаарай. Үүнд хэдэн өдөр, ямар маршрутаар, хаана буудаллаж амрах, хүүхдээ хэрхэн хооллох, очоод юу хийх гэх мэтээр нарийвчилсан төлөвлөгөө заавал гаргаарай. Үүнд цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан аяллаа төлөвлөх нь хамгийн чухал. Мөн хаана хаана зогсож, хүүхдээ хэрхэн хооллох, өөрсдөө цайлах газраа заавал төлөвлөөрэй.

Аюулгүй байдлаа хангах 

Хэрэв танай гэр бүл хувийн машинаар аялах гэж байгаа бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, аюулгүйн үзлэг оношлогоо хийлгэх нь чухал. Ямар нэг эвдрэл гэмтэл байгаа бол баталгаатай, найдвартай газраар засвар хийлгээрэй. Мөн замдаа ямар нэг байдлаар эвдрэл гэмтэл гарах үед хэрэг болох зүйлс, хүрз, олс, татлага, аюулгүйн гурвалжин тэмдэг зэргийг машиндаа заавал авч яваарай. Үүнээс гадна гар утсан дээр ажилладаг зам заагч буюу GPS (google map, what3 words гэх мэт) суулгахад илүүдэхгүй. Мөн хүүхдийн нас насанд тохирсон аюулгүйн суудлыг зааврын дагуу бэхэлж явах шаардлагатай. Хүүхдийг зориулалтын суудалд суулгаснаар тав тухтай байхаас гадна учирч болох эрсдэлээс сэргийлнэ. Мөн хүүхэд болон гэрийн тэжээмэл амьтныг ямар ч тохиолдолд машинд ганцааранг нь үлдээхгүй байхыг сануулж байна. 

Авч явах зүйлийн жагсаалт гаргах

Хүүхдээ аяллын туршид тав тух алдуулахгүй байхад анхаарч авч явах зүйлсийн жагсаалтыг заавал гаргаарай. Жагсаалт гаргаж бэлдвэл ямар нэг бухимдал үүсэхгүй мөн аяллын туршид шаардлагатай зүйлсийг орхигдуулахгүй бэлтгэлээ сайн базаахад тус болно. Ингэхдээ хүүхдийнхээ өдөр тутам хэрэглэдэг тос, тоглоом, нөмөрч унтдаг хөнжил, хэрэгсэл гэх мэтийг жагсаан бичээд үүнийхээ дагуу бэлтгэлээ хангаарай. Жишээ нь танай хүүхэд унтахдаа яг л нэг хөнжлөө нөмөрч унтдаг бол түүнийг нь аялалдаа ч мөн авч яваарай. Гэрээсээ хол байгаа юм чинь үүнийг орхичихъё гэж бодох хэрэггүй. Харин ч илүү их гэртээ байгаа мэт тав тухыг хүүхдэд бүрдүүлэх нь чухал юм. 

Хувцас/хэрэглэл

Хүүхдийн биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад болохгүй тав тухтай, тухайн өдрийн цаг агаарт нийцүүлэн хувцаслах хэрэгтэй. Дээл бол хөдөө, амралт зугаалгаар явж байх үед хамгийн тохиромжтой хувцас байдаг. Ялангуяа оройн сэрүүн орох цагт хүүхдэдээ болон өөрөө өмсөхөд маш тухтай. Мөн аялах өдөр хугацаанаас хамаарч хангалттай тооны хувцас, живх, хэрэглэлийг бэлдэх нь чухал. Өдөрт дор хаяж гурван удаа хувцасыг нь солино гэж төлөвлөөрэй. Мөн нартай, бороотой, хүйтэн, халуун аль ч үед хүүхдийнхээ тав тухыг алдуулахгүй байхыг бодолцож  нарны малгай, усны гутал, борооны цув энгэрэвч, оймс, гутал, тоглоом зэргийг бэлтгээрэй. 

Гарт ойр байлгах зүйлсээ нэг цүнхэнд багтаагаарай

Аялал бол амралт зугаалга боловч нэг талаасаа сахилга бат, эмх цэгцийг шаарддаг. Ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд бол тав тухтай сайхан аялал бүтээнэ гэдэг нэгэн том даваа байдаг. Жишээ нь та бүх ачаа саваа баглаж машиндаа байрлуулсны дараа хүүхдийнхээ усны савыг хамгийн доор байгаа цүнхэнд хийснээ санаж байна гээд төсөөл дөө…Тиймээс өдөр тутамдаа хамгийн их хэрэг болдог зүйлсээ нэг цүнхэнд хийгээд гартаа ойр байхаар машиндаа байрлуулаарай. Ингэснээр аяллын туршид хүүхдийн тань тав тух алдахгүй байхаас гадна төлөвлөгөөнийхөө дагуу зорьсон газраа хүрэхэд тус болно. Жишээ нь хүүхдийн живх, нойтон арчуур, хамар цэвэрлэгч, тоглоом, угж, усны аяга, 1-2 удаа солих хувцас, баттерей цэнэглэгч, ус, жигнэмэг гэх мэт замд явах үед хамгийн эхэнд хэрэг болж магадгүй гэсэн зүйлсээ гартаа ойр байлгаарай. 

Хоол хүнс 

Хэрэв хүүхэд тань хөхүүл бол хүүхдээ хөхөөр хооллох үедээ тээврийн хэрэгсэл буюу автомашин хөдөлгөөнд оролцож байх үед хөхүүлэхгүй байхыг сануулж байна. Энэ нь маш эрсдэлтэй бөгөөд хүүхэд зориулалтын суудалд сууж зорчих шаардлагатай. Тиймээс нэг бол хүүхдээ хөхүүлэх үедээ машинаа зогсоож  байгаад хөхүүлэх эсвэл сүүгээ урьдчилан сааж бэлтгэсэн байх хэрэгтэй. Ингэхдээ хөхний сүүний чанарыг муутгахгүй байхаар тусгай хөргүүрт хадгалах, халуун усанд бүлээтгэх зааврын дагуу сүүгээ халаах зэрэг зайлшгүй горимыг баримтлах нь чухал. Эсвэл хүүхэд тань нэмэлт сүүгээр хооллодог бол тохирох температурын ус болон нэмэлт сүүг гартаа ойр байхаар авч яваарай. Харин хүүхэд тань бор хоолонд орсон бол замын туршид хаана хэрхэн буудаллаж, ямар хоол хүнс өгөхөө төлөвлөгөөрэй. Мөн замд ойр зуур идэх хүүхдийн жигнэмэг, ус, шингэнийг бэлтгэх хэрэгтэй. Үүнээс гадна замдаа хоолны газраар үйлчлүүлэхээр бол аль болох өндөг, хиам, шарсан хуурсан гэх мэт хордлого өгөх, хурцдах эрсдэлтэй хүнснээс татгалзаж оронд нь жигнэж болгосон эсвэл шөлтэй хоолноос сонголтоо хийгээрэй. Мөн замд явахдаа хүүхдийнхээ шингэнийг ойр ойрхон нөхөж ус уулгах хэрэгтэйг санаарай. 

Технологийн бэлтгэл 

Гар утас, таблет, тоглоомыг нь хангалттай цэнэгтэй авч яваарай. Урт замын туршид тохирох хугацаагаар буюу 10-15 минут хүүхдээ саатуулж дуртай хүүхэлдэйг нь үзүүлэх шаардлага гарч магадгүй юм. Мөн гар чийдэн, дуу өсгөгч, баттерей цэнэглэгч, илүү баттерей зэрэг аяллын туршид хэрэг болох зүйлсээ цэнэглэж гарт ойр байхаар ачаагаа баглаарай. 

Аяллын эмийн сан  

Бага насны хүүхэдтэй гэрээсээ хол явах үед хэрэг болох эм, эмчилгээний бүтээгдэхүүнийг бэлтгэх нь чухал. Ялангуяа хүүхэд аяллын үеэр цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч халуун хүйтэн харшиж хоолой өвдөх нь түгээмэл байдаг тул үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй.  Жишээ нь өвчин намдаах эм, халуун бууруулах лаа (халуунд хайлахаас сэргийлэх),  халууны шил, гэдэсний эм, шархны лент, витамин с зэргийг бэлдэхээс гадна хүүхэд тань тусгай эм бэлдмэл хэрэглэх шаардлага гардаг бол түүнийг зайлшгүй бэлтгээрэй. 

Нойтон арчуур  

Нойтон арчуур буюу салфетка бол аяллын хамгийн том туслагч болдог. Гар арчих, хүүхдээ хуурайлах, арчиж, цэвэрлэх шаардлага гарах бүрт нойтон салфетка хэрэг болдог. Тиймээс бактер усгагчтай, хүүхдийн, энгийн гэсэн төрлүүдээс сонгон хангалттай хэмжээгээр нойтон салфетка авч яваарай. 

Гэнэтийн эрсдэлээс сэргийлэх

Бага насны хүүхэдтэй аялаж зугаалж байх үедээ дараах учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Жишээ нь усанд живэх, мориноос унах, наранд цохиулах, шавж, янз бүрийн амьтанд хатгуулах, харшил авах, хорт ургамал идэх гэх мэт тохиолдох эрсдэлтэй гэдгийг санаж хүүхдүүддээ урьдчилан сануулахыг зөвлөж байна. Мөн сүүлийн жилүүдэд хорт могойд хатгуулах тохиолдол их байгааг санаж хээр хөдөө явахдаа өндөр өвстэй газраар аль болох явахгүй байх. Ой мод, бут, хад асгатай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд өмсөх, бага насны хүүхдийг ганцаар үлдээхгүй байх, хүүхдийн тоглоом, тэрэг зэргийг үе үе шалгаж байх хэрэгтэй. 

Аялал бүхэн дурсамж бас туршлага байдаг. Сайхан аялал бүтээхийн тулд сайн бэлтгэл үүнээс ч илүү чухал шүү. 

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022