Шинэхэн аав ээжүүдэд өгөх сэтгэл зүйн зөвлөгөө

Хүмүүний заяаг олж төрнө гэдэг зүүний сүвэгч дээр будаа тогтохтой адил ховор хувь завшаан хэмээдэг билээ. Тэрхүү хувь тохиолоор ирсэн бяцхан үрээ алаг хорвоод мэндлэх өдрийг шинэхэн аав, ээж та хоног тоолон догдлон сууна уу? Шинэхэн аав, ээж болох гэж буй та сэтгэл зүйгээ бэлдэх нь хамгийн чухал юм. 

Хүн бүхэн аав болж чадна харин жинхэнэ эрчүүд сайн эцэг болж чадна гэсэн үг байдаг. Үүнтэй адил бүсгүйчүүд ч бас жирэмсэн болоод, бяцхан үрээ тээж төрүүлээд шууд л сайн эх хүн болчихдоггүй. Бүх зүйл цаг хугацаатай бас олон даваа нугачаатай. Ялангуяа анхлан төрөгч ээжүүд, шинэхэн аавууд жинхэнэ эцэг, эх болоход тодорхой хэмжээгээр цаг хугацаа шаардлагатай болдог. Үүнийг аль аль тал нь хүлээн зөвшөөрч, харилцан бие биедээ туслах, ойлголцох нь хамгийн чухал юм. Жишээ нь саяхан дэгэж дэрвэж явсан бүсгүй хүн жирэмсэн боллоо, хүүхэд төрүүллээ гээд шуудхан л туршлагатай сайн ээж болчихгүй.

Бас идэр залуу эр хүн тэр дорхноо эв хавтай аав болчихгүй. Хүүхдээ хэрхэн хөхүүлэх, хуурайлах, өлгийдөх, тэврэх бүүвэйлэх зэрэг нь анх удаа аав ээж болж буй хэн бүхэнд амьдралын “шинэ хуудас” болдог. Тиймээс дөнгөж төрсөн эхнэртээ, аав болоод удаагүй эр нөхөртөө аль аль тал нь хүлээцтэй хандаж, аливаад арга эвээр, хамтын хүчээр даван туулахыг хичээгээрэй. 

Аз жаргалын хоёр зураасыг хараад баярлан догдолж алаг үртэйгээ уулзах өдөр ойртох тусам хувцас хэрэглэлээс илүүтэй сэтгэл санаагаа бэлдэх нь юу юунаас илүү чухал юм. Тиймээс ч ахмад буурлууд минь “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий”,  “хүнээр хүн хийх амаргүй” хэмээн  хэлцэж, сургадаг байжээ. 

Аав, ээж болно гэдэг амьдралд тохиох аз жаргал хэдий ч үргэлж бүх зүйл төсөөлж байсан шиг амар байдаггүй. Ялангуяа анхлан төрөгч ээжүүдэд төрөхийн хүндрэлээс эхлээд  хөхний толгой хагарах, оёдол эдгэхгүй хөндүүрлэх, сүү сайн орохгүй байх гэх мэт асуудлын зэрэгцээ хүүхдээ усанд оруулах, өлгийдөх хуурайлах, хувцаслах, заримдаа хүүхэд яасан нь мэдэгдэхгүй уйлагнах, гэдэс дүүрэх, цанх татах гээд асуудлууд ар араасаа хөвөрдөг. Дээр нь нэмээд төрсний дараах сэтгэл гутрал дааврын нөлөөгөөр үргэлжилж шинэхэн төрсөн ээжийн ааш зан өөрчлөгддөг. 

Энэ үед шинэхэн аавын асаргаа, хайр халамж эхнэр хүнд ихээр үгүйлэгддэг. Аавууд ээжийг хайрлаад халамжлаад л байвал ээжийн сэтгэл санаа өөдрөг байж тэр хэрээрээ хөхөнд сүү сайн орж хүүхэд ч эрүүл саруул хурдан өсч бойждог. Тиймээс шинэхэн аав ээж болох гэж буй хосууд хамтдаа ярилцаж, бие биендээ түшиг тулгуур болж чадвал сая жинхэнэ гэр бүл болж чаддаг гэсэн үг.

Амьдралд аав, ээж жамаараа болох хэдий ч арга эвээ олох гэж аль аль нь хичээж байгаа гэдгээ ойлгож, биенээ хүндэлж, асуудал гарахад харилцан ярилцаж байвал аяндаа бүх зүйл сайхан болно. 

Бүх шинэхэн аав ээжүүддээ, энхрий бяцхан үрсэд нь эрүүл энх, аз жаргал хүсье. 

Сэтгэгдэл бичих