Уур бухимдлаа хянах тухай эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Уур уцаар бол хүний сэтгэл хөдлөлийн энгийн нэг хэлбэр. Хүн бүр л уурладаг. Гол нь уураа хянаж сурах нь хамгийн чухал. Эцэг эхчүүд уураа хянаж чадахгүй байх нь хүүхдийн тархи, сэтгэцийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Уурласан үедээ уур бухимдлаа хэрхэн хянах тухай дараах энгийн аргуудыг зөвлөж байна.

Хүн яагаад уурладаг вэ?

Уур бол хүний бие ямар нэг аюултай байдал мэдэрсэн үед бий болдог мэдрэмж юм. Уурласан үед адерналин ялгарч, биеийн булчин чангарч, зүрхний хэм болон цусны даралт ихэсдэг байна. Ингэснээр хүний нүүр болон гар халуун дүйгэх мэдрэмж төрөх нь бий. Маш их уур бухимдалтай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс нь эрүүл мэндийн байдлаасаа болж уур бухимдал ихтэй байх нь бий. Гэхдээ ихэнхдээ уур бухимдал нь тухайн хүний хувийн нөхцөл байдлаас шалтгаалан үүссэн байдаг.

Нийтлэг тохиолдолд тухайн хүн сэтгэл ханамжгүй байх, ямар нэг асуудалд санаа зовинох, өнгөрсөнд тохиолдсон сэтгэл сэвтээсэн дурсамж сэдрэх, тэвчээр алдрах зэрэг нь уурлах хүчин зүйл болж байдаг.

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд амархан уурлах нь нийтлэг. Үүнд гэр бүлийн байдал, ажил, нийгмийн харилцаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Ялангуяа маш их завгүй ачаалалтай, ядарсан үед хүүхдүүд тань хэлснээр чинь байхгүй зөрүүдлэх үед энэ бүхэн ихэвчлэн тохиолддог.

Эцэг эхчүүдийн уур хийлэнг хөдөлгөх бас нэгэн нийтлэг хүчин зүйл нь эхнэр нөхөр хоёр аль нэг нь бие биедээ туслахгүй байгаа мэт мэдрэмж төрөх, хүүхэд хэлснээр үгэнд орохгүй байх, санхүүгийн байдал болон хоорондын харилцаа зэрэг нь уур уцаартай байхад нөлөөлдөг.

Уур уцаар хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Уурладаггүй хүн гэж байхгүй харин түүнийгээ хэрхэн хянах нь л чухал юм. Та уурласан үедээ гүн амьсгаа аваад, тайвширсныхаа дараа хүүхэдтэйгээ харилцах хэрэгтэй. Эсрэгээрээ та уур бухимдлын хяналтаа алдах нь хүүхдэд маш их сөрөг нөлөө үзүүлдэг.  

Томчууд ууртай байх үед хүүхдүүд ихэвчлэн бурууг өөр дээрээ хүлээж авдаг. Энэ нь тэднийг стресстүүлж улмаар өсөж хөгжиж буй тархины хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг. Уур уцаартай гэр оронд өссөн хүүхэд хожим нь сэтгэцийн өвчлөлд өртөх эрсдэлтэй байдаг.

Үгийн муухайгаар хүүхдээ хэлж зэмлэх нь тэдэнд өөрийгөө муу, ямар ч үнэ цэнэгүй хүүхэд гэсэн мэдрэмж төрүүлдэг. Энэ нь улмаар хүүхдийг сул дорой, бие махбодийн хувьд өвчтэй болоход нөлөөлдөг. Уур уцаартай, стресстэй эцэг эхийн дэргэд байдаг хүүхдүүдийн анхаарал төвлөрөл муу, бусад хүүхдүүдтэй тоглоход хэцүү, дуугаа хураасан, айдастай эсвэл бүдүүлэг, зөрүүд мөн унтах үеийн стресстэй байх зэрэг ажиглагдана.

Хүүхэд ямар ч буруу зүйл хийсэн, уурыг тань яаж ч хүргэсэн бай хэзээ ч бие махбодийн хувьд зодож шийтгэж болохгүй. Судалгаагаар бие махбодийн зодуур, шийтгэл амсаж байсан хүүхэд хожим нь өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур, харгис, бүдүүлэг, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, сөрөг харилцаанд орох эрсдэлтэй байдаг гэсэн судалгааны үр дүн байдаг.  

Уурласан үедээ хүүхдийг цохих, түлхэх, өшиглөх, угзрах, сэгсрэх зэрэг ямар ч байдлаар гар хүрч болохгүй ба энэ нь хүүхдийг ноцтой гэмтээх улмаар амь насыг нь эрсдэлд оруулах аюултайг үргэлж санаарай.

Өөрийн мэдрэмжтэйгээ харьцах нь

Уурлах мэдрэмж нь ихэвлэн санаа зовнил, сэтгэл гутрал, сэтгэл ханамжгүй байдал, айдас, ичих, урам хугарах, өвдөлт, айдас зэргээс үүдэн бий болдог илрэл юм. Уураа хянах үедээ эдгээр мэдрэмжүүдээс аль нь болохыг эхлээд тодорхойл. Ингэхийн тулд эхлээд юунаас болоод, яагаад уурлаж байгаагаа өөрөө ойлгох хэрэгтэй. Өөрийг тань уурлуулаад буй сөрөг мэдрэмж юунаас үүдэлтэйг ойлгочихвол уураа хянахад хялбар болно.

Сөрөг бодлоо тодорхойлж “Өөрөөс минь өөр хэн ч надад тус болж чадахгүй” эсвэл “Иймхэн зүйлд яагаад уурлаж байгаа юм бэ” гэх мэтээр өөртэйгээ ярилцах замаар өөрийгөө тайвшруулах аргыг хэрэглээрэй.

Уурлаж байгаагаа тодорхойлсноор та хяналтаа алдаж хэтрүүлэн уурлахаас сэргийлнэ. Тиймээс дараах шинж тэмдгүүд танд илэрч байгаа эсэхийг хянаж байгаарай.

  • Зүрхний цохилт болон амьсгал түргэсэх
  • Мөр чангарах
  • Эрүү эсвэл гараа чангалах
  • Хөлрөх
  • Сэтгэл түгшүүртэй болох

Хэрэв дээрх шинж тэмдэг таньд ажиглагдвал

  • Гүнзгий амьсгаа авч удаанаар зөөлөн гаргаж амьсгалын дасгал хийгээрэй.
  • Тухайн орчин, өрөөг түр орхиж тайван чимээгүй орчинд тайвширтлаа хэсэг тэндээ бай.
  • Гадаа гарч алхах
  • Шүршүүрт орох
  • Намуухан хөгжим сонсох зэрэг тайвшрах энгийн аргуудыг хэрэглээрэй.

Эдгээр аргуудыг та уурласан үедээ хэрэгжүүлж чадвал  хүүхэд тань уурласан үед танаас айж эмээх биш өөрийгөө буруу зүйл хийсэн байна гэдгээ ойлгох сайн талтай юм.

Та тайвширсныхаа дараа хэсэг хугацааг эргэн бодож юунаас болж уурласан, хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн талаараа дахин нэг бодож үзээрэй. Энэ нь та дараагийн удаа илүү тайван хариу үйлдэл үзүүлэхэд тустай юм.  

Хэрэв та дээрх аргуудыг туршиж үзээд үр дүн өгөхгүй бол та мэргэжлийн сэтгэл зүйн эмчид хандан зөвлөгөө авахыг сануулж байна.

Эх сурвалж:

Australian and New Zealand Journal of Psychiatry (How many children in Australia are at risk of adult mental illness?)

Сэтгэгдэл бичих